Ажил хаана байна, төрд байна. Цалин багатай ч амьдралаа дээшлүүлэх боломж, “нүх, сүв”, “арга, эв” төрд байгааг хэн хүнгүй хэлдэг. Тиймдээ ч тэнд ажиллах сонирхолтой хүн олон байдаг болсон биз ээ. Өнөөдрийн байдлаар төрийн 4206 байгууллагад 205 011 албан хаагч ажиллаж байна. Үүнээс 21 мянга гаруй нь төрийн захиргааны, 45 899 нь тусгай, 4165 нь улс төрийн, 137 665 нь төрийн үйлчилгээний алба хашдаг. Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй 17 292 иргэн буй бол шалгалт өгч нөөцөд орсон нь 5484 аж. Нөөцөд буй хүмүүс ажиллах орон тоо гарахыг хүлээж байдаг. Гэтэл улс даяар төрийн албанд тэтгэвэрт гарсан нийт 6000 гаруй хүн ажиллаж буй юм
Тэдэн дунд хөдөлмөрлөх чадвараар залуучуудаас дутахгүй нь байхыг үгүйсгэхгүй ч “Яах гэж орон тоо бөглөж суудаг юм бол. Хэний хүн болоод ингэж сул цалин авдаг байна аа” гэж зүхэхээр нь таардаг нь ч нууц биш билээ. Урлагийн нэгэн байгууллагын маркетингийн албаны дарга байсан хүнээр жишээ татъя. Тэрбээр социализмын үед барилгын салбарт эдийн засагчаар ажиллаж байсан гэдэг. Тэтгэвэрт гарахаар нь тухайн үед төрд өндөр алба хашиж байсан дүү нь, байгууллагын дарга нутгийн хүндээ даатгаж ажилд оруулсан юм билээ. Урлагийн тухай ойлголт тааруу, мэдрэмж нь маруухан. Маркетингийн ухааны үнэр ч үгүй, ядаж байхад компьютер ажиллуулж чадахгүй. Ийм хүн нэлээд олон жил суудал бөглөсөн бөгөөд эцэст нь тэрбээр гадаадад амьдрахаар одсон. Үүнийг тухайн байгууллагын дарга нутгийн, төрд өндөр албан тушаал хашиж байсан найздаа барьсан бэлэг л гэж харж байлаа. Энэ мэт жишээ дээр дурдсан 6000 хүн дунд хэр олон байгаа бол. Төрийн ажлыг цалгардуулж, хүнд сурталд “нэмэр, хандив” нэмж, бухимдал, чирэгдэл үүсгэж байдаг уу. Гэтэл ард нь төрд ажиллах чин хүсэлтэй, бүх шатны сургууль дүүргэж, улмаар удирдахуйн ухаанд суралцаж, шаардагдах гадаад хэл ч эзэмшсэн залуус хү¬ лээгээд байдаг. Энэ байдлыг хэрхэн зохицуулах ёстой юм бэ. Ямар хууль, журам байдаг вэ. Асуултыг Төрийн албаны зөвлөлд тавьсан юм. Тус зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан “Хоёр талтай асуудал л даа. Таны хэлдэгчлэн үнэхээр ард нь залуучууд хүлээж байдаг. Орон тоо бөглөөд байх юм, зайгаа тавиад өгөөсэй гэдэг ч байх. Гэтэл ингэж ярьж байгаа залуу¬ чууд хөдөлмөрийн талбарт гарахаар зарим тохиолдолд мэдлэг, ур чадвараар өнөөх чич¬ лүүлээд байгаа, ажлаа мэддэг ахмад хүний хаана нь ч хүрдэггүй. Залуус орон тоо хүлээж байдаг нь, төрд ажиллах чин эрмэлзэлтэй нь үнэн байлаа ч төрийн зорилт, чиг, үүрэг, түүний наана тухайн ажлын чиг үүргийг ч бүрэн хэрэгжүүлж ажиллах чадвар дутах, сэтгэлээсээ хандахгүй байх зэрэг сөрөг талтай нь ажиглагддаг. Тийм болохоор үнэнийг хэлэхэд миний хувьд төрд ахмад, дунд, залуу үеийнхнийг холимог байдлаар ажиллуулаасай гэж хүсдэг. Дан залуус болбол алдах, эндэх нь бий. Асуудалд хөнгөн гоомой ханддаг. Аль
болох тааваараа ажиллах гэдэг. Монголын нөхцөлд тэр юм уу, цаг баримталдаггүй. Үүрэг даалгавар өгөхөд гүйцэтгэдэггүй. Хийлээ гэхэд тухайлбал, интернэтэд буй үнэн, худал нь мэдэгдэхгүй, бодитой, эсэх нь тодорхойгүй мэдээллүүдийг эвлүүлээд материал бэлдлээ гэж ам хааж, ээлж өнгөрөөх гэдэг. Гэтэл ахмад ажилтнууд эсрэгээрээ аливаад чин сэтгэлээсээ ханддаг, хийдэг. Яагаад гэхээр тийм хэвшил, зуршилтай болчихсон. Энэ бол юутай ч харьцуулшгүй үнэ цэн юм. Асуудлыг нөгөө талаас нь харъя. Тэтгэврийн нас нь дөхөөд ирэхээр хөдөлмөрлөх идэвх нь буурчихсан хүмүүс байдаг. Ийм хүмүүсийг заавал насыг нь тултал ажиллуулах боломжгүй. Ингээд аваад үзэхээр ажилд томилж, чөлөөлөх эрх бүхий байгууллагын албан тушаалтан нь сүүлийн үед хаана, хаанаа ярьдаг болсончлон зөв хүнийг зөв ажилд нь зохистойгоор байршуулж чадаад байх юм бол хөдөлмөрийн бүтээмж өндөр