Хонх дуугарч, хичээлийн их завсарлагаан болмогц сургуулиас 300 орчим метр зайд орших модон жорлонгийн гадаа уртаас урт цуваа үүснэ. Бусдадаа төвөг удахгүй, удаан хүлээлгэхгүй байх дүрэм тэнд үйлчилдэг гэнэ. Иймд сурагчид модон “амбаар”-аас аль болох хурдан гарахыг хичээнэ. Олон хүнтэй үед хүндээр бие засах тухай бодолтгүй аж. Хэн нэгнийг удаан хүлээлгэх вий, эвгүй үнэр, дуу чимээ гаргах вий гэсэн зовнил тэднийг биологи (бие махбодын)-ийн хэрэгцээгээ хангахад нь саад учруулдаг байна. Нимгэн хувцастай хүүхдүүдийн зарим нь даарснаасаа болоод сургуулийн зүг буцацгаадаг бол тэсэх аргагүйд хүрсэн нь арга буюу дугаарлан зогсоно. Шуургатай үед өнөөх “амбаар”-ын хэдэн талаас салхи сийгэж, байж суухын аргагүй болдог гэнэ. Мөн хүчтэй салхитай үед хаалга нь байдаг томоороо дэлгэгддэг учраас хүүхдүүд нэгийгээ бие засах үед үүдийг нь ээлжлэн дардаг юм байна. Өвөл жорлонгийн үүд, дотор хэсэг битүү мөстдөг учир сурагчид халтирч унахаас ихэд болгоомжилдог аж. Харин урин дулаан цагт өмхий үнэр, ялаа батгана тэсгэл алдуулдаг гэх. Тэрчлэн жорлонгийн тасалгаануудыг тусгаарласан банзнууд хоорондоо зай завсар ихтэй тул сурагчид “Хэн нэгэн харчих вий” гэсэн айдастай байдаг.
Ховд аймгийн Үенч сумын 12 жилийн бүрэн дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч охин дээрх зүйлийг ярилаа. 80 гаруй жилийн түүхтэй, өдгөө 1000 орчим сурагчтай эл сургууль хоёр зуун дамжин нүхэн жорлонтой “нөхөрлөсөөр” өнөөдөртэй золгожээ. Өдий хүртэлх хугацаанд жорлонгийнхоо өнгийг хэдэнтээ өөрчилсөн ч орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчилсэн нь үгүй гэнэ. Тиймээс энэ сургуулийн багш, сурагчид өвлийн тэсгим хүйтэнд, хаврын хавсарга салхитайд, зун, намрын бүгчим өдрүүдэд ч өнөөх тохигүй, бохир, ариун цэврийн байгууламж гэж нэрлэхэд ч гоёдмоор “амбаар”-т бие зассаар иржээ. Тэд ч энэ байдалдаа дасчихаж. Нийслэл, аймгийн төвд, орон сууцад амьдардаг иргэд л паартай байр, паалантай жорлонд тухалдаг, харин сумуудад ийм л байх ёстой (Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн алба хаагчдын орон сууцаас бусад байр, аж ахуйн нэгж, байгууллага бүгд модон жорлонтой) гэж хүлээн зөвшөөрөх хандлага тэнд бий болжээ. Иймд модон жорлонг хэрэглээнээс халах байтугай шинэчлэх, сайжруулах тухай асуудал тэр бүр хөндөгддөггүй гэнэ. Гэтэл дэлхий нийт ийм байгууламжийг хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд хамгийн халтай гэж үзэн жигшдэг, зайлсхийдэг болоод удлаа. Стандартын бус жорлонгоос үүдэлтэй өвчинд шинжлэх ухааны тухайлсан нэр оноож, түүнийгээ ядуу буурай орнуудынх гэж хаяглаж эхэллээ. Ариун цэврийн байгууламжийг амьдралын чанарын үзүүлэлт, суралцах орчны тав тухтай байдалтай салшгүй холбоотой гэж чухалчлах болов. Гэтэл манай улсын хүн амын 63 хувь нь чанарын шаардлага хангаагүй ийм жорлонг өдөр тутам ашиглаж буй бол төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн 35.5 хувь нь дээрх сумынх шиг нөхцөл байдалтай байна. БШУЯ-наас мэдээлснээр өдгөө Монгол Улсад төрийн өмчийн 2301 сургууль, цэцэрлэг бий аж. Харин үүний 819 нь нүхэн жорлонтой. Эдгээрийн дийлэнх буюу 90 орчим хувь нь сумд, үлдсэн нь аймагт буй. Бүгдэд сурч хөгжих ижил тэгш эрх олгох уриатай боловсролын салбарт хот, хөдөөгийн ялгаа хэр зэрэг лавширсныг эндээс харж болохоор санагдлаа. Хүүхдэд ээлтэй сургалтын орчин бүрдүүлнэ, сурах орчин нөхцөлийг сайжруулна хэмээн үеийн үед лоозогносоор ирсэн Засгийн газар, боловсролын асуудал хариуцсан байгууллагынхан өнгөрсөн хугацаанд хэр үр дүнтэй ажилласныг дээрх тоо илтгэж буй юм. Цаашлаад төсвийн хуваарилалт, төрийн санхүүгийн удирдлага, орон нутгийн хөгжил хэчнээн сул байгааг энэ үзүүлэлт илтгэж байна. Хэрэгцээ шаардлага, ач холбогдлоор нь эрэмбэлж, түүнийхээ дагуу асуудлуудыг шийддэг бол манай улс өдийд бүх сургууль, цэцэрлэг, дотуур байраа орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгосон байх байлаа. Харамсалтай нь, эрх баригчид ч, орон нутгийн удирдлагууд ч үүнд хангалттай санаа тавьж чадалгүй өнөөдрийг хүрэв. Тэд сурагчдад ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэхээс илүү хэдхэн жилийн настай хөшөө дурсгал барих, угтах хаалга нэртэй “цемент” босгох ажилд ач холбогдол өгч, үүндээ төсвийн мөнгийг хайр гамгүй зарцуулсаар ирэв. Энэ бол төрд ажиллаж буй хүмүүс хэр зэрэг сэтгэлгүй, хариуцлагагүйн тод жишээ юм. Үүнийг ганцхан баримтаар тодруулъя.
