Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын эргэн тойронд эмзэг асуудал олон. Салбарынхны харилцаа, хандлага, мэдлэг боловсрол, ур чадварын зэрэгцээ тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, ачаалал, барилга байгууламж, тоног төхөөрөмж, эм хангамж, цэвэрлэгээ, ариутгал гэхчлэн хөндөх сэдэв өргөн. Юуны түрүүнд өнөөх хэдэн эмч, ажилтан руу дайрч, ёс зүйгүйг нь гайхаж, эмнэлгийн орчин нөхцөлийг сайжруулах хэрэгтэй гэж дуугарах нь хэвшсэн түгээмэл хандлага. Энэ нь өнөөдрийн халуун сэдэв мөн. Гэхдээ эрүүл мэндийн байгууллагуудын эргэн тойрон дахь эмзэг асуудлын өөр нэг өнцөг нь үйлчлүүлэгчидтэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, эмнэлгээр орж, гарч, тусламж, үйлчилгээ хүртэж байгаа иргэд, тэднийг дагалдаж яваа асран хамгаалагчдын харилцаа, хандлага, биеэ авч явах соёл, ухамсраас улбаатай асуудал, үүнээс үүдэлтэй хүндрэл өчнөөн байдаг талаар тэр бүр дуугардаггүй. Монголчууд бид хот суурин газарт амьдрах “дүрэмгүй” явж ирсэнтэйгээ адил эмнэлгээр үйлчлүүлэхдээ зоргоороо, тааваараа хандах зуршилтай. Аль ч шатлалын эмнэлэгт ийм дүр зургийг харж, мэдэрч болно. Хэд хоногийн өмнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны өрхийн эмнэлгийн тарианы өрөөнд хижээл настай эр гадуур хувцастайгаа орж ирэв. Хоёр хүн дусал тариа хийлгээд сууж байхад ямар ч зөвшөөрөлгүй орж ирээд, хүрмээ тайлж хаалганд өлгөх зууртаа чанга дуугаар ярьж сувилагч залуугийн анхаарлыг өөртөө татан элдэв зүйл асуух түүнд “Гадуур хувцастайгаа орж ирэх нь буруу, энэ бол эмнэлгийн ариун орчин” гэж хэлээд зад загнуулах нь тэр. “Чи өөрийн нөхрийг л захир. Миний гадуур хувцас чамд ямар гай болов” гэхчлэн учир зүйгүй аашилсан настнаас эмнэлгийнхэн “айв”. Түүний бурууг хэлэх нь байтугай эмчийн бичиг ч шаардсангүй. Өмнө нь үйлчлүүлсэн өвчтөнүүдээс эмчийн бичиг шаардаж, тийм зүйл байхгүй бол тариа хийхгүй гэж байсан юм.
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд өнгөрсөн долоо хоногт ийм нэг явдал болсон юм. Гадуур хувцастай, улавчгүй хүнийг нэвтрүүлэхгүй гэсэн эмнэлгийн туслах ажилчныг нэг бүсгүй үл тоомсорлон загнаж, хажуугаар нь зүтгэлээ. Тэгээд болоогүй “Чам мэтэд нь загнуулахгүй” гэж сэлбэлзэх. Үнэндээ бол үйлчлэгч эмэгтэй ажил үүргийнхээ дагуу шаардлага тавьсан болохоос загнаж, зандраагүй гэдгийг тэр хавьд байсан хүмүүс харсан. Гэсэн ч бүгд дуугарсангүй. Үг хэл, үйлдлээ цэгнэх, бусдыг хүндлэх тал дээр ямар ч ойлголт, ухамсаргүй, увайгүй зантай иймэрхүү хүмүүсээс болж эмнэлгийн орчин илүү бохирдох нь лавтай. Ажлаа хийсэнгүй гэж үйлчлэгч, өлгүүрийн ажилчид зэмлүүлж ч байгаа. Нөгөөтээгүүр, цар тахал бүрэн намжаагүй, эрсдэлтэй нөхцөлд эмнэлэг дотор гадуур хувцастайгаа явах нь халдвар тараах санаатай үйлдэл гэлтэй. Өнгөрсөн сарын ихэнх өдөрт ХСҮТ-өөр орж, гарах “ажилтай” байлаа. Тэнд очих бүртээ ажигласан нэг зүйл нь