Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэнтай ярилцлаа. Арван жилийн тухайд Хөгжим бүжгийн дунд сургуулийн бүжгийн ангийг төгссөн. УАДБЧ-аас ажлын гараагаа эхэлсэн. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн герман хэл, орчуулагчийн анги, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хуулийн ангийг төгссөн, багш, орчуулагч, эрхзүйч мэргэжилтэй тэрбээр Удирдлагын академид соёлын байгууллагын хүний нөөцийн удирдлага мэргэжлээр удирдахуйн ухааны магистр цол хамгаалсан юм. Өдгөө СУИС-д соёл судлал чиглэлээр докторын зэрэг горилон суралцаж буй. БНХАУ-ын Бээжин, ХБНГУ-ын Берлин хотод соёл, музейн чиглэлээр хөтөлбөрүүдэд хамрагдаж мэргэшсэн нэгэн.
Захирлын намтрыг зориуд дурдмаар санагдсан юм. Тэрбээр ямар нэгэн сонгуульд нэр дэвших гээгүй. Гагцхүү Чойжин ламын хэмээх, хотын төв цэгт байрлалтай, хосгүй үнэт үзмэрүүдтэй, гэхдээ халаалт ч үгүй, ажиллах нөхцөл тун хүнд уг сүм музейн үйл ажиллагаа, байшин барилгын болон газрынх нь бүрэн бүтэн байдлын төлөө хэдэн жилийн турш хэрхэн тэмцэж ирснийг нь мэдэхийн хувьд уйгагүй энэ бүсгүйтэй уншигчдаа танилцуулах гэсэн юм.
-Таныг одоогоос бараг 20-иод жилийн өмнө Уран зургийн галерейд менежер байхаас мэднэ. Уран зураг өөр. Энэ музейг удирдахад бурхны шашин чиглэлийн мэдлэг, мэдрэмж нэлээд шаарддаг байх. Та түүртэж байв уу?
-Тийм ээ, би 2006-2009 онд Уран зургийн галерейд менежер байсан. Германд суралцаад ирснийхээ дараа 2010 онд энэ музейн захирлаар томилогдсон юм. 114 жилийн өмнө байгуулсан сүм, хийдийг музей болгосон учраас энэ хэрмэн хашаанд тухайн үед ямар байсан, тэр чигээрээ өнөө хүрснээр онцлогтой. Халаалтгүйн улмаас хүйтэн. Анх дэглэснээрээ л байдаг, музейд байх ёстой сан хөмрөг гэх юмгүй учир шинэ үзэсгэлэн дэглэж хүмүүст үзүүлэх, анхаарлыг нь татах боломж хязгаарлагдмал. Энэ байдалтай холбоотойгоор ч юм уу намайг ажиллахаар ирэх үед “Энэ музей ажилладаг юм уу” гэж асуух нь элбэг байсан. Гадаа -25 байхад музейд -40 хэмтэй хүйт их хургасан байдаг. Хэдийгээр музей жилийн дөрвөн улиралд ажилладаг ч, гурван улиралд нь бараг үзэгчгүй байдаг байв. Хавар болж, байгаль дэлхий ногоороод ирэхээр үзэгчид, жуулчид нэмэгддэг. Музей гэхээсээ сүм, хийд гэдэг утгаар нь мөргөх гэж ирэх нь олонтоо. Яаж хүмүүсийг татах вэ, музей ажиллаж байгаа гэдгийг яаж мэдүүлэх вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлэхээс ажлаа эхэлсэн. Байгууллагаас гаргасан ном, товхимол, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл гэх юмгүй шахам, ялангуяа монгол, англи хэлээр юу ч үгүй байсан. Төсөв ч бага. Манай 20 ажилтан дундаа “Pentium-2” гэдэг хоёр компьютертой л байлаа. Хоёр гэр байдаг ч ашигладаггүй байв. Юуны өмнө ажиллах нөхцөлөө сайжруулахаар “дайрсан”.
-Яаж?
