Хэдэн жилийн өмнө эцэг нь өөрийнхөө залгамжлагчаар зарлаж байсан Сейф аль-Ислам Каддафи одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Түүнийг босогчидтой тулалдаж байгаад нас барсан ч гэлцэнэ. Ливийн хаа нэгтээ амьд байгаа, эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэхээр бэлтгэж байгаа гэж ч ярина. Өөрийнх нь хувьд саяхан эмгэнэлтэйгээр дууссан үйл явдлаас өмнө Сейф аль-Ислам ямархуу амьдарч байсныг хэсэг хугацаанд түүний гэргий нь байсан орос бүсгүй Надежда сэтгүүлчдэд ярьж байсан аж. ...Онгоц Ливийн нийслэл Триполид газардахад Надежда “Ээжээ, би Каддафитай суух юм шиг байна” хэмээн утсаар шивнэж байв. Гэтэл онгоцны шатнаас буухад нь хоёр залуу гараас нь барьж аваад гивлүүр өгч, машинд суулгав гэнэ. Гивлүүрийг Каддафийнхны гэрт очсон хойноо л тайлж. Төрийн тэргүүний өргөө онгоцны буудлын ойролцоо байв.
Хашаагаар тусгаарласан энэ газарт нэлээд олон сууц байна. Тэнд Муаммар Каддафи, түүний ах дүү нар сууна. Энд бас элдэв араатан амьтад байна. Байшинг нь тойроод арслангууд гүйлдэнэ. Сейфийн дүү Саади арслантай юмсанж. Тэгвэл өрхийн тэргүүнийд могой, аалз, тогос байхаас гадна аквариумуудад нь загас язганаж, усан санд нь матар сэлнэ. Муаммар Каддафи найз нөхдөө тэдэнтэй хамт усанд шумбахыг санал болгодог гэж ярьдаг байж. Надяг байлгаж байсан байшинд орос бүсгүй ер идээшдэгг үй байв. Ганцаар гэртээ эрх дураар байх боломж ер үгүй. Сейфийн найз нар нь гэх баахан хоолны савнууд босгыг нь элээнэ. Тэд бас зүгээр байхгүй архи ууна. Надягийн нөхрийн мөнгөөр хүүхэн хөлсөлж авчирна.
Өрөө тасалгаагаар нь нүцгэн шалдан сэлгүүцэж, өрөөнд нь загас наадуулна гээч. Өглөө босоод хоолны өрөө рүү орж ирэхэд арваад хүн аль хэдийнэ ширээг тойрон сууцгаасан байна. Миний найз нар миний шүтээн гэж Сейф хэлсэн болохоор ийм байдалтай эвлэрэхээс өөр аргагүй. Хадмуудаа хуриманд бэлтгэж байх завсар Надя сэтгэлийг нь бодоод онгон хальсаа сэргээлгэх мэс засал хийлгэхээр Парист очсон аж. Дараа нь лалын шашинд “оров”. Энэ нь тийм ч айхтар түвэгтэй юм биш байв. “Аллахаас өөр бурхан байхгүй. Мухаммед бол түүний зөнч нь” гэж хоёр гэрчлэгчийг байлцуулан ламд гурван удаа хэлээд л болоо. Хуриман дээр дуу ч дуулдагг үй, бүжиг ч хийдэгг үй. Харин таван өдөр зугаалжээ. Лалын шашны хатуу дэгийг ёсчлон сахина. Эхний хоёр өдрийг “эрчүүдийнх” гэх аж. Ийм үед ширээний ард Надя, хадам ээж хоёроос нь өөр эмэгтэй хүнгүй. Ливид “хуурай хуультай” ч архи ууцгаана. Ихэнхдээ коньяк хүртэнэ. Энэ мэт арга хэмжээнд эцэг Каддафи ер биечлэн оролцсонгүй. Баяр хүргэж мэндчилснийг нь бичлэгээр сонсгожээ.
