Бидний нэрлэж заншсанаар “Гурвалжингийн гүүр” орчимд барилгын бүх төрлийн материал борлуулдаг худалдааны том, жижиг таван төв бий. Тэдгээр төвийн гадаа элс, цемент, хар цаас зэргийг борлуулдаг хүн ч цөөнгүй. Өчигдөр 10.00 цагийн үед “Гурвалжингийн гүүр” рүү очиход ажил ид өрнөж, үйлчлүүлэгч ч нэлээд байв. Цар тахлын улмаас хил хаагдан, бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт багассан нь материал, түүхий эдийн үнэ нэмэгдэх шалтгаан болжээ. Өчигдрийн байдлаар “Гурвалжингийн гүүр” орчимд 20 кг-тай элс 3000, 40 кг-аар савласан цемент 15 000-16 000, 25 кг-тай цагаан болон хар замаск 10 000-11 000 төгрөгийн үнэтэй байв. Энэ нь замаск, элсний үнэ сүүлийн нэг жилд 30-50 хувиар өссөн дүн аж. Харин цементийнх 2021 оны гуравдугаар сарынхаас хоёр дахин нэмэгджээ. Өнгөрсөн оны гуравдугаар сард энэ газарт нэг тонн буюу 25 уут цементийг (НӨАТ-гүй дүнгээр) 210 000-220 000 төгрөгөөр борлуулж байсан. Тэгвэл өдгөө тонн нь 400 000-д хүрчээ. Цемент борлуулагч залуу “10 гаруй хоногийн өмнө нэг уут нь 12 000 төгрөгийн үнэтэй байсан. Одоо бол 16 000 хүрч, 30 хувиар өслөө. Нийлүүлэлт ч муу байна. Цементийн үйлдвэрүүдээс бага хэмжээгээр ирж байгаа нь үнэ нэмэгдэх шалтгаан болсон. Үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөхийн тулд нийлүүлэлтээ багасгадаг. Тэгээд эрэлт нь өсөхөөр үнийг нь нэмдэг аргатай. Тийм л дүр зураг харагдаж байна” гэв. Манай улсын цементийн үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадал жилд 4.4 сая тонн бол зах зээлийн багтаамж, хэрэгцээнээсээ шалтгаалж жил бүр 1.2-1.3 сая тонныг үйлдвэрлэдэг гэдэг. Гэсэн ч уг бүтээгдэхүүний үнэ дээр дурдсанчлан өссөөр байна.
Паркетан шалыг өнгө, чанараас нь хамаарч нэг ам метрийг нь 25 000-50 000, плитаг хэмжээг нь харгалзан ширхгийг нь 5000-10 000 төгрөгөөр борлуулж байсан нь сүүлийн хоёр жилд ам метр, ширхэг тутамдаа дунджаар 50 хувиар нэмэгдсэн дүн гэдгийг борлуулагчид нь хэлсэн. Байшин, барилга барихад маш олон зүйл хэрэг болдог. Цахилгааны утас, ариун цэврийн өрөөний хэрэгсэл, хадаас, цоож, цавуу, ханын цаас, алх гээд хэрэглэхгүй юмгүй. Хөрөө болон таслагчийн ир, зүлгүүр, хадаас, эрэг, боолт, нугас зэрэг жижиг эдлэл зардаг Ш.Олдохоос барааных нь нийлүүлэлт ямар байгааг сонирхлоо. Тэрбээр “Барилгын ажил ид өрнөдөг 4-10 дугаар сард манайх долоо хоног бүр бараагаа татдаг байсан. Сүүлийн хоёр жилд нийлүүлэлт багасан, зарим өдөр лангуугаа нээгээгүй. Одоо бол сард нэг л удаа материалаа татаж байгаа. Мөн тээврийн зардал дэндүү өссөн. Төрөл бүрийн хэрэгсэлтэй нэг хайрцаг ачааг 160 юаниар захиж авчруулахад зардалд нь 240 юань төлж байна гээд бод. Бүтээгдэхүүнээсээ илүү үнэтэй тээврийн зардалтай болсон. Мэдээж бид зарж буй зүйлсдээ тээврийн зардлаа шингээн борлуулах учраас худалдан авагчид, иргэдэд хохиролтой” гэсэн юм.
Сонгинохайрхан дүүргийн VI хорооны нутаг дахь мод, модон материалын “Хангай” зах руу өнгөрсөн баасан гарагт очсон юм. Тус захад балк, банз, брус, фанер гээд барилгын ажилд хэрэгтэй бүх төрлийн мод борлуулдаг. Тэгвэл иргэд хамгийн их худалдан авдаг балкны үнэ хоёр жилийн өмнөхөөс бараг дөрөв дахин өссөн аж. Тухайлбал, хар мод, хуш, нарсан балк голдчоосоо шалтгаалж нэг ширхэг нь 85 000-120 000 төгрөгийн үнэтэй байв. Ийм балкуудыг 2020 оны хавар, зун 25 000-30 000 төгрөгөөр худалдаж байсныг “Хангай” захын борлуулагч Д.Баттунгалаг хэлсэн. Тэрбээр “Брус ширхгийг нь 7000-12 000, 2-3 метрийн урттай банз нэг боодол буюу 50 ширхгийг нь зузаанаас нь хамаарч 120 000-280 000 төгрөгөөр үнэлсэн. Харин дөрвөн метрийн урттай банзыг 20 000-45 000 төгрөгөөр борлуулж буй. Энэ нь сүүлийн хоёр жилд дунджаар хоёр дахин өссөн дүн. Бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн ч нийлүүлэлт энэ хавар сайн байна. Бид Төв, Сэлэнгэ, Булган аймгаас модоо бэлтгүүлж, энд борлуулж буйгаас ширхэг, боодол тутамд нь 2000-20 000 төгрөгийн татуу үнээр худалдан авдаг. Тээврийн зардал, туслах ажилчдын цалинг тооцвол төдийлөн их ашиг унадаггүй” гэсэн юм.
