ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, 423 дугаар хорих анги, Өвөрхангай, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллаж, байгууллагын үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй ажил болон алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, ахуй амьдралтай танилцан, санал сэтгэгдлийг сонсож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ. Тухайлбал, орон нутагт ажиллаж буй шийдвэр гүйцэтгэгчид алслагдсан сум, багт ажил үүргээ гүйцэтгэхэд автомашин хүрэлцээгүй, байгаа тээврийн хэрэгслүүдийнх нь туулах чадвар муу байдгаас шалтгаалан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад болон зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээл үүсэх болжээ. Үүнийг харгалзан дээрх салбаруудад туулах чадвар сайтай автомашин олгосон байна. Энэ үеэр алба хаагчдын санал, хүсэлтийг сонсоход зорчих эрхийг хязгаарлах ялыг хариуцан хэрэгжүүлж буй шийдвэр гүйцэтгэгчдийн орон тоог нэмж, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны зардал, уг ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгчдэд хоригдолтой ажилласны нэмэгдэл зэргийг олгуулах шаардлагатайг онцолсон аж. ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав шийдвэр гүйцэтгэгчийн орон тоог нэмэх, ажиллагааны зардлыг тусгуулах, нэмэгдэл олгуулах асуудлыг онцгойлон анхаарч, ажиллахаа хариуд нь мэдэгджээ.
Дээрх аймгуудад хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан нэг л шийдвэр гүйцэтгэгч ажилладаг бөгөөд дунджаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн 150-200 хүнийг хариуцан хяналт тавьж буй гэнэ. Энэ үеэр алба хаагчдын ажиллах ая тухтай орчин, нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шийдвэр гүйцэтгэгчдэд гэр, орон сууц, компьютер зэргийг олгосон байна.