Хүү, бэр хоёртоо тэрбээр ер гойд юм хүссэнгүй. Эрүүл байж, олон хүүхэдтэй болохыг ерөөсөн байлаа. Надя хадам аавтайгаа нэлээд хожуу танилцжээ. Муаммар Каддафийн очих дуртай цөл рүү Надя нөхөртэйгээ явсан байна. Тэнд очсоны маргааш өглөө нь Надя усанд орчихоод гараад иртэл Сейф гараас нь хөтлөн хажуу дахь оромж руу очжээ. Тэнд Ливийн удирдагч байж байв гэнэ. Тэрбээр дуугаралгүй бэр рүүгээ гараа сарвайсан аж. Албан ёсоор гэр бүл болмогц зангиа зүүсэн соёлтой, аятайхан залуугийн дүр төрхнөөс ул мөр ч үлдэлгүй алга болжээ. Сейф нууц амрагуудаа Надягаас нуух нь битгий хэл гэртээ байнга авчирна. Эхлээд Надя үүнд дургүйцэн хэл ам хийж, орилж хашгирч байснаа юуг ч өөрчилж чадахгүйгээ эрхг үй ойлгосон байна. Тэгээд нөхрөө эмчид байсгээд үзүүлж байхыг л хүсэхээс хэтрэхээ байж. Сейф найз нартайгаа нийлж олуул бэлгийн цэнгэл эдлэхээс буцахгүй. Тэр үйл явдлаа бас хальсанд буулгаж авна гээч.
Хоёр жилийн өмнө Сейф Украины гоо хүүхэн шалгаруулах уралдааныг ивээн тэтгэжээ. Тэгсэн чинь уралдаанд орсон бүсгүйчүүд шагналын тавцангаас буугаад л шууд Сейфийн хөнжил рүү үсрээд орцгоосон аж. Надягийн ярьснаар бол Муаммар Каддафи ч Оросоос аваачсан хүүхнүүдээр “үйлчлүүлэхээс” татгалздагг үй байж. Нэг удаа Надя нөхөртэйгээ сүрхий муудалцаад Крымд байсан ээж дээрээ оччихжээ. Тэр үе нь лалын шашинтнуудын ариун сар-Рамадантай давхацсан аж. Сейф утасдаад чамгүйгээр амьдарч чадахгүй нь л гээд байх юм гэнэ. Зөвхөн энгэр зөрүүлэхийг л хүсээд байгааг нь Надя гадарлалгүй яах вэ. Ариун сараар архи уух, зугаалж цэнгэхийг төдийгүй гэртээ гэргийгээсээ өөр эмэгтэй хүн оруулахыг хориглодог юм чинь. Надя Ливи рүү очсонгүй. Үүнээс хойш долоо хонож байтал Надягийн дүү нь Донецкоос утсаар ярьж, хүүг нь үл мэдэх хүмүүс хулгайлсан тухай дуулгажээ. Хүүг сүүлд нь эргүүлэн өгсөн аж. Тэгэхнээ Сейф ийм аргаар Надяг айлгах гэсэн хэрэг байж. Сейф Украинд олон танилтай байв. Надя хэсэг хугацааны дараа Ливид эргээд очжээ.
