Өөртөө ашигтай шийдвэр гаргуулахын тулд хууль хяналтын байгууллагын алба хаагчдад хээл хахууль өгсөн, завдсан тохиолдол цөөнгүй гарах болсон. Ийм нэгэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Э-д хахууль өгөхийг завдсан иргэн У.Саруулсайханд НПГ-аас бусдад хахууль өгсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. У.Саруулсайхан нь Үндэсний хөрөнгө оруулалтын банканд битүүмжлэгдсэн, талийгаач нөхрийнхөө эзэмшлийн дансны битүүмжлэлийг чөлөөлүүлэхийн тулд НШШГГ-ын дээрх албан тушаалтанд хахууль өгөх зорилгоор өрөөнд нь мөнгөө үлдээж гарсан аж. Хууль сахиулах байгууллагаас “Төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай” тогтоол гаргаж нөхөр Ч-гийнх нь Үндэсний хөрөнгө оруулалтын банканд байрших дансыг нь битүүмжилсэн аж. Уг битүүмжлэлийг чөлөөлүүлэхийн тулд өнгөрсөн арванхоёрдугаар сард албан өрөөнд нь шийдвэр гүйцэтгэгчийг эзгүйд орж, ажлынх нь ширээн дээр мөнгөө үлдээж гарсан гэнэ. Тиймээс иргэн У.Саруулсайханд НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн аж.