Ардын жүжигчин Э.Амартүвшин алдарт “Ла Скала” театрт суут Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголеттийн дүрд зургадугаар сарын 20, 23, 27, 30-нд болон долдугаар сарын 2-11-нд дөрөв, нийт найман удаа тоглох аж. Итали улсын Милан хот дахь тус театр уг дуурийг 28 жилийн дараа шинэ тавилтаар үзэгчдэд хүргэх гэж буй юм. Найруулагч нь дуурь, киноны нэрд гарсан уран бүтээлч Марио Мартон. Риголеттийн охин Жильдагийн дүрийг Америкийн сопрано, үүнд онцгой тоглодгоороо олон улсад танигдсан Надине Сьерра бүтээж байгаа гэнэ. Удирдаач нь итали маэстро Мишель Гамба. Тэрбээр Лондоны хатан хааны театрт урилгаар ажилладаг. Тоглолтын тасалбарыг өчигдрөөс худалдаж эхэлжээ.