Нэг мод амьдралынхаа турш 38 сая төгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгч ялгаруулж, 75 сая төгрөгтэй тэнцэхүйц агаар цэвэршүүлэх үйлчилгээ үзүүлэн, 197 саяар хэм жигдэх усыг эргэлтэд оруулж, 190 сая төгрөгтэй дүйцэхүйц хөрс хамгаалдаг гэдэг. Тэрчлэн хүн 18 мод тарихад амьдралынхаа туршид амьсгалах агаараа эх дэлхийдээ буцаан өгдөг ч гэж ярьдаг. Эдгээр тоо мод хэмээх байгалийн онцгой “бүтээл” бидний оршин буй орчлон ертөнцөд ямар чухал үүрэг гүйцэтгэж, амьтай бүхэн өсөж үржих, урган төлжих үндэс болдгийг харуулж байна. Гэвч хүн бүр түүний ач холбогдол, үнэ цэнийг ижил түвшинд ойлгож, мэдэрдэггүй нь даанч харамсалтай. Байгальд өртэй юм шиг санаж, нэг боловч мод ургуулахын төлөө хөлсөө дуслуулан зүтгэдэг нэгэн байхад тарьсныг нь хайр найргүй хугачиж, сүйтгэдэг хүмүүс ч бий. Мод тарихыг хүүхэд өсгөхтэй адилтгаж, чин сэтгэлээсээ ач холбогдол өгдөг хүн байхад үүнийг юман чинээ боддоггүй хайнга нэгэн ч буй. Энэ удаагийн “Байгальд ээлтэй хүн” булангийн зочин бол тарьсан мод, бут бүрээ халуун сэтгэлээр давхар усалж торддог, урган төлжсөнийг нь хараад хүүхэд шиг хөөрөн баясдаг, бас хүмүүст ойн үнэ цэн, ач холбогдлыг таниулахыг, экологийн боловсрол олгохыг зорьдог нэгэн юм. Тэр бол “Энх мөнхийн байгаль” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Батбаяр.
Дээрх тооцооллын дагуу нэг мод байгальд 300 орчим сая төгрөгийн экологийн үйлчилгээ үзүүлдэг гэж үзвэл тэрбээр ирээдүйд гурван их наядын хөрөнгө оруулах хэмжээний ажлыг өнгөрсөн хугацаанд хийжээ. Хүн амьдралынхаа турш 18 мод тарихад байгалиас авснаа “нөхдөг” гэвэл энэ хүн үүргээ 500 дахин давуулан биелүүлжээ.
Баянхошууны Зүүнсалаанд байх түүний хашаанд өдгөө шинэс, агч, нарс, улиас, бургас, шар хуайс, хайлаас, монос зэрэг 10 гаруй төрлийн 10 000 орчим мод ургаж буй. Энэ бол зөвхөн ургасан, амьдрах аргаа нэгэнт олсон модны тоо. Байгаль, цаг уурын сорилт, шалгуурыг давж чадалгүй үхсэн нь ч цөөнгүй гэдгийг тэрбээр тодотгосон юм. Хамгийн хачирхалтай нь, өвс, ургамал жигдэрч, горхи, булаг хоржигнон, нялх, залуу мод нэгэнтэйгээ өрсөн ургаж байгаа энэ хашаа өмнө нь хэний ч тоож хардаггүй, хур хогтой газар байжээ. Ойн салбарт сурч мэдсэнээ хэрэгжүүлж, ногоон төгөл байгуулах хүсэл нь түүнийг тус газрыг цэвэрлэж, өөд нь татахад нөлөөлжээ. Тухайн газрыг анх авахад үл тоож, гайхширч байсан хүмүүс цэвэрлэснийх нь дараа бөөн хэл ам хийсэн гэдэг. Тэрбээр энэ тухай “Хог хаягдлыг нь цэвэрлэсний дараа их “юм” болсон. Зарим нь “Яахаараа ийм том газар олгодог юм бэ” гэж барьцсан. Нэлээд их хэмжээний хог хуримтлагдсан, хөрсний өнгөн хэсгийн бохирдолтой байлаа. Тэр болгоныг хүүхдүүдтэйгээ цэвэрлэсэн. Ойн төглийг ганц хүн эзэмшиж, үр шимийг нь хүртдэггүй. Ой өгөөжөө бүх хүнд ижил тэгш хүртээдэг. Тиймээс зөвхөн минийх, биднийх гэж өмчирхдөггүй” хэмээн ярьсан юм. Ойр хавийнх нь айлын хүмүүс, төрөл садан, танилууд нь тэдний хашаанд ирж салхилан, байгалийн сайхныг мэдэрдэг гэнэ. Мөн мод тарих хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад ч нээлтэй байдаг аж. АНУ-ын ЭСЯ, “Чинагийн Галсан” сан, “МИКА Монгол” зэрэг 20 гаруй байгууллагынхан тэнд нэрэмжит төглөө байгуулан, давхардсан тоогоор 2000 гаруй иргэн мод тарьжээ. Эдгээр байгууллагынхан ч тарьсан моддоо хүссэн үедээ эргэж тойрдог юм байна.