Түүнчлэн барилга угсралтын чиглэлээр 30 орчим жил ажиллаж буй MBC компанийн захирал С.Батчулуун ч материал, түүхий эдийн үнэ нэмэгдсээр байгаа тухай халаглав. Тэрбээр “Барилга барихад хэрэгцээт бүх материалын үнэ сүүлийн хоёр жилд багадаа 30 хувь, ихдээ 2-3 дахин нэмэгдсэн. Ялангуяа төмөр эдлэл, арматурын ханш тасралтгүй өссөөр байгаа. Тиймээс ч улсын төсвөөр бүтээн байгуулалт хийж буй компаниудын зардал хэтэрч, маргаан үүссэн хэрэг. Төсөвт өртгөөсөө зардал нь багадаа 30 хувиар хэтэрсэн бүтээн байгуулалтуудын заримыг зогсоон, заримыг нь өр тавиад урагшлуулж байна. Манай компани ч өр ширтэй. Цаашид барилгын голлох түүхий эд болох арматур, бусад төмөр эдлэлийг дотооддоо үйлдвэрлэхгүйгээр хөгжих нь хол” гэсэн юм. Давагдашгүй хүчин зүйл буюу цар тахал дэгдсэн, хилийн хорио тавигдсан болон дэлхийн зах зээлд төмөр, бусад түүхий эдийн үнэ өссөнөөс шалтгаалж дотоодод барилгын материалын ханш нэмэгдсээр байгааг Барилга, хот байгууллалтын яамнаас мэдээлсэн. Материалын үнийн өсөлтийн индексийг гаргахад сүүлийн нэг жилд дунджаар 35 хувиар өссөн тооцоо бий нь өндөр үзүүлэлт юм.
Сонирхуулахад, барилгын ажил хийх залуус “Саппоро”-гийн авто замын уулзварын баруун урд талд эгнэн хүлээдэг юм байна. Ажлын хувцсаа хийсэн бололтой жижгэвтэр цүнх барьсан, 20 гаруй хүн зам дагуу зогсох аж. Тэдний нэг Дорноговь аймгийн харьяат Г.Алтансүхтэй ярилцлаа.
-Барилгын ямар ажил хийдэг вэ. Нэг өдрийн хөлс нь хэд бол?
-Засал чимэглэл, өрлөг, шавар бүгдийг хийнэ. Өдрийн хөлсөө тохирно доо.
-80-100 ам метр талбайтай, зуслангийн байшин бариулбал ажлын хөлс хэдэн төгрөг болох вэ. Аль болох хурдан ашиглалтад оруулахын тулд баг бүрдүүлж чадах уу?
-Хаана, ямар материалаар барихаас шалтгаална. Баг бүрдүүлж болно. Санаа, гар нийлдэг 4-5 хүн бий. Өдрийн цалин 80 000-100 000 төгрөг.
-Материал нь бэлэн, ийм хэмжээтэй балкан байшинг ашиглалтад оруулахад хэдэн хоног зарцуулах вэ. Ер нь ажлын олдоц хэр байна?
-Ус, шаваргүй хөрсөнд 100 ам метр хэмжээтэй байшин балкаар барьж, тоосгоор өнгөлөхөд таван хүн нэг сар гаруйн хугацаа зарцуулна. Нэг хүн, өдөрт 80 000 төгрөг авна гэвэл ажлын хөлс 12 сая бөгөөд бага зэрэг “ярьж” болно. Энэ бол хямд үнэ шүү. Бид архи, дарс ууж, ажил цалгардуулахгүй. Гэр бариад, байрлаад ажиллавал нэг сардаа багтаад түлхүүр хүлээлгэн өгье. Хэрэв барилгын материалыг гүйцэтгэгч тал нь гаргавал ам метрийг нь багадаа 1.2 сая төгрөгөөр барьдаг. 100 ам метр хэмжээтэй байшинг 120 саяас дээш үнээр босгоно гэсэн үг. Үүний оронд 4-5 хүн хөлслөөд, өөрсдийн санаагаа хэлж ажиллуулбал хямд тусна гэв.
Өдөр бүр “Гурвалжин”, “100 айл” орчимд миний тооцоогоор 100 орчим хүн “Би чадна” хэмээн зогсож байдаг. Урин дулаан цагт янз бүрийн л ажил хийнэ. Байшин барих, засал хийхээс эхлээд худаг, нүх малтах гээд олон ажил бий. Ажилчдын үнэлгээ дунджаар өдрийн 60 000 төгрөг болсон. Би Дорноговийн Замын-Үүд сумынх. Одоогоос 10-аад жилийн өмнө Замын-Үүдэд үйлчилгээний төв, цайны газар, зочид буудал олноор баригдсан. Тэр үеэс л барилгын туслах ажилчин хийж, ажлын дөр суусан. Мэргэшүүлэх сургалтад хамрагдаж байгаагүй. Эрээн-Замын-Үүдийн хил хаагдсан учраас Замын-Үүд, Дорноговьд ажилгүйчүүд олон болсон. Сүүлийн хоёр жил Улаанбаатарт ч олигтой ажил олдохгүй байна. Өнгөрсөн намраас л ажлын эрэлт ихсэн, орлого олж эхэлсэн гэж тэрбээр нэмж хэлсэн юм.
Бэлтгэсэн С.Дулам