Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ЭМЯ, ЦЕГ, Жендерийн олон улсын үндэсний хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Хөөрхөн зүрх”, “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” зэрэг төр, хувийн хэвшлийн 20 гаруй байгууллага хамтран “Охидын бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн асуудал” сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа. Охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, энэ талын мэдлэг, боловсрол олгох чиглэлд анхаарч ажилладаг байгууллагынхан өнөөгийн нийгэмд хурцаар тавигдаж буй асуудлуудыг энэ үеэр хөндсөн юм.
Оролцогчдын хөндсөн нийтлэг зүйл нь охидын үзлэг байв. Энэ нь бэлгийн халдашгүй, дархан эрхийг ноцтойгоор зөрчсөн, жендерийн ялгаварлан гадуурхалт гэдэгт тэд санал нэгдсэн бөгөөд цаашид таслан зогсооход дуу хоолойгоо нэгтгэхээр боллоо. ДЭМБ зэрэг олон улсын томоохон байгууллагууд үүнийг охид, эмэгтэйчүүдийг доромжилсон, өвтгөсөн, сэтгэл зүйд нь гэмтэл учруулсан хүчирхийллийн үйлдэл гэж үзэж хориглохыг, таслан зогсоохыг улс орнуудад уриалсаар ирсэн. Гэвч манай улсад, ялангуяа орон нутагт ийм ажиллагааг ил, далд олон удаа зохион байгуулж, охидын эрхэд бүдүүлгээр халдсаар байгааг “Хөөрхөн зүрх” төрийн бус байгууллагынхан онцлов. Зөвлөгөөнд оролцогчид “Ахиад нэг ч охин ийм зүйлээс болж айж, шаналж, гадуурхагдаж, эрх нь зөрчигдөх ёсгүй” гэсэн уриалга гаргажээ.