Нүхэн жорлон ашиглаж буй 819 сургууль, цэцэрлэгийг стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох асуудлыг аль 2019 оноос хөндөж эхэлсэн. БШУЯ-ныхан үүнийг шийдвэрлүүлэх зорилгоор 2020 онд УИХ-ын эмэгтэй гишүүдэд хандаж, тэднээс тусламж хүссэн байдаг. Улмаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үүнд шаардлагатай 100 тэрбум төгрөгийн дэмжлэгийг эмэгтэй улстөрчдийн саналын дагуу, нийгмийн хариуцлагын хүрээнд үзүүлэхээр болсон. Тухайн онд төсөв хэлэлцэх үеэр сургууль, цэцэрлэгийн ариун цэрийн байгууламжийн асуудлыг онцгойлон авч үзсэн бөгөөд шаардагдах зардлыг 2021 оны төсөвт тусгасан байдаг. Гэвч үүнээс хойш нэг жил, дөрвөн сар өнгөрсөн ч 819 сургууль, цэцэрлэгээс нэг нь ч нүхэн жорлонгоосоо салсангүй. Сурагчид бие засахын тулд өвөл, зунгүй гадаа дугаарлан зогсдог хэвээр байна. Өөрөөр хэлбэл, санхүүжилтийг нь шийдсэн ч ажил огт урагшилсангүй.
Өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур болсон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдааны үеэр Ч.Ундрам, Б.Баярсайхан тэргүүтэй УИХ-ын эмэгтэй гишүүд ажлын явц ямар байгааг Л.Энх-Амгалан сайдаас тодруулахад “Үүн дээр үнэхээр хариуцлага алдсан. Ариун цэврийн байгууламжуудыг ямар технологиор барихаа шийдэх гэж нэлээд хугацаа зарцуулсан. БШУЯ үүнийг дур мэдэн шийдчихвэл дараа нь янз бүрийн эрсдэл үүсэж болзошгүй. Тиймээс БХБЯ, БОАЖЯ-ныхныг энэ ажилд татан оролцуулж, гурван яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг томилсон. Технологи сонголтод багагүй хугацаа алдсан учраас тендерээ оройтож зарлалаа. Ариун цэврийн байгууламжийг хаана, ямар байдлаар баривал тохиромжтой вэ гэдгийг тодорхойлох суурь судалгааны ажлыг орон нутгийнханд өөрсдөд нь даатгаж, чиглэл өгсөн. Гэвч тэдний ирүүлсэн мэдээлэл нь бодит байдлаас ихээхэн зөрүүтэй байснаас болоод гүйцэтгэлийн шатанд хүндрэл учирсан” гэсэн бол тухайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн “Ажил удааширсан ч 2022 онд бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Цаашид гүйцэтгэлийг эрчимжүүлэхэд анхаарна” хэмээн ам гарч байв. Гэвч үүнээс хойших хоёр сарын хугацаанд дорвитой ахиц дэвшил гараагүй л байна.
Сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчлэх ажил өдгөө ямар шатанд буйг тодруулахаар БШУЯ-ныханд хандахад “Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга С.Нансалмаагаар ахлуулсан ажлын хэсэг яг одоо орон нутагт ажиллаж байгаа. Зайлшгүй очих шаардлагатай газруудад, орон нутгаас тавьсан хүсэлтийн дагуу ажиллаж, асуудлыг шийдвэрлэж буй. Саяхан Архангайн сумуудад ажилласан. Одоо Хөвсгөлд яваа. С.Нансалмаа даргаас мэдээлэл авах боломжтой” гэсэн юм. Түүнтэй холбогдохоор удаа дараа оролдсон боловч утас нь ихэнхдээ холбогдох боломжгүй, зарим тохиолдолд авахгүй байв. Баттай эх сурвалжийн өгч буй мэдээллээр БШУЯ гүйцэтгэгчээр шалгараад байсан зарим компанитай байгуулсан гэрээгээ цуцлахдаа тулаад буй гэх. Харин өнөөдүүл нь үүнийг эсэргүүцэн шүүхэд хандахаа мэдэгджээ. Энэ бүхнээс харахад, 819 сургууль, цэцэрлэгийг шинэ ариун цэврийн байгууламжтай болгох ажил төлөвлөснөөс ч удаан хугацаагаар сунжирч болзошгүй нь. Зарим аймаг, сумд хэрэгжүүлэх ажил Дархан-Уулын зам шиг шүүхийн шийдвэрээс болоод хэдэн сар, жилээр ч гацаж магадгүй нь. Ариун цэврийн байгууламж барихад тодорхой технологи, стандарт мэдээж шаардлагатай. Нэг үеэ бодоход манай улсад энэ чиглэлийн туршлагатай компани олширсон. Хэрэв БШУЯ-ныхан эхнээсээ тооцоо, судалгаатай хөдөлсөн бол, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн зэрэг мэргэжлийн судалгааны байгууллагыг үүнд дайчилсан бол туршлагатай, найдвартай аж ахуйн нэгжүүдтэй хамтарч, тэдний арга технологийг ашигласан бол ингэж хугацаа алдаж, нэг ажлаа хоёр удаа хийхгүй байлаа.
“Дэлхийн зөн” олон улсын байгууллага гэхэд энэ чиглэлд арвин туршлагатай юм билээ. Тэд өөрсдийн хөрөнгөөр, ХААН банк, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг байгууллагын санхүүжилтээр өнгөрсөн найман жилийн хугацаанд 110 орчим сумын ерөнхий боловсролын сургуулийн жорлонг шинэчилж, сайжруулжээ. Хамгийн сүүлд гэхэд 2020 онд Завхан аймгийн Улиастай, Сэлэнгийн Хүдэр, Ерөө, Дулаанхаан сумын сургуульд худаг, халуун ус, бие засах газар бүхий цогц байгууламжийг ашиглалтад оруулсан байна. Тус байгууллагын төслийн мэргэжилтэн Д.Долгорсүрэн “Бид эхэндээ сургуулиудын нүхэн жорлонг сайжруулах чиглэлд анхаарч байсан. Гэвч хүүхдүүд бие засахын тулд сургуулиасаа гарагшаа гарах, даарах, хүйтэнд дугаарлах зэрэг асуудал хэвээр үлдсэн юм. Тиймээс чингэлэг ашиглан ариун цэврийн байгууламжаа сургуультай холбох шийдлийг 2017 оноос нэвтрүүлсэн. Гэтэл энэ нь дулаан их хэмжээгээр алддаг, орон зайн хувьд давчуу байсан учраас дахиад л шинэчлэхээс аргагүйд хүрсэн. Энэ мэтчилэн тасралтгүй шинэчилж, сайжруулж явсаар сургуулийн дотор цогц байгууламж барих шийдэл дээр тогтоод байна. Үүнийгээ цөөнгүй сумд хэрэгжүүлсэн. Нэг ариун цэврийн байгууламжид дунджаар 90 орчим сая төгрөг зарцуулдаг. Ажлаа эхлүүлэхээс өмнө суурь судалгааг маш чамбай хийж, төлөвлөдөг” гэж ярьсан юм. Магадгүй БШУЯ-ныхан эл байгууллагынхнаас дэмжлэг авч, туршлага судалсан бол үнэтэй зөвлөгөө, сургамж чамгүй олныг авах байсан биз ээ.
Монгол Улсын Засгийн газар 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө “Суралцагчдад ээлтэй сургалтын орчин бүрдүүлнэ” гэж тусгасан. Үүнийхээ хүрээнд жил бүр 100-гаас доошгүй цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн өрөөтэй болгох зорилт дэвшүүлээд буй. Хэрэв тэд үүнийгээ яг таг хэрэгжүүлсэн бол 819 хэмээх тоо өдийд 200 гаруйгаар цөөрсөн байх байв. Гэтэл өдгөө бахь байдгаараа буй. Гурван яамны хамтарсан ажлын хэсэг томилоод ч эдгээрийн судалгаа, тооцооллыг бүрэн гаргаж дөнгөсөнгүй. Монголын төр ийм л чадамжгүй, унхиагүй, сэтгэлгүй аж. Улстөрч, төрийн албаныхныг ийнхүү мунгинаж, хэрэлдэж, хэлэлцэж суух зуур мянга, мянган хүүхэд хүйтэнд хөрч, халуунд халан, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Тэд сургуулийн орчинд тухтай бие засах, ариун цэврийн хэрэглэлээ солих эрхээ “хязгаарлуулсны” зэрэгцээ гараа ч угаах боломжгүй нөхцөлд буй.