Мод, ус, ургамал, ан амьтан. Энэ бүгд шүтэлцээ, зохилдлоготой. Нэг нь нөгөөгийнхөө оршихуйн үндэс болж байдаг. Эл зүй тогтол тэдний хашаанд ч бий болжээ. Тухайн газарт мод, бут тарьж эхэлснээс хойш хулгана, зурам, туулай зэрэг олон амьтан үүрлэжээ. Саяхнаас хос ангир үзэгдэх болж. Мөн булаг оргилон ундарчээ. Хашааны эзэн энэ талаар “гайхуулан” ярихдаа “Хүнд хийе, болгоё гэсэн сэтгэл байхад бүтэхгүй зүйл үгүй. Байгаль дэлхий намайг харж үзэж, шагнаж байгаа нь энэ. Би эндхийг тохижуулж, элдэв барилга, байгууламж барихаас илүү байгалиар нь байлгаж, “ориг” төгөл бий болгохыг хүсдэг” гэсэн.
Ч.Батбаяр хэмээх энэ эрхэм Хялганатын ойн техникумыг мод бэлтгэлийн технологич мэргэжлээр 1980 онд төгсжээ. Модыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, технологийн зааврын дагуу огтолж, бэлтгэх мэргэжлийн ур чадварыг эзэмшсэн гэсэн үг. Тэрбээр энэ мэргэжлээрээ ойн салбарт 10 орчим жил ажиллаад, улс төрд “оржээ”. Гэсэн ч эзэмшсэн мэргэжил, сурч мэдсэн зүйлсийнхээ хэргийг гаргах хүсэл нь унтралгүй явсаар гавьяаныхаа амралтад гарахын өмнө буюу 2011 онд Зүүнсалаанд газар авч, 2013 оноос мод тарьж эхэлсэн байна. ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш Э.Батзаяа энэ үеэс түүнтэй гар нийлэн ажиллажээ.
Түүнийг мэргэжлээрээ ид ажиллаж байх үед “Нэг мод огтолбол оронд нь гурвыг нөхөж тарь” гэдэг зарчим үйлчилдэг байж. Энэ нь түүнд мод огтлох, бэлтгэх үндсэн ажлынхаа зэрэгцээ тарьж ургуулах эрдэмд суралцах боломж олгосон гэнэ.
“Энэ модыг уржнан тарьсан. Үүнийг өнгөрсөн жил суулгасан” хэмээн нэгд нэгэнгүй тоочиж, танилцуулах Ч.Батбаяраас цаашдынх нь төлөвлөгөөг асуухад “Энэ талбайг ойжуулж дууссан. Мод нэмж тарих зай талбай хомс. Цаашид бид Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хувь нэмэр оруулж, мод үржүүлгийн чиглэлээр ажиллах төлөвлөгөөтэй. Гэтэл бидэнд юу ч (хөрөнгө санхүү) алга. Ойн салбарт ойр хүний хувьд тэрбум мод тарих санаачилгатай холбоотой хэд хэдэн хуралд сууж, тодорхой асуудлуудыг дэвшүүлсэн. Даанч үгийг минь ойшоож, хүлээж авах хүн алга” гэв. Дээрх санаачилгыг хэрэгжүүлэхэд юунд анхаарах ёстой вэ гэхэд “1980-аад оны үед манай улсын нутаг дэвсгэрийн 15 хувийг ой эзэлж байсан. Гэтэл өнөөдөр найман хувь болж буураад буй. Үүнийг есөн хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн. Ойн салбар хэр зэрэг доройтсоныг энэ тооноос харж болно. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх далимд ойн салбараа сэргээнэ гэж ярьж байгаа. Энэ нь тийм ч амар зүйл биш. Ноднин ярьж байсан зүйлсээ өнөөдөр хэрэгжүүлж чадаагүй байна шүү дээ. Цаас яриад, бичиг баримттай л хөөцөлдөөд яваа харагдах юм.
Яг одоогийн нөхцөлд бол монголчуудад өөрсдийн нөөцөөр тэрбум мод тарих боломж алга. Тийм хэмэээний үр байхгүй. Сэтгэл байгаа ч нөөц алга. Сибириэс олон тооны мод авчирч тарина гэсэн яриа гарсан. Үүнийг зөв алхам гэж харж байгаа. Манай улсад тэрбум мод тарих үрийн нөөц байхгүй учраас эхний ээлжид ийм байдлаар шийдэх нь зүйтэй. Мод тарих байршлуудыг оновчтой тодорхойлох, тухайн газар нутгийн онцлогт тохирсон төрөл зүйлийг сонгож тарих зэрэгт онцгой анхаарах шаардлагатай” гэв.