ХБНГУ-ын алдарт дугуйчин, урлагаар бол дэлхийн оддын нэг Кийду Кунзе манай улсын баруун хязгаараас зүүнийг хүртэлх зайг дугуйгаар туулан аялахаар нийслэлд өчигдөр ирэв. Тэрбээр өнөөдөр Увс аймаг руу нисэж очин аяллаа хилийн зурвасаас албан ёсоор эхлүүлэх ажээ. Кунзе өдөрт 20 цаг дугуй жийж, 350- 400 зам явах бөгөөд энэ үзүүлэлтээр Гиннесийн дээд амжилтыг эвдэх төлөвлөгөөтэй юм байна. Энэхүү аяллыг БОАЖЯ, Зам, тээврийн хөгжлийн яам, Соёлын яам, УИХ-ын гишүүн, Герман-Монголын парламентын бүлгийн гишүүн Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва нар хамтран зохион байгуулж буй аж. Гүйцэтгэгч нь “Цолмон трэйвел” ХХК.
Засгийн газраас 2023, 2024 оныг “Монгол Улсад зочлох жил” болгон зарласантай холбогдуулан дотоодын аялал жуулчлалыг дэлхийд сурталчлах ажлын хүрээнд энэхүү алдарт дугуйчныг урьжээ. Зочин дугуйчнаар дамжуулан энэ чиглэлийн аялал жуулчлалын хөтөлбөрийг дэлхий нийтэд таниулах зорилготой юм байна.