-Нэгэнт төсөв хаанаа ч хүрэхгүй юм чинь найз нөхөд, таньдаг хүмүүсээрээ дэмжүүлсэн. Сандал ч болов авчирч тавьсан. Бүх ажилтнаа компьютертой болгосон. Манай харуул гарын дүйтэй залуу байлаа. Түүгээрээ махир хөлтэй ширээ хийлгэж, хурлын ширээтэй болж байлаа. Тэр болгоныг дурдаад яах вэ. Дараагийн алхам бол музейнхээ талаар мэдээлэл түгээх. Үүний тулд ном, гарын авлага гаргах, танилцуулга хэвлүүлэх шаардлагатай болсон. Санаа байгаад зүтгэхэд болдог хойно, “Конрад Аденаур” сангийн гурван төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Музейн түүхэн номыг монгол, англи хэлээр гаргах, энд хадгалж буй хосгүй үнэт түүхэн 6000 гаруй бүтээлийн нэр, хаягийг цэгцлэх, энэ хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодруулж монгол, санскрит, төвд хэлэнд буулгах, мөн бүгдийг нь жигд хаягтай болгохыг зорьсон. Гуравдугаарх нь музейн үзмэрүүдийг 60 минутын турш монгол, англиар тайлбарлах аудио хөтөчтэй болох гэсэн зорилт байв. Аудио хөтчийг Монголын музейн түүхэнд анх удаа бид нэвтрүүлсэн. Эдгээр ажлыг богино хугацаанд амжуулах ёстой байлаа. Уран зургийн галерейгаас ирсэн, шашны чиглэлийн мэдээлэл, мэдлэг тааруу болохоор энд ажилладаг байсан хүмүүсээрээ ном бичүүлсэн юм. Дуусахад нь орчуулуулах боллоо. Гэтэл гацсан. Ном бичиж байсан туршлагатай хүн үгүй болохоор манайхан орчуулахад тун бэрх материал бэлдсэн байв. Германы талд төслийнхөө тайланг хугацаанд нь өгөх ёстой байдаг. Гэтэл орчуулга байдаггүй. Тэгэхээр нь ерөөсөө л өөрөө судалж ном болгоё гэж шийдсэн юм. Уншихыг бүгдийг нь уншив. Лам нар, түүхчид, урлахуйн ухааны мэргэжилтнүүдийг урьж байгаад бүгдийг яриуллаа. Хичээл заалгаж байгаа юм шиг л судалсан. Чойжин ламын сүм музей бол түүх, шашин, соёл, урлахуй гээд олон талаас нь авч үзэх судлагдахуун гэдгийг ойлголоо. Ингэж А-гаас нь эхэлж судалж ажилласан даа. Бидний гаргасан номыг уншсан хүн бүр ойлгох ёстой гэсэн өнцгөөс хандахдаа би өөрөө бүгдийг мэдэж байх ёстой гэж үзсэн. Ингэсний үр дүнд төслүүдээ амжилттай хэрэгжүүлсэн.
-Ямар ч байсан гараагаа сайн эхлүүлжээ.
