Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж, ажлын хэсэг байгуулаад буй. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахалж байгаа бөгөөд өчигдөр уг төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Ажлын хэсгийн ахлагч “Хуульч мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байгаа тогтолцоогоо цаашид хэрхэх ёстой вэ. Өнөөдөр хуульчид нийлүүлэлт талаасаа хангалттай байна. Гэхдээ тэд цаг үеийн шаардлагатайгаа нийцэж байгаа, эсэх нь эргэлзээтэй. Уг хуулийг шинэчилснээр хуульч мэргэжлийн үнэ цэн, стандарт, чадавхыг нэмэгдүүлэх учиртай. Нөгөө талаар хуульчдыг ямар хэмжээнд харж, бэлтгэж, шалгуурыг нь өндөрсгөх вэ гэсэн өргөн хүрээтэй харилцааг үүгээр зохицуулна” хэмээн эхэнд нь онцоллоо. Үүнийг Дээд боловсролын тухай хуулийн төсөлтэй хэрхэн уялдуулах талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг мэдээлэл өгсөн. Тэрбээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн гишүүн бөгөөд хуульчдын сургалт, магадлан итгэмжлэлийг Дээд боловсролын тухай хуулийн хүрээнд зохицуулахаар тусгасныг тодруулав. Мөн Дээд боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Ч.Ундрам Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд хуульчийн эрх, үүрэг, ёс зүй ямар байх талаар тусгаагүй атлаа тэднээс шалгах, сургах гээд боловсролын салбарт хамаарах асуудлыг нэлээд тусгаж, хутгалдсан байна хэмээн шүүмжилсэн. Харин Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг төслийн талаар танилцуулахдаа “Ер нь хуульчид, холбоо нь магадлан итгэмжлэх ажлаа өөрсдөө хийж чадаагүй учраас Дээд боловсролын тухай хуулиар зохицуулах гэж байгааг ойлгох хэрэгтэй. Магадлан итгэмжлэлээр дамжуулж боловсролын салбартай хутгалдах гэсэнгүй. Үндсэн хуулийн тогтвортой байдлыг ч бодолцох ёстой. Ний нуугүй хэлэхэд шүүх хуралдаан хойшлуулдаг өмгөөлөгч, бүлэг этгээд гарч ирсэн. “100 айл” хавиар байдаг, “Би чадна” гэгддэг барилгынхан шиг хуульчийн хувиар мэтгэлцэх чадваргүй, том дуугарч байгаагаа хүний эрхийн төлөө тэмцэж буй гэж хардаг хүмүүс манай салбарт бий болсон нь үнэн. Цахим шилжилттэй холбоотой зохицуулалтуудыг ч төсөлд тусгасан. Манайхан зарим шүүх хурлаа цахимаар хийж, үйлчлүүлэгчдээ зайнаас зөвлөгөө өгөх гэх мэтээр ажиллаж байгаа. Гэхдээ хуульчийг хиймэл оюун ухаан орлох тухай олон улсад хэдийн яриад эхэлчихсэн. Эрхзүйч мэргэжил эзэмшсэн, хоёр жил ба түүнээс дээш хугацаагаар дадлага хийсэн хүнийг хуульч гэж ойлгохоор тусгалаа. Дадлага гэдэгт шүүх хуралдааны нарийн бичгийн дарга болон шүүгч, өмгөөлөгч, нотариатч, прокурорын туслахаар ажилласныг тооцно. Ер нь шүүгчийн туслахыг үндсэндээ мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа гэж хүлээн зөвшөөрсөн. Зарим оронд тэднийг шүүгчийн бүрэлдэхүүнд оруулж, дадлагажуулдаг. Ингэснээр тогтвортой ажиллах орчин бүрдэх юм. Манай нөхцөлд шүүгч өглөө ажилдаа ирэхэд л туслах нь ажлаасаа гарчихсан байдаг гэж ярьдаг нь оргүй зүйл биш. Харин зарим оронд шүүх хуралдааны нарийн бичгийн даргын ажлыг хиймэл оюун ухаанаар орлуулж байна. Монголын хуульчдын холбооны тогтолцоонд том гажуудал гарсан нь үнэн. Их хурал нь л гэхэд өмгөөлөгчдийн цугларалт болж хувирсан. Хурлын төлөөлөгчдийн квотоос хамгийн ихийг нь өмгөөлөгч нарт өгснөөр талцал, хуваагдал үүссэн шүү дээ. Хуульчид байж их хурлаа ч хийж чадахгүй гэж хэлүүлэхээс яах билээ” хэмээж байлаа. Төсөлд тусгаснаар Монголын хуульчдын холбооны их хурлыг 200 төлөөлөгчтэйгөөр хийж, өмгөөлөгч, шүүгч гээд талуудад квотыг тэгшитгэн хуваах аж. Мөн их хурлыг дөрвөн жилд нэг удаа хийхээр заасан байна. Одоогийн хуулиар үүнийг хоёр жил тутамд хийж, ерөнхийлөгчөө сонгож буй.
