Улсын дээд шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн тодорхой зүйл, заалтыг тайлбарлалаа. Уг тайлбарыг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тайлбарлах тухай
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн /цаашид “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн гэх/ 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн хүний эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан журмаар өршөөн хэлтрүүлэх эсэх асуудлыг шат шатны шүүх өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж, өршөөн хэлтрүүлсэн, эсхүл өршөөлд хамааруулахгүй шийдвэрлэсний улмаас шүүхийн практикт хууль хэрэглээний зөрүүтэй байдал үүссэн нь анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрүүдээр илэрсэн байна. Тухайлбал, Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2021 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 282 болон 285 дугаар тогтоолоор шүүгдэгч К.С, Б.Н нарт анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн бол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2021 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор шүүгдэгч Г.Н-д анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамааруулахгүйгээр зөрүүтэй шийдвэрлэжээ.
Иймд хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор шүүхийн шийдвэр, практикт үндэслэн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах хэрэгцээ, шаардлага үүссэн, энэ талаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас гаргасан саналыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж, тайлбарын цар хүрээ, тайлбар гаргах арга зүйг зөвшөөрсөн бөгөөд “Өршөөл үзүүлэх тухай” хууль болон хуулийн төслийн танилцуулга, үзэл баримтлал, уг хуулийн төслийг хэлэлцсэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Хууль зүйн байнгын хорооны хуралдааны тэмдэглэл, “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг хэрэглэсэн шүүхийн шийдвэрүүдэд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс хийсэн судалгааны дүнг харьцуулан шинжилж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдов.
- Хууль тогтоогч “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж өршөөлд хамрагдах болон хамааруулахгүй гэмт хэргийг тодорхой заажээ.
- “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг бүхэлд нь өршөөн хэлтрүүлэхгүйгээр ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн хэсгийг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж эдлүүлэхээр заахдаа уг зохицуулалтын зорилгыг “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор” гэж нарийвчлан тодорхойлсон байна.
- Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн Гуравдугаар бүлгийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3 дахь хэсэгт тусгайлан зааснаас гадна урьд нь гэмт хэрэг үйлдэж, 1991-2015 оны хооронд батлагдсан 6 удаагийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн аль нэгэнд хамрагдан хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй болохыг уг хуулийн Нэгдүгээр бүлгийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт хуульчилжээ.
Ийнхүү хууль тогтоогч “Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ, хэмжээ”-г тодорхойлсон 4 дүгээр зүйл /Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх/ болон 5 дугаар зүйл /Зарим хугацаа болон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох/-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг…” гэсэн
хууль зүйн техник ашиглахдаа дээрх зүйлүүдэд заасан өршөөлд хамаарахгүй зарим гэмт хэргийг уг хуулийн Гуравдугаар бүлэг /Өршөөлд хамааруулахгүй нөхцөл/-т давхар зохицуулаагүй орхигдуулсан нь шүүхийн практикт ойлгомжгүй байдлыг бий болгосон. Өөрөөр хэлбэл, “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсгээр хориглоогүй боловч 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн хүний эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг уг хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй эсэх талаар хууль зүйн маргаан үүсэж, хууль хэрэглээний зөрүүтээ байдал үүссэн байна.
Дээр дурдсан нөхцөл байдлыг үндэслэн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэдэгт уг хуулийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн хүний эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхийг багтаан ойлгож хэрэглэх эсэх талаар албан ёсны тайлбар гаргах хэрэгцээ, шаардлага бодитой үүссэн болно.
“Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн хүний эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг уг хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй эсэхийг хууль тогтоогчийн санаа зорилго болон системчлэн тайлбарлах аргад тулгуурлан дүгнэлт хийвэл холбогдох хэм хэмжээний агуулгыг тодорхойлох боломжтой юм.
Монгол Улсын Их Хурлаас “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг батлан гаргахдаа хуулийн зорилтыг “Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой
холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн тодорхойлж, улмаар уг хуулийн Хоёрдугаар бүлэгт “Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ, хэмжээ”-г хуульчлахдаа өршөөлд хамаарах гэмт хэргийг “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг” гэж тодотгон заасан нь хуулийг хэлэлцэн батлах үед хууль тогтоогчийн баримталсан хүсэл зориг мөн болох нь хуулийн төслийг хэлэлцсэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Хууль зүйн байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсоноос гадна энэхүү хууль тогтоогчийн үзэл санаа хуулийн төслийн танилцуулга, үзэл баримтлалд тусгагдсан байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн төслийн үзэл баримтлалд “…ФАТФ-ын зөвлөмжийн 3, 5, 35 болон шууд хэрэгжилтийн 7-д нийцүүлэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, хүрээлэн байгаа орчны эсрэг зэрэг гэмт хэргүүдийг өршөөлд хамааруулахгүй байхаар тусгана” хэмээн заасныг уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг” гэж хуульчилж, өршөөлд хамаарах болон хамаарахгүй гэмт хэргийг ялган тодорхойлжээ. Харин хууль тогтоогч хууль батлан гаргах үеийн нөхцөл байдал, нийгмийн хэрэгцээ шаардлагыг харгалзан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн зорилтод “…коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор … зарим гэмт хэрэг … үйлдсэн хүний ялыг … өөр төрлийн ялаар солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн тодорхойлсон нь уг хуулийн 7 дугаар зүйл “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” гэсэн хэм хэмжээгээр хэлбэржсэн байна. Өөрөөр хэлбэл, хорих ангид ял эдэлж буй ялтны бөөгнөрлийг сааруулах замаар коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүний эдлээгүй үлдсэн ялыг бүхэлд нь өршөөн хэлтрүүлэхгүйгээр, зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж эдлүүлэхээр зохицуулсан нь тухайн гэмт хэрэгт хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн бусад хүний ялыг “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлд заасан журмаар өршөөн хэлтрүүлэх утга санааг агуулаагүй бөгөөд ийм тухайлсан зохицуулалт уг хуульд байхгүй болно.
Эрүүгийн эрх зүйн хууль ёсны зарчмын хувьд авч үзвэл “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн хэм хэмжээний утга санааг агуулгаас нь дэлгэрүүлэн тайлбарлаж, төсөөтэй хэрэглэж болохгүй. “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамаарах болон хамаарахгүй гэмт хэргийг 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг” гэж ялган хуульчилсныг уг хуулийн зорилт, хууль тогтоогчийн үзэл баримтлал, хуулийн зохицуулах зүйлийн хэмжээ, хязгаарыг тогтоосон бусад хэм хэмжээтэй харьцуулан системчилж үзэхэд уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн хүний эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг уг хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өршөөн хэлтрүүлэх агуулгагүй байна. Иймд “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “… бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэдэгт уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасан гэмт хэрэг үйлдэж хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн хүн хамаарахгүй гэж ойлгох нь зүйтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.4-т заасныг удирдлага болгон “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “… бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэснийг
ТАЙЛБАРЛАХ нь:
1.“Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасан гэмт хэрэг үйлдэж хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн хүний эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан журмаар өршөөлд хамааруулахгүй гэж ойлгон хэрэглэнэ.