-Хүмүүст үзүүлэх, уншуулах материалтай болж авмагцаа үзэгчдээ хүлээгээд суугаад байлгүй үйл ажиллагаагаа сайжруулах хүрээнд шинэ юм хийе гэж бодсон. Германд сурч байхдаа шөнийн музей үзэхэд маш таалагдсан юм. Европт хүмүүс яасан их аялдаг юм, ямар их юм үздэг юм бэ гэж бодож байлаа. Шөнө музей үзүүлэхэд үзэгч дүүрэн байхыг нь хараад гайхахын сацуу болох юм байна гэж бодож байлаа л даа. Музейнүүдийн хооронд автобус үнэ төлбөргүй үйлчилдэг нь ч таалагдсан. Хүмүүс нэг музей үзчихээд хоол идэж, дарс уух зэргээр амарч сууж байгаад дараагийнх руу нь явдаг. Тэнд үзэж, харснаа Уран зургийн галерейд байхдаа музейнхнийгээ цуглуулаад ярьж өглөө. Санаа байсан ч тухайн үед энэ ажлыг хэрэгжүүлж чадаагүй юм. Эндээ “Шөнийн музей” арга хэмжээгээ хийвэл яадаг юм бол гэж бодох болов. Үүний тулд юуны өмнө талбайн зүлгээ гоё болгох хэрэгтэй гэж үзээд туслах хүн, байгууллага хайж эхэллээ. Тэгэхэд “Занаду майнз” компанийн Рожер Пэрри гэж хүн туслахаар шийдсэнээ хэлсэн. Их ч юм хийж өгсөн. Ногоон байгууламжийг сайхан болгоход хэрэгтэй машин, төхөөрөмжөөр хангаж, усалгааны системтэй ч болгосон. Гадаадын хүн Монголын соёлын өвийг өөд татах үйлсэд хүчин зүтгэж байхад манай хамт олон түүнээс илүү сэтгэл, зүтгэлээр хандсанаар ажил сайхан бүтэж байлаа.
-Танай “Шөнийн музей” арга хэмжээг санаж байна. Анх “Хөсөгтөн” хамтлагтай хамтарсан шүү дээ.
-Тав хоногийн өмнө зарлачихаад цаг агаар битгий муудаасай гээд сууж байлаа. Бас л төсөв байхгүй юм чинь, өөрийг нь өөрөөр нь санхүүжүүлэхээр шийдэж хийсэн ажил. Гэтэл талд зассан театрт маань тоглолт үзнэ, бусад арга хэмжээг сонирхоно, оролцоно гээд 500 хүн тасалбар худалдаж аваад ирэхэд бид маш их баярласан. Зардлаа нөхөөд, улсад мөнгө тушаасан. Ингэж ногоон байгууламжаа аятайхан болгож, “Шөнийн музей” хөтөлбөртэй болсон юм. Гэтэл газрын асуудал босож ирсэн.
-Босож ирсэн гэдгийг юу гэж ойлгох вэ?
-Байгууллагынхаа бичиг баримттай танилцах явцад музейн газрын кадастрын зураг, гэрчилгээ гарч ирэхгүй байхаар нь ажилтнуудаасаа асуухад “Тийм юм байдаггүй” гэлээ. Гайхаад менежертээ “Байх ёстой, олоод ир” гэж явуулахад 609.7 ам метр хэмжээтэй газартай гэсэн бичиг авчирдаг юм байна. Тэгэхээр нь ер нь энэ хавийн газартай холбоотой ямар бичиг баримт байна гээд судлахад Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоол байна аа. Түүгээр зургаан байгууллагын хамгаалалтын бүсийг тогтоож, нийслэлийн Засаг даргад даалгасан ч хэрэгжилгүй, цаас болоод үлдчихэж. Музей кадастрын зураг, гэрчилгээгүй байснаас болоод дөрвөн булангаас нь хувийн байгууллагууд аваад, бүгд кадастрын зураг гаргуулаад, гэрчилгээ авчихсан байв. Гэтэл газар эзэмшигч, эзэн нь байх ёстой музей ердөө тиймхэн газартай болж таараад. Нэг өдөр манай харуул “Захирал аа, орой ажил тарсны дараа жийптэй хүмүүс ирээд “Энд нь ийм юм барина, тэнд нь тийм юм