Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл өчигдөр хуралджээ. Тус хурлаар Нийгмийн даатгалын сангаас олгодог оршуулгын тэтгэмж болон цэргийн алба хаагч нас барсан тохиолдолд ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг хоёр сая төгрөг болгох шийдвэр гаргасан байна. Ингэснээр тэтгэмж, оршуулгын зардлын хэмжээ хоёр дахин өсөж буй.
Түүнчлэн амьгүй донор болж эс, эд, эрхтнээ бусдад шилжүүлсэн хүний ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 3 500 000 төгрөг байхаар тогтоосон бөгөөд эдгээр шийдвэрийг ирэх оны нэгдүгээр сараас мөрдөх гэнэ. Тэтгэврийн насныхан болон нийгмийн даатгалыг 36 сараас доошгүй хугацаагаар төлөгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал оршуулгын тэтгэмж өгдөг. Харин үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас амь хохирвол шимтгэл төлсөн хугацаа харгалздаггүй. Мөн цэргийн алба хаагч, дайчилгаатай сургууль, цугларалтад оролцож байсан иргэд эндсэн тохиолдолд дээрх зардлыг олгодог аж.