Үндэсний аудитын газраас Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөнд аудит хийжээ. Аудитын шалгалтаар төрөөс эмийн талаар баримтлах бодлого хэрэгжсэнээр хүн амын өвчлөл буурч, эмийн зохистой хэрэглээ төлөвшсөн эсэх, мөн хүн амын эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр хангах, түгээх тогтолцоо бүрдсэн эсэхийг тус тус хянаж үзсэн байна. Салбарын тогтвортой хөгжлийг хангасан систем бүрдээгүй, бодлогын хувьд залгамж чанар алдагдсанаас үүдэн Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангаагүй, үр дүнг үнэлээгүй байгаа аж.
Мөн хүн амыг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр жигд, хүртээмжтэй хангах ил тод, дүн шинжилгээнд суурилсан, хяналттай тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна гэж үзжээ.
Ингээд аудитаар илэрсэн зарим зөрчил, мэдээллийг танилцуулъя
Сүүлийн хоёр жилд импортын эмийн хэмжээ хоёр дахин нэмэгдсэн байна. Манай улс 2015 онд ойролцоогоор 183 тэрбум төгрөгийг эмийн импортод зарцуулж байсан бол 2020 онд 363 тэрбум төгрөг болж, хоёр дахин нэмэгджээ. Харин импортын эмний үнэ олон улсын жишгээс хэт өндөр байгааг аудитын тайланд мэдээллээ.
Олон улсын судалгааны MSH байгууллагаас гаргасан медиан үнийг тухайн улсын эмийн үнэтэй харьцуулж, эмийн судалгаа хийдэг байна. Манай улсын хувьд ЭМДС-аас хөнгөлөлттэй үнээр олгож байгаа эмүүдээс хамгийн өндөр санхүүжилт авч буй артерийн даралт бууруулах 6 эмийн үнийг медиан үнэтэй харьцуулахад 5.4-15.6 дахин өндөр байжээ. Мөн хилээр орж ирээд үнэ өсөж байгаа эсэхийг ЭМДС-аас хамгийн өндөр дүнгээр үнийн хөнгөлөлт олгосон, зарим бүлгийн үнэд ГЕГ-ын мэдээнд үндэслэн судалгаа хийхэд, зах зээлд худалдаалагдаж буй эмийн үнэ нь импортолсон үнээс 10-82 хувиар өндөр байгаа нь хэрэглэгчдэд үнийн дарамт учруулж байна гэж үзсэн байна.
ЭМДС-аас 2016-2021 онд жороор олгох эмийн хөнгөлөлтөд нийт 226.5 тэрбум төгрөг олгосноос артерийн даралт бууруулах бүлгийн эмд 66.9 тэрбум төгрөг, хепатитийн В, С вирусийн эсрэг эмд 36.3 тэрбум, халдварын эсрэг эмд 12.3 тэрбум төгрөгийг тус тус олгосон байна. Өөрөөр хэлбэл, эдгээр гурван бүлгийн эмд олгосон үнийн хөнгөлөлт нь ЭМДС-аас олгосон нийт санхүүжилтийн 51 хувийг эзэлжээ. Эдгээр гурван бүлгийн эмийн хөнгөлөлтөд олгож буй санхүүжилтийн хэмжээ тасралтгүй нэмэгдэж байгаа ч эдгээр өвчнөөс улбаатай нас баралт буураагүй бөгөөд энэ нь санхүүжилт үр нөлөөтэй байна гэж хэлэхэд учир дутагдалтай байгааг дурдсан байна. Мөн эмийн хөнгөлөлтийг нотолгоонд суурилсан, эмчилгээ үйлчилгээний зааварт орсон үр дүнтэй эмд олгож байх зарчим алдагдсан байна. Учир нь, 2016-2021 онд нийт 17 тэрбум төгрөгийн үнийн хөнгөлөлтийг эмчилгээний зааварт ороогүй, олон улсад үр дүнгийн нотолгоо муутай гэж үздэг нэмэлт бүтээгдэхүүн гэх ангиллын эмд олгож, татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу Эмийн зохицуулалтын байгууллагын чадамжид 2 жил тутам үнэлгээ хийж баталгаажуулаагүй, эмийн бүртгэл, тусгай зөвшөөрөл олголт, үр дүнд тавих хяналтыг бүрэн хэрэгжүүлээгүй зэргээр аудитын явцад цуглуулсан нотлох зүйл, хийсэн дүн шинжилгээ, аудитын дүнд үндэслэн 9 асуудал бүхий дүгнэлт боловсруулан гаргасан байна.
Иймд цаашдаа ЭМДС-ын эмийн хөнгөлөлтөд орох эмд тавигдах шаардлага хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг Үндэсний аудитаас Засгийн газар, Эрүүл мэндийн сайд, ЭМДЕГ-т зөвлөв.
Тайлангийн хураангуйг ЭНД дарж үзнэ үү.