Нөхрөө нэлээн юм ухаарсан байх гэж бодсон уу, эсвэл нүд ирмэхийн зуур бий болсон их эдлэл хөрөнгөөс салах дургүй байсан ч байж мэднэ. Надя Ливид байхдаа гартаа мөнгө барьж үзээгүй гэнэ. Тэгвэл Сейф мөнгийг баруун солгойгүй цацна. Ямар сайндаа л Ливи орноор явахдаа унаж бай гэж Надяд “Бентли” (машин) авахыг санал болгож байх вэ. Тэгсэн хэрнээ зарц үйлчлэгч нартаа гол зогоохын төдий хөлс өгнө. Сейфийнд хоёр филиппин ажилладаг байж. Орж гарч холхисон олон хүний хоолыг бэлтгэх гэж тэр хоёр хар үүрээр босно. Бас цэвэрлэгээ хийнэ. Тэр ч бүү хэл бохир заваан ажил хийлгэнэ. Түүгээр ч барахгүй Сейф хөлөндөө иллэг хийхийг Надягаас шаардана. Одоо хүртэл Надя хадгалдаг нөхрийнх нь өгсөн ганц бэлэг байдаг нь эрдэнийн чулуун шигтгээтэй алтан ээмэг. 1.5 сая долларын үнэтэй эд. Сейфийн нэг найз нь “Миний хуримын ой болох гэж байна.
Надтай хамт дэлгүүр яваад бэлэг сонгож авахад туслаач гэж гэнэ. Дэлгүүр рүү явъя гэдэг нь “Милан руу нисье” гэсэн үг байв. Надеждагийн төрсөн өдрийг нэгэн удаа тэмдэглэхдээ Сейф хэдэн өдрийн хугацаагаар хөлсөлж авсан 20 украин хүүхэн авчирч байжээ. Нутгийн хүмүүстэйгээ уулзах нь Надяд сайхан байна гэж бодсон биз. Сейф яггүй боловсролтой хүн байв. Гурван ч сургууль төгссөний нэг нь Оксфорд. Тэгсэн хэрнээ хэний ч мэдээжийн юмыг жигтэйхэн их гайхна. Жишээ нь “Апокалипсис” гэдэг кино үзчихээд ихэд гайхаж байжээ. Эрт цагт энэ дэлхий дээр байсан овог аймгуудын тухай мань эр тэр киноноос л анх сонссон аж. Эцэг нь түүнийг Карл Марксын “Капитал”-аар хүмүүжүүлсэн юм байж. Ер нь энэ бүтээл Каддафийнхны ширээний ном байв. Сейф лалаас өөр шашныг үл тэвчинэ. Тэгж байтал Сейф, Надя хоёрын гэр бүлийн амьдрал ганхаж эхлэв. Гэхдээ лалын шашинтны хувьд Надя салах өргөдөл гаргаж болохгүй байлаа. Сейф болохоор ямарваа зөрчлийг гагцхүү хүчээр унтраахыг л илүүд үзнэ. Түүний нэг найз нь Надягийн дэргэд чармай нүцгэн явснаас нэг гэрийн хоёрын анхны томоохон хэрүүл үүсжээ.
Сейф авгайдаа сүрхий уурлаж цөлд долоо хоног байлгаж шийтгэсэн байна. Надя долоо хоног жолооч, тэмээ хоёртой л байсан гэдэг. Буцаад ирсэн чинь нөхрийн нь найз нар дэргэд нь хэтэрхий ичгүүргүй үйлдэл хийж доромжилсон тул Надя удалгүй хэнд ч хэлэлгүйгээр Москва руугаа зугтжээ. Ирээд хэд хонож байтал Орос дахь Ливийн ЭСЯ-наас хүн утасдаж “Та даруй Венад очиж Каддафитай эвлэрэх хэрэгтэй байна” гэжээ. Надя ч Сейфийг гэмшиж дээ гэж бодоод хүрээд очсон чинь бүх юм урьдын хэвээр байжээ. Тэд нэг зоогийн газар уулзсан байна. Сүүлдээ хоёул хэрэлдэж, Сейф хоёр ч удаа цохиод авчээ. Тэгээд юу болсныг бүү мэд, Надя ухаан алдчихаж. Эмнэлэгт ухаан орсон чинь ээж нь, Ливийн ЭСЯ-ны нэг хүнтэй дэргэд нь сууж байжээ. Тэр хүн Надяг эмнэлэгт аваачсанаас хойш салаагүй бөгөөд сэтгүүлчдийг хөөж явуулдаг гол үүрэгтэй байсан аж. Надя 47 хоног ухаангүй байжээ. Ёстой сохор азаар түүнийг амьд үлдсэн гэж эмч нар хэлсэн байна. Ливийн ЭСЯ-ны ажилтнууд болохоор Надяг мод руу авирч байгаад унахад нь Сейф амийг нь аварсан гэж сэтгүүлчдэд хэлээд байжээ. Үнэн хэрэг дээрээ бол Надяг зодоод, ухаан алдахаар нь Сейф 12 дугаар давхрын цонхоор шидчихсэн аж.