үйлчлүүлэгчдийн учруулж буй зохиомол ачаалал. “Хавдрын эмнэлгийн ачаалал хэрээс хэтэрлээ, хөл тавих зайгүй байна” гэж ярьсаар бараг улиг болсон. Гэсэн хэдий ч яг газар дээр нь очиж үзээгүй хүн тэндийн “бужигнаан”-ыг огт төсөөлдөггүй. Анх удаа үйлчлүүлсэн, очиж харсан хэн бүхэн толгой сэгсэрч галт тэрэгний буудал, барааны захтай зүйрлэх нь түгээмэл байдаг юм билээ. Үнэхээр “оволздог” газар л даа, бусад эмнэлгийг бодвол. Энэ нь ч учиртай. Хавдартай нэг өвчтөнийг 2-3 хүн дагаж явдаг “хуультай”. Тэгэхээс ч аргагүй. Ялангуяа хожуу үедээ оношлогдсон тохиолдолд гэр бүл, хамаатан садан, ах дүүс, найз нөхөд гээд хот, хөдөөгөөс ирсэн дагалдах хүний тоо нэмэгдэж, хагалгааны үеэр бол “десант” буудаг нь гарцаагүй үнэн. Хайртай, дотно нэгнийхээ төлөө эмнэлэгт очиж, сэтгэл зовнин зогсох хүмүүсийг буруутгах хэцүү. Гэвч тийнхүү бөөгнөрч, эмнэлгийн ачаалалд нэрмээс болж байгааг зөвтгөх бас аргагүй.
Хагас сарын өмнөх ганцхан жишээ дурдъя. ХСҮТ-д элэгний хорт хавдрын хагалгаанд орсон нэгэн настны ар гэрээс 20 гаруй хүн ирсэн байв. Гуравдугаар давхарт байрлах Мэс заслын тасаг руу нэвтрүүлэхгүй тул тэд нэгдүгээр давхарт, Яаралтай тусламжийн тасгийн үүд хэсгийн танхимд бүх сандлыг “эзэгнэжээ”. Сандал хүрэлцэхгүй тул зарим нь хана налж зогсон, зарим нь ийш тийш холхин эмнэлгээр үйлчлүүлэгчдийн хөдөлгөөнд багагүй саад учруулах аж. Түүнчлэн “эргэлтийн” хэд гадуур хувцсаа бөндийтөл боогоод энд тэнд тавьсан харагдана. Барагцаагаар хагас цагийн зайтай хэн нэгэн бууж ирээд өвчтөнийхөө биеийн байдал, хагалгааных нь талаар мэдээлэх аж. Мэдээлэгчийг явсны дараа “Хорт хавдар Монголд яагаад газар авав” зэргээр яриа өрнүүлэх хүмүүс заримдаа мэтгэлцэх, зөвлөлдөх маягтай дуу нь өндөрсөж, намсах жишээтэй. Тэр хавиар “ажилтай” байсан тул тэднийг ийнхүү ажиглан хоёр цаг орчим болсон юм. Яаралтай тусламжийн тасгийн зүүн талын зэргэлдээх өрөөний хаалган дээр “Сахиурын хувцас солих өрөө” гэсэн хаяг байна. Хүний хөл тасрах янзгүй. Нөгөө талд байх өөр нэг өрөөнөөс эмнэлгийн ажилтан залуу байсхийгээд тэргэнцэр дүүрэн хайрцагтай зүйл зөөж, орж, гарах аж. Бодвол эм, эмнэлгийн хэрэгсэл байх. Үүнээс гадна “эргэлтийнхэнд” эзлэгдсэн тэр коридороор дамжин бусад хэсэг рүү зорчих хүмүүсийн хөдөлгөөн үл тасарна. Эмнэлэг бол цэвэрлэгээ, ариутгал тасралтгүй хийж байдаг онцгой объект. Энэ утгаараа үйлчлэгч байсхийгээд чийгтэй цэвэрлэгээ хийж шал арчих нь нөгөөх “бөөгнөрлийг” бужигнуулж ийш тийш нь холхиулах шалтгаан болно. Энэ бүхнийг ийнхүү тоочсоны учир нь биеэр ирэх шаардлагагүй атал эмнэлэгт бөөгнөрч бодитоор дарамт учруулахгүй байгаасай гэсэн санаа юм. Түүнчлэн ачааллын хажуугаар нэрмээс болж байгаагаа огт мэдэрч, мэдэхгүй, өвчтэй нэгний суух сандал, орон зайг эзэлчихээд эмнэлгийнхний шаардлагыг биелүүлэхгүй бөөн бухимдал үүсгэн муйхарлах нь байж боломгүй бүдүүлэг явдал гэдгийг ойлгоосой.
