Долдугаар сард манай орны зүүн болон говийн аймгуудын нутгаар агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ахиу байх төлөвтэй гэнэ. Гэнэтийн аадар бороо олон удаа орсноос үүдэн гол, мөрний усны түвшин эрс нэмэгдэх, богино хугацаанд үерлэх эрсдэл өндөр учир малчид, аялал зугаалгаар явж буй хүмүүсийг болзошгүй аюулаас болгоомжлуулав. Тэрчлэн наршихаас сэргийлэхийг онцгойлон санууллаа.
Ерөнхий төлөвөөр нь авч үзвэл сарын эхний 10 хоногт Монгол орны нийт нутгаар агаарын температур 1-2 градус дулаан байх бол хоёр, гурав дахьд нь дунджийн орчим, зарим хэсэгт 1-2 градусаар хүйтрэх гэнэ. Баяр наадмын үеэс буюу 10-наас хойш хур тунадас элбэгших төлөв ажиглагджээ.
Долдугаар сарын хур тунадасны нийлбэр хэмжээг олон жилийн дунджаар тооцоход Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн хойд, Төвийн зүүн хойд, Дорнодын зүүн, Архангайн ихэнх нутгаар 70-100, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсгээр 0-30, бусад хэсэгт 30-70 мм байдаг аж. Харин энэ жил Сэлэнгэ, Төв, Дорнод, Баянхонгорт орох хур тунадас энэ үзүүлэлтийг давж магадгүй байгааг цаг уурын байгууллагаас мэдээлэв.
Бэлтгэсэн Ж.Мишээл