Судлаач Э.Энхцэцэг хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллага, эрх зүйн орчныг нь тодорхойлох бодлогын судалгаа хийснээ энэ үеэр танилцуулж, төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Монголын хуульчдын холбооны гишүүд идэвх оролцоо, өмгөөлөгч, нотариатч гээд өөрсдийнх нь үйл ажиллагааны чиглэлээс хамаарч өөр өөр статустай байна. Хуулийн сургуулийн оюутан ч гишүүн байх боломжтой. Энэ хэрээр тэдний төлөх хураамж, эдлэх эрх нь ялгамжтай. Хуралд оролцох, санал өгөх, нэр дэвших эрх нь өөр өөр гэсэн үг” гээд хуульчийн мэргэжлийн болон ёс зүйн хороог байнгын үйл ажиллагаатай болгох хэрэгтэйг хэллээ. Төсөлд энэ талаар огт тусгаагүй аж. Харин их хурлын төлөөлөгчийн тоог 200 байхаар хатуу заахыг эсэргүүцэв. Энэ тухайд тэрбээр “Хуульчдын холбооны гишүүнчлэл жил бүр нэмэгдэж байхад хатуу тоо тавих нь хэр зохимжтой вэ. Улс орнуудын дийлэнх нь нийт гишүүнийг их хуралдаа оролцуулж байна. Хамгийн гол нь тэднийг оролцуулах боломжоор хангах хэрэгтэй. Тэд хатуу квот тогтоохоос зайлсхийж байна. Мөн их хурал хийх хоёр жилийн давтамжийг өөрчилж буй үндэслэл нь хангалтгүй. Жишээ нь, манайд Хуульчдын холбооны гишүүний татварыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний дөрөвний нэгтэй тэнцүү байхаар хуульчилсан. Харин бусад улс үүнийг жил бүр тогтоодог. Татварын хэмжээг их хурлаар тогтоох учраас бага хугацааны давтамжтай хуралдах нь зүйтэй” гэв. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Хуульчдын мэргэжлийн, өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлж, эрх зүйн шинэтгэлийг эхлүүлнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Бид хуульчдын авлигажсан байдал, дотоод зөрчлийг арилгах ёстой. Одоогоор энэ холбоонд 5853 хуульч бий. Улсаараа авлигад живсэн байхад хуульчид ангид байх аргагүй. Тэд хулгайч, тонуулчдыг өмгөөлж, хамгаалж л байгаа шүү дээ. Үнэндээ Хуульчдын холбоонд үүссэн асуудлаас болж энэ хуулийг шинэчлэх гээд сууж байна. Зүв зүгээр байгаа юмыг оролддоггүй юм. Манай нам, аймаг, сумын хороодод болж байгаа зүйлийг харахад ч хэн нэгэн дарга болохоороо ах дүү, хамаатан садангаараа өөрийгөө хүрээлүүлж, удирдлагаа бэхжүүлдэг. Тэдний хувьд бусдын хийгээд нийгмийн төлөө ажиллах нь ердөө л хоосон яриа төдий зүйл байдаг. Өөрийгөө хамгаалуулах гэж л тойрон хүрээлэгчдээ бүрдүүлдэг. Төсөлд тусгасан шиг, Хуульчдын холбооноос ажлын хэсэг гаргаад магадлан итгэмжлэл хийж болохгүй. Шалгуураа чамбайруулах хэрэгтэй. Бидний үед хуульчийн ёс зүйн хичээл ордог байсан ч сүүлд хасчихсан байна лээ” гээд төслийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Төслөөс харахад Хуульчдын холбооны Удирдах зөвлөл маш их эрх мэдэлтэй болох нь. Хэрэгжүүлэх чиг үүргүүдийнх нь дийлэнх нь сургалт, магадлан итгэмжлэлтэй холбоотой байх юм байна. Бараг дээд боловсролын институц болж хувирах нь. Иймд бүрэлдэхүүнийг нь сонгон шалгаруулахдаа судалгаа, шинжилгээ хийдэг, эрдмийн зэрэг, цолтой хүмүүсийг түлхүү багтаах хэрэгтэй. Гэвч үүнийг хэрэгжүүлэхэд төвөг учрах нь гарцаагүй. Эрхзүйч бэлтгэх сургалтын агуулгад хувийн эрх зүйн хичээлийг түлхүү нэмнэ гэдэгтэй санал нэг байна” гээд хуулийг ийм байдлаар баталбал Хуульчдын холбооны нөөц, чадавх нь хангалттайл, эсэхийг тодрууллаа. Үүнд Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Өнөмөнх “Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн өргөжихөөр байгаа нь одоо ажиллаж буй Сургалтын хороог тийш нь шилжүүлсэнтэй холбоотой. Сургалт, магадлан итгэмжлэлтэй холбоотой чиг үүргийг цаашид аваад явах бүрэн боломжтой” гэж хариулав.
Мөн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Одоо манай хуульчид шүдний эмч хагалгаа хийх маягтай л ажиллаж байна. Бүхнийг хийдэг хуульч гэж байхгүй. Үүнийг уг хуулиар зохицуулна. Хуульчдыг мэргэшүүлнэ гэсэн үг” хэмээгээд Дээд боловсролын тухай хуультай уялдуулахад анхаарахаа илэрхийлсэн. Түүнчлэн хуульч М.Мөнхбаясгалант “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаарх хэлэлцүүлэг атал Хуульчдын холбооны бүтэц, зохион байгуулалтын талаар л яриад байх юм. Хуульчдын холбоонд бүртгэлтэй 5853 хуульчийн 2100 нь бусад гэсэн ангилалд багтдаг. Өөрөөр хэлбэл, шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатчаар ажилладаггүй хуульчдын нэг нь би. Өмгөөлөгч, прокурор, нотариатч, шүүгч гээд үйл ажиллагааг нь зохицуулсан бие даасан хуулийн хүрээнд ажилладаг. Харин над шиг хуульчийн хийх үйл ажиллагааны талаар ямар ч зохицуулалт байдаггүй. Энэ талаар тодорхой заах хэрэгтэй” гэж байлаа.