хийнэ” гээд манай хашааны урд төлөвлөөд байх юм” гэж хэлэв ээ. Тэр цагаас газраа олж авах ажил эхлүүлсэн. Товчхондоо 2010 оноос хойш “таван маргаан”-тай 13 жил явлаа. Үр дүнд нь алдсан бүх газраа буцааж авсан. Хүч тэнцвэргүй байдал үүссэн нөхцөлд манай хамт олон ихээхэн сэтгэл, зүтгэл гаргасан, сэтгэлзүйн хувьд ч маш их дарамттай байсан. Манайд өмгөөлөгчийн орон тоо үгүй учраас төлөөлж явах хүн байдаггүй. Шүүх хурлууд давхацдаг. Тухайн үед яамандаа энэ бүх байдлаа танилцуулаад хуулийн хэлтсээсээ өмгөөлөгч томилж явуулаач, эсвэл музейн төсөвт өмгөөлөгч ажиллуулах цалин суулгаж өгөөч гэж хүсдэг байлаа. Олон удаа хандсан. Яамны зүгээс шийдээгүй. Би ганцаараа хаанаа ч хүрэхгүй тохиолдол олон байсан. Энд үндсэн ажлаа хийгээд сууж байх хүн шүүхэд нэхэмжлэх хэрхэн зөв бичих вэ гээд, улаан нүдлээд сууж байдаг байлаа. Сүүлдээ арга мухардаад өмгөөллийн хувийн компаниудад хандсан юм. “Мөнгө байхгүй ээ, гэхдээ танайх нийгмийн хариуцлагынхаа хүрээнд соёлын өвөө авч үлдэхэд туслаач” гэж гуйдаг байлаа. Тэгэхэд З.Сүхбаатар захиралтай “Монгол өмгөөлөгч” хууль зүйн фирмийнхэн дэмжиж, туслахаар болсон. Захирал нь газрын асуудлаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ярьж байсныг минь сонссон хүн байв. “Таны юм биш, Монголын соёлын тухай асуудал учраас тусалъя, хамтдаа хөөцөлдөе” гэсэн. Түүнээс хойш энэ байгууллага тав, зургаан жилийн турш бидэнтэй хамтарч ажилласан. Анх ярьснаараа хамт амжилтад хүрч, музейнхээ газрыг бүрэн буцааж авсан. Засгийн газрын дээр дурдсан тогтоол ёсоор хоёр га газартай байх ёстой гээд тэмцчихсэн юм. Өнөөдөр Чойжин ламын сүм музей хоёр га газрын кадастрын зурагтай, гэрчилгээтэй болоод байна. Тэгэхээр соёлын энэ онцгой өвийг Монголынхоо ирээдүйг авч явах үр хойчид бүрэн бүтэн газартай нь өвлүүлэх боломжтой болсондоо манай хамт олон баяртай байгаа. 13 жил гэдэг их хугацаа юм билээ. Хувийн хэвшлийн том, том байгууллагынхантай газрын асуудлаар маргах гэдэг маш их хүч шаардсан, энерги барсан ажил байв. “Монгол өмгөөлөгч”-ийнхөн туслаагүй бол яах байсан бол. Ингээд бодохоор энэ хамт олонд соёлын өвөө дээдэлдэг нийт монголчуудынхаа өмнөөс талархаж явдаг. Музейн газрын асуудлаар салбарын удирдлага андуу ташаа мэдээлэл түгээснээс болж тэд маань нэг талаар гайхаж, нөгөө талаар гомдсон. Гэхдээ шударга, үнэн явдал ялдаг юм байна гэдгийг ойлгосон. Сүм музей маань хүчтэй догшин сахиустай. Бидний хамтын хүчин зүтгэлээс гадна сахиусуудын нөлөө байсан ч юм болов уу гэж боддог. Зүүдэнд хүртэл дараа нь хийх үйлдлийг хэн нэгэн хэлж өгөөд байх шиг санагдсан тохиолдол бий. Хувийн компанийнханд их ч хараалгасан даа (инээв). Манайхан болгоомжилж, намайг ажлаас тарахад зүг буруулж хүртэл гаргаж байсан удаатай. Дарамттай байсан. Одоо инээгээд ярьж байгаа болохоос тухайн үед уйлах өдөр олон байлаа.
-Чойжин лам гэж хэн юм бэ?