Надяг гадаа хэвтэж байхад нь эмч нар олсон байна. Сейф эрхбиш хүн юм гэсэндээ Надягийн эмчилгээний зардлыг төлсөн байна. Хэсэг хугацааны дараа Надя нөхрийнхөө зан байдлыг тунгааж үзэв гэнэ. Сейф архи жаахан уучихдаг, гэргийнхээ дэргэд харин мансууруулах бодис хэрэглэдэггүй хүн байв. Тэр хоёр хамт унтдагг үй байлаа. Гэрлээд удаагүй байхдаа нэг шөнө Сейф золтой л Надягийн багалзуурыг шахчихаагүй аж. Өглөө нь уучлалт хүсээд байсан ч энэ авираа дахиад л гаргажээ. Хамгийн дотно гэх найз руугаа хутга бариад дайрч байсан удаа ч бий. Уур нь хүрснээс нэг бар буудаад алчихаж байсан байна. Хүүхэд байхад нь эцгийнх нь амь насанд халдах гэж оролдох үеэр Сейфийн толгой гэмтэж байжээ. Бас дөрвөн настай байхад Нигерид түүний нүдэн дээр хүн алснаас сэтгэцэд нь нөлөөлжээ. Түүнээс хойш цус үзэж чадахаа байжээ. Жоомноос жигтэйхэн айна. Нэгэнтээ гэр бүлээрээ оройн хоолоо идэж байтал тэнд шавьж явж байж.
Сейф дүүтэйгээ хамт сандал дээрээ үсэрч гараад учиргүй муухай орилсон байна. Энэ гэрт Надяг ойлгодог, зовлонг нь хуваалцах гэж оролддог ганц хүн байсан нь Сейфийн ээж Сафия аж. ...Надя Венад эмчлүүлж байгаад Москвадаа ирэв. Ажилд ч оров. Тэгэхдээ ливи нөхрөөсөө харилцаагаа шууд тасалсангүй. Бэлгийн дур хүсэл нь оргилоод ирэхээрээ Сейф нь утасдаад эхэлнэ. Сүүлчийн удаа Сейф, Надя хоёр 2008 оны арванхоёрдугаар сард Москвад уулзжээ. Сейфийн байгаа зочид буудалд Надяг ирэхэд өрөөнөөс нь хоёр хүүхэн гараад гүйж байв. Каддафийн хүүхдүүд ер нь омогтой гэнэ. Мутассим гэдэг хүү нь гэргийгээ жирэмслээд долоон сар болсон байхад маш хэрцгий зодож байв. Хүүхэд нь дутуу гарчихсан аж.
Саади гэдэг хүүгийнх нь үерхэж байсан охины цогцсыг хэдэн жилийн өмнө тэнгисийн эргээс олсон байна. Тэр охин бас жирэмсэн, Надя тэр охиныг мэддэг байж. Тэрбээр өлсөж ядарсан ливи хүүхдүүдийг харахаараа тэдэн дээр очиж, мөнгө чихэр өгдөг байжээ. Дашрамд хэлэхэд Надя ч Сейфийн хүүхдийг тээж үзжээ. Жирэмслээд гурван сар болж байхдаа сууж явсан онгоцных нь нэг дугуй ажиллахаа больсноос осол болох шахаж, үр зулбасан аж...
Р.ЖАРГАЛАНТ