Төв аймгийн Заамар сумд ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Бүрдэл майнинг” компани хаягдал усны стандартаас хэтэрсэн, их хэмжээний бохир ус Туул голд удаа дараа нийлүүлж байсныг холбогдох мэргэжилтнүүд шалгалтаар тогтоосон. Улмаар Туул голын сав газрын захиргаанаас тус компанид сануулах арга хэмжээ аваад байсан юм. Тэгвэл БОАЖ-ын сайд “Бүрдэл майнинг”-ийн ус ашиглах зөвшөөрөл, гэрээг бүрмөсөн цуцлах үүргийг сав газрын захиргааны даргад өгснөөр эл шийдвэр өчигдөр хэрэгжлээ. Эл тушаалын хэрэгжилтэд дээрх захиргааны Усны нөөц, ус ашиглалтыг зохицуулах алба хяналт тавих юм байна. Тэрчлэн Усны тухай хуулийн дагуу лабораторийн шинжилгээнд үндэслэн тус компанид ус бохирдуулсны төлбөр ногдуулахаар болжээ.
Бэлтгэсэн Ж.Сувд