Эрүүл мэндийн салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулдаг “Сетунари” ХХК нь өөрсдийгөө “Дэвшилт лабораторийн урвалж, оношлуур, эмнэлгийн тоног төхөөрөмж болон эмнүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлэх зорилготойгоор 2008 онд үүсгэн байгуулагдсан. Байгуулагдсанаасаа хойш орон даяар өргөжин тэлж, тусгай үйлчилгээ болох нийлүүлэлт, суурилуулалт, суурилуулалтын дараах засвар, үйлчилгээ хийж, дагалдах болон урвалж бодисоор хангаж ажилласан. Бидний зөвлөгөө, төсөл боловсруулалт, ложистик нь багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын хугацааг бүрэн хангадаг бөгөөд илүү сайн ажиллах боломжийг бий болгодог” гэж танилцуулдаг. Энэ хүрээндээ өнгөрсөн хугацаанд улс, аймгийн болон хувийн эмнэлгүүдэд хамгийн сүүлийн үеийн дэвшилт технологийн 600 гаруй эмнэлгийн тоног төхөөрөмж суурилуулсан гэжээ. Үүнд:
• Клиник хими, иммунологи, гематологи, шээсний шинжилгээ, цус бүлэгнэлт, PCR, эдийн оношилгоо, молекул оношилгооны тоног төхөөрөмжүүд болон тэдгээрийн урвалжууд
• Дүрс оношилгооны тоног төхөөрөмжүүд
• Лабораторийн бүх төрлийн тоног төхөөрөмж
• Эрчимт эмчилгээ болон мэс заслын тоног төхөөрөмж
• HBV, HCV-ийн эмчилгээнд зориулсан эмүүд
• Чихрийн шижин, холестерин, глюкоз, гемоглобин тодорхойлох түргэвчилсэн оношлуур
• Гоо сайхны тариур, имплантууд
• Лабораторийн тавилга нийлүүлдэг гэсэн байна.
Төрийн худалдан авах ажиллагааны газрын tender.cov.mn сайтад “Сетунари” ХХК-ийн оролцсон 303 тендерийн жагсаалт бүртгэлтэй байна. Бүгдэд нь шалгарсан үг биш. Гэхдээ “но”-тойгоор шалгарсан тендер нэлээд байдаг ажээ.
“Сетунари” ХХК нь эрүүл мэндийн салбарт ханган нийлүүлэх ажлыг 2008 оноос хийж байгаа юм. Гэвч тус компани хийгээд түүний охин болон хамаарал бүхий компаниуд төрийн, төслийн тендерүүдэд шударгаар оролцож чаддаг уу? Энэ компанитай холбоотой өргөдөл, гомдол яагаад тасардаггүй вэ?
Ер нь бол “Сетунари”-гийн сүлжээний талаар ЭЦА, АТГ-аас гадна ЭМЯ, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй төслүүдийн удирдлага анхаарах ёстой. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэддэг үү. Эсвэл өөрөө холбоотой болчихсон уу?
Түүхийг нь харвал “Сетунари” ХХК (РД: 5189845) нь 2008 оны нэгдүгээр сарын 3-нд байгуулагджээ. Энэ компани бясалгал, иогийн дамжаа хичээллүүлэх, гадаад худалдаа, эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, тоног төхөөрөмж, ханган нийлүүлэх, импортлох, гадаад худалдаа эрхлэх, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж импортлох, ханган нийлүүлэх, худалдах, эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, тоног төхөөрөмж, ханган нийлүүлэх, импортлох гэсэн зургаан чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үүсгэн байгуулагч нь Дуламсүрэнгийн Энхтуяа. 2021 оны аравдугаар сарын 11-нд “Сетунари” ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт орж гүйцэтгэх захирлаар нь Товуудоржийн Мөнхбаясгаланг томилсон байна.
