Иран улс 2003 оноос атомын бөмбөг хийх талаар судалгаа явуулж эхэлсэн хэмээн Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагаас гаргасан илтгэлд өгүүлснийг ВВС дамжуулав. Тус агентлагийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар атомын бөмбөг хийхэд шаардлагатай бүх л төхөөрөмж, программ Иранд байгаа гэнэ. Түүнчлэн тус улс цөмийн нууц туршилт хийсэн, атомын бөмбөг хийх тусгай технологи нээсэн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
Израил улс Ираны цөмийн цогцолбор руу дайрахаар зэхэж байна гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гаднын хэвлэл үүдэд нийтлэгдсэн билээ. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагаас гаргасан уг илтгэлийг Ираны эрх баригчид барууны тагнуулчдын цуглуулсан ташаа мэдээлэлд үндэслэсэн, улс төрийн ашиг сонирхол дагуулсан хэмээн үзэж буй. Тус улсын Ерөнхийлөгч Махмуд Ахмединежад “Манайд цөмийн зэвсэг хэрэггүй.
Бид зөвхөн энхийн зорилгоор цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа” гэжээ. Түүнчлэн ОХУ-ын зарим компани Ираны цөмийн хөтөлбөрийг дэмжиж, лаборатори байгуулахад нь туслах гэж байна гэж илтгэлд дурдсан байна. Оросын тал үүнийг эсэргүүцэж, Тегерантай ямар ч хэлэлцээр хийгээгүй гэж мэдэгдлээ. АНУ Ираны эрх баригчдын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч магадгүйгээ анхааруулав.