Дундговь аймгийн Говь-Угтаал, Баянжаргалан сумын нутагт орших Их газрын чулуу ууланд тарвага сэргээн нутагшуулах ажлыг БОАЖЯ, Хустайн байгалийн цогцолборт газрынхан амьтан хамгааллын мэргэжлийн байгууллагуудтай хамтран 2019 оноос зохион байгууж эхэлсэн. Мэргэжилтнүүд эхний жил 30 тарвага нутагшуулсан бол энэ жил 50-ийг идээшүүлжээ. Ирэх онд 20 тарвага нэмж нутагшуулах зорилт дэвшүүлсэн байна.
Их газрын чулуу нь нэгэн цагт тарвага элбэгтэй бүсэд тооцогддог байсан ч хууль бус агнуур, байгаль, цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр сүүлийн жилүүдэд “хулгар шар” үзэгдэхээ больжээ. ШУА-ийн Биологийн хүрээлэн, Их газрын чулууны байгалийн цогцолборт газрынхан 2019 онд тооллого, судалгаа хийхдээ тухайн бүсэд тарвага ховордсоныг тогтоож, сэргээн нутагшуулах шаардлагатай гэж үнэлсэн аж.