“Visa international”, “MasterCard” зэрэг олон улсын төлбөрийн систем ОХУ-ын зах зээлээс гарч буй аж. Тиймээс Монгол Улсын банкуудын гаргасан олон улсын эрхтэй “Visa”, “Master” картаар хойд хөршид худалдан авалт хийх боломжгүй болж байна. Өөрөөр хэлбэл, тэнд сурч, амьдарч, зорчиж буй Монголын иргэд өнөөдрөөс тус улсын нутаг дэвсгэрт дээрх картуудыг ашиглах боломжгүй гэнэ. Энэ нь e-commerce буюу ОХУ-ын цахим дэлгүүрүүдээр үйлчлүүлэхэд мөн ижил аж. Түүнчлэн Монгол дахь худалдаа, үйлчилгээний байгууллагын хувьд хойд хөршийн банкуудын гаргасан “Visa”, “Master” картыг ПОС дээрээ “уншуулж” төлбөр хүлээн авах боломжгүй юм байна. Манай банкуудын гаргасан олон улсын эрхтэй “Visa”, “MasterCard” төлбөрийн картыг Монгол Улсын нутаг дэвсгэр болон ОХУ-аас бусад оронд чөлөөтэй ашиглах боломжтой юм. Цаашид Монголоос болон өөр улсаас мөнгө шилжүүлж авахын тулд ОХУ, бусад орны арилжааны банкуудад хандан төлбөрийн “UnionPay” системд суурилсан карт захиалан авах боломжтой аж.
Бэлтгэсэн Б.Сонор