Баянзүрх дүүргийн Засаг даргаар 2017-2019 онд ажиллаж байсан Т.Баясах тэргүүтэй дөрвөн хүнд холбогдох хэргийг НПГ-ын хяналтын прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцжээ. Улмаар тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяагийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай захирамжийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. Т.Баясах нь Засаг даргаар ажиллаж байхдаа Газар зохион байгуулалтын албаныхаа эрх бүхий ажилтнуудад хууль бус үүрэг өгч, Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс дэх газрыг М.Ширэндэв гэх албан тушаалтны эзэмшилд шилжүүлсэн хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн V хорооны Засаг дарга асан, тус дүүргийн ИТХ-ын Ажлын албаны Аж ахуйн тасгийн дарга М.Ширэндэвт 273 ам метр талбай бүхий газрыг олгуулсан байдаг. Уг газар нь инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхацсан учраас эзэмшүүлэхээс татгалзаад байхад Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Гал, тус албаны ахлах мэргэжилтэн Ц.Отгонбямба нарт хүссэн газрыг нь М.Ширэндэвт олго гэсэн үүрэг өгч 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлүүлсэн аж. Улмаар М.Ширэндэв авсан газраа иргэн М.Баяржавхланд таван сая төгрөгөөр худалдаж, эрхээ шилжүүлсэн байдаг.
Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Т.Баясах, Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Гал, ахлах мэргэжилтэн Ц.Отгонбямба, ИТХ-ын Ажлын албаны Аж ахуйн тасгийн дарга М.Ширэндэв нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-1-ийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бол М.Ширэндэвийг мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлэн, эх үүсвэрийг нууж, эзэмшигчийг өөрчлөн мөнгө угаасан хэмээн эл хуулийн 18.6-1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татжээ.
Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Т.Баясах, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эрх бүхий албан тушаалтан нар АН-ыг эрх барьж байхад хамт ажиллаж, сонгуульд нь хүчин зүтгэж явсан учраас нөлөөлөн хэргийг шийдвэрлэлгүй нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нөхцөлийг бүрдүүлсэн гэж зарим хүн харддаг юм.