ХСҮТ-ээс гадна ЭХЭМҮТ, ГССҮТ зэрэг нэгдсэн том эмнэлэгт ч дээрхтэй адил “бөөгнөрлийн” ачаалал байсаар ирснийг ажиллагсад нь хэлж байлаа. Үйлчлүүлэгчдийн зүгээс эмнэлгийн орчинд өрөөл бусдад учруулдаг өөр нэг хүндрэл нь зорчих хэсэгт тээг болох. Тодруулбал, тааваараа “бэлчигч” буюу гар утсаараа ярингаа явж ядах хүмүүс, хана дагаж, баруун, зүүн талаа барихгүй тухайн орон зайд хав дөрвөлжин “даналзах” нөхөд. Эмнэлэгт өвчтэй зовлонтой, яарч сандарсан хүмүүс очдог гэдгийг тэд “мэддэггүй” нь үнэхээр бачимдмаар. Утсаар ярих хэрэгцээ хаана ч, хэзээ ч гарна. Хамгийн гол нь бусдын хөдөлгөөнд саад болохгүй зам зайчлахад л асуудал үүсэхгүй. Ер нь аль ч улсын албан байгууллага, нисэх онгоцны болон галт тэрэгний буудал гэхчлэн хөл хөдөлгөөн ихтэй газарт баруун, зүүн гарын дүрэм үйлчилдэг. Бусдын хөдөлгөөнд саад болохгүй гэсэн бичигдээгүй дүрэм. Урсдаг шатаар явахад ч энэ дүрэм үйлчилдэг. Гэтэл манай эмнэлгүүдийн коридорын голд мөргөлдөж, шүргэлцэх, зай тавьж өгөхийг нь хүлээх, эсвэл түлхээд зөрөх зэрэг нь жирийн л үзэгдэл. Яг ийм саад бэрхшээлтэй учирч ХСҮТ-ийн коридороор хэд хоног сүлжиж гүйхдээ “Эмнэлгээр үйлчлүүлдэг дүрэмтэй болох ёстой”-г ойлгосон. Гэхдээ дүрмийг заавал бичиж, баталж, хуульчилж хэрэгжүүлэх бус, хүн бүхэн ухамсартаа суулгах нь чухал. Энэ бол бусдыг хүндэлж, нийгмийн харилцаанд ухамсартай, хариуцлагатай оролцох энгийн дүрэм гэдгийг ойлгох нь төвөг чирэгдлийн учгийг тайлах зангилаа буй за. Нөгөөтээгүүр, эмнэлгийн байгууллагууд ийм дүрмийг хэвшүүлэхэд чухал үүрэгтэй учраас шаардлагыг үйлчлүүлэгчдийн оролцоотой өндөржүүлэх тал дээр анхаараасай. Түүнчлэн орох, гарах чиглэлд болон коридор, хүлээлгийн танхимын гол хэсгийн зориулалтыг тодотгосон зэрэг тэмдэг, тэмдэглэгээ, зурагт тайлбар байршуулж, үүнийхээ дагуу хөдөлгөөнийг зохицуулбал ажлын ачааллыг бууруулахад багагүй нэмэртэй байх болов уу. БНСУ-ын эмнэлгүүдэд, ялангуяа хүүхэд, настан, тэргэнцэртэй өвчтөнүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг газруудад энэ мэт тэмдэг, тэмдэглээг төрөл бүрээр нь “хөөрхөн” шийдсэн байдаг юм билээ.