Нигери улсын зүүн хойд хэсэгт орших Даматуру хотод хэд хэдэн удаа бөмбөг дэлбэрсний улмаас 100 гаруй хүн амиа алдсан тухай AFP уламжилжээ. Тус хотын Цагдаагийн газрын байрны дэргэд машинд нуусан бөмбөг дэлбэрсний дараа гэмт этгээдүүд хүмүүс рүү гал нээсэн гэнэ. Мөн хотоос холгүй орших цэргийн баазад ч бөмбөг дэлбэрч, олон хүний амь үрэгдсэн аж.
Түүнчлэн Дамартуругийн захын дүүргүүдэд орших Христийн шашны сүмд ч халдлага гарсан байна. “Нэг өдрийн дотор болсон энэ халдлагуудын улмаас 100 гаруй хүн амиа алдлаа. Шархадсан хүмүүсийн дотор хүүхдүүд ч байна. Энэ хэргийг “Боко Харам” террорист бүлэглэлийнхэн үйлдсэн байж магадгүй” хэмээн Даматуру хотын цагдаа нар мэдэгджээ. Дашрамд хэлэхэд, өнгөрсөн наймдугаар сарын 26-нд Нигерийн нийслэл Абужа хотод болсон халдлагын улмаас 24 хүн нас барсан билээ.
Х.ОД