Цар тахлын нөлөөгөөр хоёр жил гаруйн хугацаанд хүнд нөхцөлд байсан аялал жуулчлалын салбар “хөл” дээрээ зогсохоор дэнчигнэж ядаж байтал дараагийн цохилт ирэв. Одоогоос 20 гаруйхан хоногийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээ бууруулан, хэвийн амьдралдаа эргэн шилжиж байгааг, хилээ бүрэн нээж, гадаадын жуулчид, хөрөнгө оруулагчдыг хориг, хязгаарлалтгүй хүлээж авах боломж бүрдсэнийг зарлаад байв. Үүнээс хойш “утаагүй үйлдвэрлэл”-ийн салбарынхан дээр, дооргүй пижигнэлдсэн. Орон нутгийнхан жуулчдад зориулсан янз бүрийн арга хэмжээ санаачилж, зохион байгуулж эхэлсэн. Тур оператор, жуулчны баазууд маркетинг, сурталчилгаагаа идэвхжүүлж, гадаадаас захиалга авч, жуулчдад үүдээ нээсэн. Коронавирусийн тархалт хаа сайгүй намжсан тул олон улсын аялал жуулчлал сэргэх нь, удаан хугацааны хориг хязгаарлалтын дараах тэсрэлт болох нь гарцаагүй гэж судлаачид таамаг дэвшүүлж байлаа. Гэтэл Орос, Украины зөрчил, үүнээс үүдэлтэй нөхцөл байдал энэ хүлээлт, горьдлогыг талаар болгож, олон улсын аялал жуулчлалд сөргөөр нөлөөлж эхэллээ.
Европын орнуудын Иргэний агаарын тээврийн аюулгүй байдлын агентлаг гурван сарын хугацаанд Оросын агаарын орон зайд нислэг үйлдэхгүй байх, мөн тухайн улсын агаарын хөлгийг өөрийн орноор зорчуулахгүй байх хориг тавиад буй гэнэ. Үүнд 35 улс багтжээ. Энэ нь олон улсын аялал жуулчлал, агаарын тээврийн салбарт шууд болон дам байдлаар их хэмжээний хор хохирол учруулж буйг судлаачид онцолсоор байна. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас тус үйл явдалтай холбогдуулан гаргасан аялал жуулчлалын нөхцөл байдлын тайланд “Зүүн Европ болон Евразийн нутагт орших хоёр улсын хоорондын сөргөлдөөний улмаас олон улсын нислэг цөөрч, 30 орчим хувиар хумигдсан. Жуулчдын олонх буюу 60-80 хувь нь агаарын тээврээр зорчдог учраас энэ нь аялагчдын урсгалд шууд нөлөөлөх боллоо. Украин, Оросын асуудалд цөөнгүй орон, олон улсын байгууллага татагдан орж, урьдчилан сэргийлэх, эсэргүүцэх хариу арга хэмжээнүүдийг авч байгаа нь агаарын тээврийн орон зай хумигдах, үүнээс үүдэлтэй эдийн засгийн алдагдал нэмэгдэх шалтгаан болж байна. Энэ үйл явдал дам байдлаар бүх улсын аялал жуулчлалд нөлөөлөх ч Ази, Европын орнууд илүү их хохирч болзошгүй” гэжээ. Манай орон Ази, Европыг холбосон агаарын замд оршдогийн хувьд, мөн олон улсын нислэгүүдийн дийлэнх нь Оросын нутаг дэвсгэрээр дамждаг учраас Монголын агаарын тээвэр, аялал жуулчлалын салбар энэхүү үйл явдлын нөлөөллийг бусад орноос мэдрэг хүлээж авч байгааг мэргэжилтнүүд хэллээ. Монголоор дамжин өнгөрөх нислэгийн тоо зөвхөн энэ нөхцөл байдлаас үүдэлтэйгээр 50 орчим хувиар буурсан нь үүнийг нотолж буй гэж ИНЕГ-ын дарга С.Мөнхсайхан өгүүлэв. Тэрбээр “2019 оны оргил үед Монгол Улсаар 500 орчим агаарын хөлөг дамжин өнгөрдөг байсан. Цар тахлын үед энэ тоо гурав дахин буурч, дундаж нь 150 болсон. Коронавирусийн эрсдэл буурсантай холбоотойгоор саяхнаас агаарын тээврийн салбар сэргэж, дамжин өнгөрөх нислэгийн тоо 200-250 болж өсөж байтал дайны нөхцөл байдлаас үүдээд олон орон агаарын орон зайгаа хязгаарлачихлаа. Одоо өдөрт 110-120 онгоц дамжин өнгөрч байна. Монгол Улс 2022 онд навигацын орлогоос 150 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Үүнийг биелүүлэхийн тулд агаарын орон зайн багтаамж, урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай” гэв.
