АН дахь С.Эрдэнэ тэргүүтэй талынхан ээлжит бус их хурлаа хийж, дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулаад буй. Өчигдөр ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр тэргүүтэй удирдлага нь дүрмийн өөрчлөлтөө Дээд шүүхэд хүргүүллээ. Мөн Хөгжлийн банканд хийсэн шалгалтуудын дүнг ил болгохыг шаардав. Ч.Өнөрбаяр “Төрийн нууц гэдэг зүйл замаа алдлаа. “Төрийн нууц” гэдэг ойлголтыг дарга үзэмжээрээ шийддэг болчихож. Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүн яагаад төрийн нууцад хамаарч байсныг ойлгохгүй байна. Нууц гэдэг бол тодорхой шалгууртай байх ёстой” гээд үүнд Ерөнхийлөгчийг анхаарал хандуулахыг хүсэв. Түүнчлэн АН-ын дэд дарга Ц.Оюундарь “Хөгжлийн банктай холбоотой асуудалд манай намын байр суурь тодорхой байгаа. Энэ бол Монгол Улсын цаашдын эдийн засаг, нийгмийн хөгжилд эрсдэл учруулах аюултай асуудал. Тиймээс нам харгалзахгүй ярилцаж, шүүж, эдийн засгийн ямар зөв бодлого баримтлах вэ гэдгээ тодорхойлох ёстой. Хууль, эрх зүйн орчныг нь шинэчлэх шаардлагатай” гэв. Тиймээс тэд Засгийн газарт шаардлага хүргүүлж, Хөгжлийн банканд хийсэн хэд хэдэн шалгалтын дүнг ил тод болгож, эрчимтэй хамтарч ажиллах санал тавьсан байна. Өөрөөр хэлбэл, 2016 онд хийсэн шалгалтыг л нууцаас гаргасныг тэд чамлаж байгаа аж.
Бэлтгэсэн Б.Уран