“Сетунари” нь “Транс континентал” ХХК (РД:6103405)-ийн хувьцааг эзэмшдэг. Тус компанийг 2016 оны есдүгээр сарын 1-нд байгуулсан. Автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг. Хаяг нь Улаанбаатар, Баянзүрх, нэгдүгээр хороо, 12 хороолол, 21, 43 тоот. Гүйцэтгэх захирлыг нь Борхүүгийн Баасанхүү гэдэг. Өмнө нь Батхишигтийн Нямдорж байж байгаад 2021 оны аравдугаар сарын 12-нд бүртгэлдээ өөрчлөлт оруулсан.
“Транс континентал” ХХК нь “АКШОБИ” (5688167) ХХК-ийн хувь эзэмшигч юм. “АКШОБИ” ХХК нь 2013 оны гуравдугаар сарын 23-нд байгуулагдасан. Аялал жуулчлал, автомашины худалдаа, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах, гадаад худалдаа, барилгын материалын худалдаа, барилгын тоног төхөөрөмжийн худалдаа, автомашины худалдаа, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо, 12 дугаар хороолол, 21, 5-43 тоотод хаягтай. Ерөнхий захирлаар нь Дуламсүрэнгийн Энхтуяа ажилладаг.
“Сетунари” нь бас “Анлимитед интеллиженс” ХХК (РД:6103383)-ийн хувьцааг эзэмшдэг. 2016 оны есдүгээр сарын 1-нд байгуулагдсан. Улаанбаатар, Баянзүрх, нэгдүгээр хороо, 12 хороолол, 21, 43 тоот гэсэн хаягтай. Захирлаар нь Дуламсүрэнгийн Энхтуяа ажиллаж байсан. 2021 оны аравдугаар сарын 12-ны өөрчлөлтөөр Дэмбэрэлийн Ариунзаяаг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн. “Анлимитед интеллиженс” ХХК нь зар, сурталчилгаа хийх, бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх, бизнес, маркетингийн чиглэлээр зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг.
“Сетунари” нь “Магнуссентурион констракшн” ХХК (РД:5934273)-ийн хувьцааг эзэмшдэг. 2015 оны хоёрдугаар сарын 15-нд байгуулсан. Улаанбаатар, Сүхбаатар, нэгдүгээр хороо, “UBH центр” таван давхар гэсэн хаягтай. Гүйцэтгэх захирлаар нь Ванганжилийн Гантулга ажилладаг. Тус компани өргөх байгууламж угсралтын ажил, засвар, техникийн үйлчилгээ, барилга угсралтын ажил, гадаад худалдаа, 0.4-10 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ, интерьер, экстрьер, дизайн хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Товчхондоо, “Сетунари”-гийн барилгын компани гэхэд болно. Ухвал анхаарал татсан олон факт гарч ирнэ.
Түүнчлэн “Сетунари”-ийг үүсгэн байгуулагч Дуламсүрэнгийн Энхтуяагийн нэр дээр “Буянт-оношлогоо” ХХК (2672049) байдаг. Энэ компанийг 2006 оны хоёрдугаар сарын 24-нд байгуулжээ. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн тавдугаар хороо, Ард аюушийн өргөн чөлөө 79, өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Гадаад худалдаа, шүдний холимог үзлэг, оношилгоо, НАСЗ, зүрх судасны оношилгоо, уламжлалт, дотрын өвчний оношилгоо, эмчилгээ зүрхний ЭКГ, эхо оношилгоо, уламжлалт, дотрын өвчний оношилгоо, эмчилгээ зүрхний ЭКГ, эхо оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Үүнээс гадна “Сетунари”-гийн салшгүй нэг хэсэг болдог “Бонавита” (5934346) ХХК гэж бий. Лаборатори гэдгээр нь олон нийт, салбарынхан сайн мэднэ дээ. Энэ компанийг 2015 оны хоёрдугаар сарын 25-нд Дамбын Сэрж байгуулж байжээ. Хаяг нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, нэгдүгээр хороо, “UBH центр”-ийн тавдугаар давхарт байдаг. Харин 2020 оны зургадугаар сарын 30-наас Д.Сэрж гүйцэтгэх удирдлагыг Онгиогийн Дэмбэрэлд шилжүүлжээ.
Үргэлжлэл бий.
Бэлтгэсэн ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН
“ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