Улс орнууд агаарын орон зайд хязгаарлалт, хориг тогтоож, зарим чиглэлийн нислэгүүдийг зогсоосноос, мөн газрын тосны үнэ нэмэгдсэнээс улбаалаад аяллын үнэ өсөх төлөвтэйг Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Өөрөөр хэлбэл, агаарын хязгаарлалттай холбоотойгоор зарим чиглэлийн нислэгийн үргэлжлэх хугацаа уртсаж, туулах замын хэмжээ нэмэгдэх бөгөөд тэр хэрээр зардал өсөх гэнэ. Мөн Оросоос Монгол руу, Монголоос Орос руу чиглэсэн уламжлалт аяллууд ойрын хугацаанд саатах эрсдэл нүүрлэснийг тэрбээр онцолжээ. Аялал жуулчлалын байгууллагуудаас гаргасан сүүлийн жилүүдийн статистик, мэдээллээс харахад Орос, Монгол орон аль алиныхаа хувьд аялал жуулчлалын голлох зах зээл бүхий улсад багтсаар иржээ. Тэгэхээр “утаагүй үйлдвэрлэл”-ийн салбар дахь энэ түншлэл, харилцаа цаг үеийн нөхцөл байдлаас улбаатайгаар дахиад л тодорхойгүй хугацаагаар доголдож магадгүй нь. Орос, Украины сөргөлдөөн манай улсын аялал жуулчлалын салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаар судлаач, мэргэжилтнүүдийн байр суурийг сонирхлоо. БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын шинжээч Н.Болормаа “Дэлхий дахины анхаарлыг татаж байгаа энэ үйл явдлыг хамгийн мэдрэгээр хүлээж авч буй салбар нь аялал жуулчлал. Аялагчдын хувьд аюулгүй байдал хамгийн чухал. Тэр утгаараа жуулчид аялах газраа сонгохдоо маш болгоомжтой, хянуур хандаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, дайны нөхцөл байдал, улс хоорондын зөрчилдөөн жуулчдын сонголт, итгэл үнэмшилд хүчтэй нөлөөлнө гэсэн үг.
Олон улсын жуулчдын тоо мэдээж буурна. Манай улсыг зорин ирдэг жуулчдын урсгал хөрш хоёр орноос ихээхэн хамааралтай байдаг. Гэтэл Хятад улс хилээ бүрэн нээгээгүй байна. Оросоор дамждаг нислэгүүдийг хориглочихлоо. Тиймээс Япон, Солонгос зэрэг шууд нислэг үйлдэх, саадгүй зорчих боломжтой орнуудын зах зээл рүү чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай” гэсэн юм. Яам бодлогын хүрээнд ямар ажил хийж байгааг лавлахад “Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажилд төвлөрч байна. Эл хуулийг 20 жилийн өмнө баталсан. 10-аад удаа засвар оруулсан. Хууль тогтоомжийн тухай хуульд тусгаснаар бол тухайн хуулийн 50 хувьд засвар, өөрчлөлт оруулсан тохиолдолд шинэчлэн батлах ёстой. Мөн 20-иод жилийн өмнө баталсан хуулиар одоогийн харилцааг зохицуулахад тохиромжгүй учраас үүнийг хийж буй” гэсэн юм.
Харин МУИС-ийн Аялал жуулчлалын хөтөлбөрийн багш, судлаач, дэд профессор Д.Энхжаргал “Манай улсын тур операторууд эхнээсээ гадаад аялагчдаас захиалга авч, жуулчны бааз, амралтын газруудтай гэрээ хийж байсан. Гэтэл Москва-Улаанбаатар чиглэлийн нислэг тодорхойгүй хугацаагаар саатсанаас болоод олон газар төлөвлөсөн аялал, гэрээгээ цуцлахаас аргагүйд хүрээд байна. Саяхан болсон “Түмэн тэмээний баяр”-ыг гадаадын цөөнгүй жуулчин үзэхээр захиалгаа баталгаажуулсан юм билээ. Гэтэл дийлэнх нь агаарын тээврийн хязгаарлалтаас болоод ирж чадаагүй. Бээжин агаарын хилээ нээгээгүй учраас Баруун Европын жуулчид Оросоор дамжин Монголд ирж байсан. Одоо тэр гол зам нь хаагдчихлаа. Истанбул, Бишкек хотоор дамжин ирэх боломжтой ч аяллын зардал нь хэт өндөр, мөн ирэх тав, зургадугаар сар хүртэлх захиалга нь дүүрчихсэн. Тийзийн үнэ огцом нэмэгдсэн байна. Улаанбаатар-Истанбул-Барселон чиглэлийн нислэгийн тийз 3.2 сая төгрөг байснаа 4.4 сая болчихож. Улаанбаатар-Бишкекийнх 2.2 сая болсон. Үндсэндээ Баруун Европоос жуулчин хүлээж авах боломж хумигдлаа. Иймд аялал жуулчлалын компаниуд дотоодын жуулчлалыг эрчимжүүлэх чиглэлд анхаарах шаардлагатай. Гадаадаас жуулчин авах тохиолдолд Япон, Солонгосын зах зээлийг “онилбол” тохиромжтой” хэмээн ярив. Судлаач, мэргэжилтнүүдийн ярьснаас дүгнэхэд, Орос, Украины хурцадмал харилцаа коронавирусийн дараах аялал жуулчлалын салбарын сэргэлтийг удаашруулах нь тодорхой болов. Ялангуяа аялал жуулчлалын идэвхтэй хугацаа зуны гуравхан сараар хэмжигддэг, тур операторуудын дийлэнх нь гадаад руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, дотоодын жуулчлалыг төдийлөн хөгжүүлээгүй манай орны хувьд энэ үйл явдал бүр ч хүндээр тусаж, “утаагүй үйлдвэрлэл”-ийн салбарынханд сэргэх сэхээ өгсөнгүй.