-Чойжин лам Лувсанхайдав бол Монгол Улсын төр, шашны тэргүүн байсан VIII Богдын төрсөн дүү юм. Хоёр настайдаа Монголд ирсэн. VIII Богд нь Төвдөөс ээжтэйгээ, ах дүү долуул ирсэн гэж түүхэн эх сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Ер нь тэр үед олон хүн ирсэн гэдэг. Лувсанхайдав багаасаа монгол хэл, бичигт суралцаж, эрдэм номтой хүү болжээ. VIII Богдын багш номун хан Балданчоймбол хаантанд “Танай дүү Лувсанхайдав их эрдэм номтой хүү болж өслөө. Одоо Чойжон болгоё. Чойжон буух ном эрдмийг сурлаа” гэхэд ёсоор болгоцгоосон юм билээ. Энэ хүн Төрийн чойжон байсны хувьд төрийн үйл хэрэгт их хувь нэмэр оруулсан. Богд хаан төрийг яаж төвшин авч явах, улс орноо гадны нөлөөллөөс хэрхэн авч үлдэх, тусгаар тогтнолоо яаж олж авах вэ гэх зэрэг чухал асуудлыг Чойжонгоосоо асуудаг байж. Чойжон буулгах гэдэг нь сахиусуудыг урин дуудахыг хэлдэг. Богд хаан үүнд их ач холбогдол өгдөг байсан учраас сард хоёроос гурван удаа ирдэг байжээ. Чойжон гэж хэлэх нь зөв юм.
-Өөрөөр хэлбэл VIII Богдод зөвлөдөг хүн байсан гэсэн үг үү?
-Тийм ээ. Одоо ч гэсэн Далай багшийн дэргэд Чойжон оршдог. Тухайн үед газар шинжээч лам нар Хүрээний хамгийн их мөстлөгтэй, догшин Чойжон буюу сахиус буулгаж болох газрыг сонгож сүм бариулсан юм билээ. Сонирхолтой нь бид 2017, 2018 онд эрсдэлийн нөлөөллийн судалгаа хийлгэхэд геофизик, инженерчлэлийн чиглэлийнхэн энэ хэрмэн хашаан дотор Улаанбаатар хотын хамгийн гол цэвдэг оршиж байгааг шинжлэх ухаанаар нотолсон.
-Тэгэхээр дээхнэ үеийн лам нар сайн мэддэг байжээ.
-Тийм. Энэ хэрмэн хашаанд “Улаан ном”-д багтсан хэд хэдэн төрлийн ургамал ургадаг гэж биологийн эрдэмтэд хэлж өгсөн. Сонин сайхан юм их бий, манай энд.
-Хэлмэгдүүлэлтийн үед үүнийг яаж устгачихаагүй юм бол?
-Хүрээний гол цэгт байдаг, хаанаас ч дүнхийн харагддаг энэ сүмийг яаж буулгуулалгүй, нураалгалгүй авч үлдсэн юм бол гэдэг үнэхээр сонин байгаа биз. 1938 онд Ерөнхий сайд А.Амар, маршал Х.Чойбалсан нар энэ сүмийг авч үлдэх ур ухааныг сийлсэн юм билээ. Сүмийн үйл ажиллагааг хаагаад, үүнийг үзэсгэлэн, судалгааны чиглэлээр авч үлдэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан түүхтэй.
-Таны докторын зэрэг горилон судалж байгаа сэдвийг сонирхмоор санагдлаа.
-Дурсгалт барилгатай газарт ажиллаж, орчинд нь олон жил “чанагдаж” яваа, тулгамдсан асуудал байгааг харж, мэдэрдгийн хувьд шинжлэх ухааны талаас нь ч гэсэн, практик талаас нь ч болов судалж, өмнө нь ямар байсан юм, одоо ямар байна, ирээдүйд яах хэрэгтэй вэ гэдгийг гаргаад ирвэл хэрэгтэй юм уу гэж бодсон.
Сүм музейгээ улам гоё болгох санаачилгыг минь “Өв эрдэнэ” төслийнхөө хүрээнд дэмжсэн Урлагийн зөвлөл, МСS группийнхэн болон “Шилэн хийц” компанийнханд чин сэтгэлээсээ талархаж явдгаа энэ ташрамд дамжуулмаар байна.
Бэлтгэсэн Р.Оюунжаргал