Хуучин хувцас муу энерги агуулдаг, бохир заваан байдаг гэсэн хэвшмэл ойлголт, өрөөсгөл хандлагыг орчин цагийн хүмүүс халж эхэллээ. Тэд чанартай хувцас авч, удаан өмсөх, сэтгэлийн хөөрлөөр худалдаа хийхгүй, тренд дагаж хошуурахгүй байх нь орчин цагийн хүмүүсийн соёл, байгальд ээлтэй амьдралын хэв маяг, хог хаягдлыг бууруулахад оруулж буй үнэтэй хувь нэмэр гэж үзэх болов. Үүнийг дагаад хуучин хувцас худалдаалдаг, авдаг газар гадаадын орнуудад олширчээ. Тэр дундаас Япон, БНСУ ийм бизнес, соёлын жишиг болж байгааг Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны мэргэжилтэн онцолсон юм. Манай улсад ийм соёл хүчтэй дэлгэрээгүй ч энэ чиглэлд санаачилгатай ажилладаг байгууллагууд байна. Ялангуяа хуучин хувцас цуглуулж, нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд хандивлах зорилготой сайн дурын арга хэмжээг тодорхой давтамжтайгаар зохион байгуулдаг газрууд бий болов. Тухайлбал, “Гүүд нэйборс” олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, “Өсвөрийн улаан загалмай” хүүхэд, залуучуудын хөдөлгөөн, “Тэнгэрийн хөх давлагаа”, “Лантуун дохио” төрийн бус байгууллага, “Эхлэл төсөл” өсвөрийн хүүхэд, залуучуудын нэгдлийнхэн ийм зорилготой аян өрнүүлдэг.
Харин хуучин хувцас тогтмол авдаг, худалдаалдаг газар манай улсад, нийслэлийн хэмжээнд хуруу дарам цөөн байна. Хан-Уул дүүргийн “Тохижилт, үйлчилгээний төв” ОНӨААТҮГ-ынхан энэ төрлийн хог хаягдлыг багасгах, хэрэгтэй хүмүүст нь хүргэх зорилгоор хувцас, гутал цуглуулах зориулалтын хайрцгийг хоёр цэгт байршуулаад буй. Үүний нэг нь “Ривер гарден” хотхоны “Ривер таун” худалдааны төвийн хажууд, нөгөө нь Зайсангийн автобусны эцсийн буудал руу эргэх замд буюу KFC-гийн урд бий. Мөн “Өгөөж чихэр боов” компанийн эсрэг талын 39 дүгээр байрт байх “Тойрог”, “Сөүл” зочид буудлын хойд талын 29 дүгээр байрт үйл ажиллагаа явуулдаг “Vintage” зэрэг дэлгүүр иргэдээс хуучин хувцсыг хандиваар болон тодорхой ханшаар үнэлэн авдаг аж. Нийслэлийн иргэд хэрэглэхээ байсан гоёлоо эдгээр газарт хандивлах, худалдах боломжтой бөгөөд бусадтай солилцох, ийм төрлийн бүтээгдэхүүн сонирхохыг хүсвэл shkaf.mn онлайн дэлгүүрт зочлох сонголт бий.