Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Эмэгтэйчүүдийн амьдралын чанар-2021” судалгааны дүнг энэ сарын 7-нд танилцууллаа. Уг судалгааг Фридрих Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, “Залуу судлаачдыг дэмжих сан” төрийн бус байгууллагатай хамтран хийсэн бөгөөд 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл болсон 1110 эмэгтэйг хамруулсан байна. Эмэгтэйчүүдийн аж амьдралын өнөөгийн байдлыг тус судалгаагаар гаргахыг зорьсон бөгөөд эрүүл мэнд, боловсрол, орлогын эх үүсвэр, аюулгүй байдал зэрэг үзүүлэлтийг хамруулан судалсан аж. Монгол эмэгтэйчүүд амаргүй нөхцөлд аж төрдөг, ихэвчлэн өөрийнхөө бус, гэр бүлийнхнийхээ төлөө амьдардаг гэсэн дүгнэлтийг судалгааны үр дүнд гаргажээ. Тухайлбал, аюулгүй байдлын тухайд таван эмэгтэй тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийлэлд, мөн гэмт хэргийн чанартай халдлагад өртөж байсан гэж хариулжээ. 10 эмэгтэй тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн гэх дүн гарсан гэнэ. Тэгвэл эрүүл мэндийн үзүүлэлтүүдийн тухайд 10 монгол эмэгтэй тутмын хоёр нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт огт хамрагддаггүй гэнэ. Боловсролын тухайд судалгаанд оролцсон бүсгүйчүүдийн олонх нь мэдлэгээ нэмэгдүүлэхийг хүсдэг тухайгаа илэрхийлжээ. Ялангуяа техник, технологийн мэдлэг, ур чадвараа сайжруулах шаардлагатай гэсэн байна. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн сарын дундаж орлого 775 500 төгрөг байжээ. Энэ нь улсын дунджаас 500 000 төгрөгөөр бага үзүүлэлт юм. Үүнээс гадна судалгаанд оролцогчдоос гурван эмэгтэй тутмын нэг нь санхүү болон шийдвэр гаргах тал дээр бусдаас хамааралтай, бие дааж шийдвэр гаргах эрхгүй гэсэн хариулт өгсөн байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн 67 хувь нь ямар ч хуримтлалгүй гэжээ. Мөн судалгаанд оролцсон бүсгүйчүүд өдөрт ердөө 33 минутыг л өөртөө зарцуулж, бусад хугацааг гэр бүл, хань, хүүхдүүддээ зарцуулдаг хэмээсэн аж.
Бэлтгэсэн М.Оч