Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Уг хуулиар хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгоход оршино. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 8 бүлэг, 38 зүйлтэй.
Нийтийн мэдээлэл буюу төрд байгаа мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилсан бөгөөд хаалттай мэдээлэл гэж төрийн нууц болон хуулиар хаалттай гэж тогтоосон мэдээллийг, хязгаарлалттай мэдээлэл гэж албаны нууц болон хүн, хуулийн этгээдэд хамаарах, зөвшөөрлийн үндсэн дээр хандаж, ашиглаж болох мэдээллийг ойлгохоор тусгасан.
Төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд таван ангиллын 68 төрлийн байнга нээлттэй, хаалттай, хязгаартайгаас бусад мэдээллийг нээлттэй байхаар тусгасан бөгөөд нээлттэй байхаар заасан мэдээллийг цаашид албаны нууцад хамааруулж болохгүй гэж хоёрдмол утгагүй хуульчилж мэдээллийн ил тод байх баталгааг хангаж өгсөн аж.
Байнга нээлттэй байх мэдээлэлд,
-Тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл, оюуны өмчийн эрх, хот болон газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийн явцын талаарх мэдээлэл,
-Газрын мэдээлэл, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нэгдсэн төсөв, үндэсний баялгийн санд оруулж байгаа татвар, хөрөнгийн хэмжээ,
-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг хувь хүн, хуулийн этгээдэд ашиглуулах, шилжүүлэх, хувьчлах, төсвийн хөрөнгийн ашиглалт, түүнийг ашиглалтаас гаргах, ашиглалтаас гаргаснаас орсон орлогын талаарх мэдээлэл,
-Тусгай хамгаалалттай газар нутаг, дэвсгэрт олгосон газар ашиглах гэрчилгээ, байгуулсан гэрээ мэдээлэл
-Газар ашигласны төлбөр төлөлтийн мэдээлэл, улс төрийн намын дүрэм, гишүүнчлэл, хөрөнгө, түүнд өгсөн хандивын мэдээлэл,
-Хуулийн этгээдийн эцсийн эзэмшигч, өмчлөгчийн талаарх мэдээлэл
-Мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчийн эцэг, эхийн нэр, суралцаж байгаа улс, сургуулийн нэр, мэргэжил, суралцах хугацаа, санхүүжүүлсэн сургалтын зардал,
-Гэрээний хэрэгжилт зэрэг мэдээллийг ил тод, нээлттэй байлгах тухай заасан.
Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, иргэн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх, төрийн байгууллага хооронд болон иргэн, хуулийн этгээдтэй цахим хэлбэрээр харилцахад ашиглагдах нийтийн мэдээллийн дэд бүтэц буюу үндсэн “Хур” систем, дэмжих системүүд, мөн төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд эдгээр системийг ашиглан иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлж болох талаар эрх зүйн үндсийг тогтоож, мөн нийтийн мэдээллийн санг үүсгэх, ашиглах талаарх зохицуулалтыг тусгасан.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх юм.