байна. Ер нь амьдрал бүхнийг харуулдаг. Тэтгэврийн насаар шалтгаалж сайн ажилтнаа явуулчихаад мэдлэг, дадал, хандлага, зан үйлийг нь мэдэхгүй нэгнийг ажилд авлаа гэхэд харахад эрч хүчтэй байх ч, яг ажил хийлгэх гэхээр гараас нь юм гардаггүйн зовлон бий. Тэгэхээр томилж, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан төрийн зорилт, чиг, үүргийг хэрэгжүүлж чадахуйц хүнээ ажиллуулдаг байх нь зүйтэй юм. Хөдөлмөрийн тухай болон Төрийн албаны хуулиар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ийм насанд хүрэхээр хүний бүтээмж буурна, эрүүл мэндийн байдал нь ажил хийхэд нөлөөлнө гэдэг ч юм уу, цаг нөхцөөх шинжтэй болно ч гэж үздэг үү, тэтгэвэрт гарах насыг хуульчилсан байдаг. Энэ бүхнийг хүний нөөцийн төлөвлөлт, сонгон шалгаруулалтдаа тооцоолж, ажил гүйцэтгүү¬ лэх чадвартаа тулгуурлаж иргэнийг ажиллуулж чадах, эсэх нь ажилтныг томилж, чөлөөлөх эрх мэдэлтний чадвараас хамаарах болдог. Тэтгэврийн нас нь болсон ч бүтээмж өндөртэй хүмүүс байдаг. Жишээ олон. Төрийн албаны хуульд тэтгэврийн насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаар гэсэн хоёр зохицуулалт байдаг. Тэтгэврийн насанд хүрсэн гэдгийг Хөдөлмөрийн хуулийг баримталж ойлгоно гэж Төрийн албаны зөвлөл тайлбарладаг” гэлээ. Өнөөдөр манай улсад эрэгтэйчүүд 60, эмэгтэй бол 55, харин олон хүүхэд төрүүлсэн нь 50 насандаа тэтгэвэрт гарахаар ажлаас чөлөөлөгдөх эрх нь нээлттэй. Гэсэн ч төрийн захиргааны ажил эрхэлж буй 60 нас хүрсэн эрэгтэй “Эрүүл мэнд сайн, ажил гүйцэтгэх чадвар боломжийн, туршлагатай, төрийн албыг цалгардуулахгүй ажиллах хүсэл эрмэлзэл хэвээр тул намайг үргэлжүүлэн ажиллуулаач” гэж байгууллагадаа өргөдөл өгч болдог байна. Байгууллага нь өргөдлийг хүлээж аваад үнэхээр тухайн хүний эрүүл мэнд, хөдөлмөрийн бүтээмж, ур чадвар сайн байх аваас 65 нас хүртэл нь ажиллуулах боломж хуулиар нээлттэй. Зарим байгууллагад 65 бүү хэл, 80 настай хүн ажилладаг ч энэ нь түгээмэл үзэгдэл биш. Албан тушаалтан өргөдөл өгсөн ч тухайн хүнийг ажиллуулах боломжгүй гэж үзвэл захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлөх эрхтэй. Төрийн захиргааны албыг олон жил хашсан зарим хүнтэй санал солилцоход “Тэтгэврийн насанд хүрсэн хүмүүсийн олонх нь ухрах араагаа татчихсан байдаг юм. Олон жилийн ажиглалтаас ямар ч байгууллагын ажиллагсдын 20 хувь нь тухайн байгууллагыг чирч явдаг. 20 хувь нь юу ч хийдэггүй. Тэд бол арын хаалгаар орж ирсэн нөхөд байдаг. Тэднийг хэн ч ажлаас халж чадахгүй. 60 орчим хувь нь бол тээнэгэлзсэн, эргэлзсэн хүмүүс байдаг. Ажлыг урсгалаар нь явуулдаг. Санаачлахгүй, идэвх чармайлт гаргахгүй. Энэ дунд чимээгүйхэн ажил хийсэн болж, цаг нөхцөөн, цалин авч суух сонирхолтой тэтгэврийн насныхан бий. Тэгэхээр хуулийн хүрээнд тэтгэвэрт гарах нас нь болсон л бол хэнийг ч байсан ажлаас чөлөөлөх нь зөв. Үнэхээр ур чадвартай, орлуулшгүй чухал хүмүүс үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой бол, байгууллага нь ч дуртай байх аваас хөдөлмөрийн гэрээ ч юм уу, өөр зохицуулалтаар байлгаж болно. Түүнээс биш үндсэн ажилтны орон тоог олон жил бөглүүлж суулгах нь зохисгүй. Залуус мэдлэг, чадвараар дутмаг гэж байна. Тийм байж болно. Сургаж, дадлагажуулж авахыг урьтал болгох хэрэгтэй. Хэрвээ заахад богино хугацаанд сурахгүй байвал үтэр түргэн явуулж, оронд нь өөр хүн авах хэрэгтэй” гэж байлаа. Үнэхээр тэтгэврийн насныхнаар залуусын ажиллах, бүтээх боломжийг хязгаарлуулж байх хэрэг байна уу. Хөдөлмөрийн тухай болон Төрийн албаны тухай хуульд заасанчлан тэтгэвэр тогтоолгох насыг хаана, хаанаа баримталж, иргэдийг зохих хугацаанд тэтгэвэрт нь гаргаж байвал байгууллагын ч, төрийн ч хү¬ ний нөөцийн бодлого, хөдөлмөрийн бүтээмжид ахиц дэвшил гарах бус уу.
Бэлтгэсэн: Ж.Гэрэл