Монголд тахь сэргээн нутагшуулсны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Үүний хүрээнд Хустайн байгалийн цогцолбор болон Говийн их дархан цаазат газар (ГИДЦГ)-ын Б хэсгийн хамгаалалтын захиргааныхан холбогдох байгууллагуудтай хамтран томоохон хурал, хэлэлцүүлэг, бусад арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж, эхнээс нь тов гаргаад буй. Мөн тэдгээр газар тахийн тоо толгойн өсөлттэй холбоотой хамгийн сүүлийн статистик мэдээллийг олон нийтэд танилцуулсаар байна. Дэлхийд ховордсон зэрлэг адууг Монгол оронд сэргээн нутагшуулах ажлыг 1992 онд эхлүүлсэн ба анхны 15 тахийг Хустайн нуруунд идээшүүлсэн. Харин өдгөө манай улс 851 тахитай болжээ. Тодруулбал, 2021-2022 оны өвөл Хустайн байгалийн цогцолборт газарт 380, Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт 349, Хомын талд 122 тахь идээшин өвөлжсөн байна. Говийн их дархан цаазат газар дахь тахийн тоо сүүлийн нэг жилийн хугацаанд өмнөх оныхоос 19 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож буй гэнэ. Ховд, Говь-Алтай аймгийн газар нутгийг хамарсан энэ хэсэгт үржлийн 26 сүрэг бий бөгөөд 349 тахиас 138 нь гүү, 58 нь азарга аж.
Бэлтгэсэн Ж.Мишээл