Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр мэдээлэл хийлээ. Уг хуралдаанаар Хөгжлийн банканд 2016 онд Засгийн газрын ажлын хэсгийн хийсэн шалгалтын дүнг нийтэд ил болгох асуудлыг хэлэлцсэнийг тэрбээр дурдав. Х.Нямбаатар “Өнгөрсөн хугацаанд ажлын хэсгийн шалгалтын мөрөөр Засгийн газар, хууль хяналтын байгууллагууд ямар ажил хийсэн, ямар ажлууд нь замхарсныг ил тод болгоно. 130 хуудас бүхий шалгалтын материалд тухайлбал, тодорхой эх үүсвэрээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг ямар байдлаар зээл болгон олгосон зэргийг тусгасан шалгалтын дүнг нийтэд ил болгож байна” гэв. Ажлын хэсгээс ямар дүгнэлт гаргаж, юуг анхааруулсан, шалгалтын үр дүнгийн дагуу тухайн үеийн Хөгжлийн банкны удирдлага, Сангийн яам, холбогдох байгууллагууд хэрхэн арга хэмжээ авч ажилласан, өнгөрсөн зургаан жилийн хугацаанд өр төлбөрийг хэрхэн барагдуулсан зэргийг тодорхой болгох нь. Засгийн газрын тогтоол албажмагц дээрх шалгалтын дүнг бүрэн эхээр хэвлэж авах боломжтой аж. Тухайн үед Монгол Улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар хэлэлцээ хийж байсан тул дээрх банкны алдаатай зүйлүүдийг ил болгох нь эрсдэл үүсгэж болзошгүй гэж үзээд олон нийтэд мэдээлээгүйг мөн тэмдэглэв.
Бэлтгэсэн Ц.Ундрал