-“Ногоон” 2910 төгрөгтэй тэнцэв-
Америк мөнгөн тэмдэгтийн ханш “Найман шарга” захад Цагаан сараас хойш өссөөр, өнгөрсөн ням гарагт 2900 төгрөг давсан. Энэ өдөр ченжүүд уг валютыг 2900 төгрөгөөр худалдаж аваад, 2908-2910-аар зарж байсан юм. Тэгвэл тэд өчигдөр “ногоон”-ыг 2895-2900 төгрөгөөр аваад, 2910-аар борлуулсан хэвээр байлаа. Өнгөрсөн хоёрдугаар сарын 20-нд ам.долларыг авах, зарах ханш хоёул 2860 төгрөг давж байв. Мөн сарын эцэст дээрх тоо 2890-д тун дөхсөн бол өдгөө 2910 төгрөгт хүрээд буй нь энэ. Ам.долларын ханш ийнхүү цойлсоор, авах нь ердөө нэг сарын дотор даруй 46, худалдах нь 53 төгрөгөөр чангараад байна. Арилжааны банкуудын бэлэн бус ханшаар өчигдөр “ногоон”-ыг авах нь 2866-2870, зарах нь 2876-2878 төгрөгтэй тэнцэж байв. Монголбанкны зарласан ханшаар ам.доллар 2874.58 төгрөгтэй дүйж байсан нь нэг сарын өмнөхөөс 0.82 хувиар дээшилсэн үзүүлэлт юм.
Нэгэн компанийн төлөөлөл “Банкууд хэд хоногийн өмнөөс өдөрт 30 мянган ам.доллароос дээш гүйлгээ хийлгэхгүй гэж хязгаар тавьсан нь манай үйл ажиллагаанд маш их хүндрэл учруулж байна” хэмээн дурдлаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг твиттертээ уржигдар “Банкууд гадаад төлбөрт 100 сая төгрөгөөс дээш валют гаргахгүй хязгаарлалт тогтоосон байна. Гадаадаас авдаг эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн төлбөрөө төлөх хэрэгтэй байдаг” хэмээн бичсэн байв. Ам.долларын ханшийн талаар Монголбанкнаас тодруулахад “Интервенц хийдгээрээ л хийнэ, хэмжээг нь нэмэхгүй. Банкууд хэр хэмжээний ам.доллар зарах нь өөрсдийнх нь хэрэг. Барааны нийлүүлэлт өсөж буй нь ам.долларын ханш дээшлэхэд нөлөөлж байгаа. Цаашид долларын ханш тэгтлээ өсөхгүй болов уу” гэв.
Энэ он гарснаас хойш Монголбанкнаас гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар 1.33 тэрбум ам.доллар нийлүүлжээ. Тодруулбал, нэгдүгээр сард найман удаагийн дуудлага худалдаагаар 565.9 сая “ногоон” нийлүүлсэн аж. Ингэхдээ гурван удаагийнхад нь ирүүлсэн саналыг бүрэн биелүүлжээ. Өнгөрсөн сард долоон удаагийн дуудлага худалдаагаар 588.5 сая ам.доллар нийлүүлэхдээ хоёрт нь ирүүлсэн саналыг бүрэн биелүүлсэн байна. Тэгвэл энэ сард хоёр удаагийн дуудлага худалдаагаар 184 саяыг нийлүүлээд буй юм. Тус банкны цахим хуудсанд мэдээлснээр манай улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар 3.68 тэрбум ам.доллар болсон нь өмнөх сарынхаасаа 260 саяар буурсан үзүүлэлт. Өнгөрсөн сард Монгол Улсын импортод зарцуулсан ам.долларын дүн экспортын орлогынхоос 17 орчим саяар давж, 556.5 саяд хүрснийг Гаалийн ерөнхий газраас мэдэгдсэн юм. Уг нь дэлхийн зах зээлд тонн зэсийн ханш өдгөө 10 729, унци алтных 2000 ам.долларт хүрээд буй. Мөн Австралийн боомт дахь тонн нүүрсний фьючерс ханш 440 “ногоон” давсан гэх мэдээлэл бий. Манай улсаас Ганцмодны боомтоор нийлүүлсэн тонн нүүрсний үнэ ч 410 орчим ам.долларт хүрснийг салбарын яамнаас мэдээлсэн. Гагцхүү манайх тээврийн хүндрэлээс үүдэн экспортоо өсгөх боломж бага байгааг мэргэжилтнүүд ярьж байна.
Монголбанк эдийн засгийн байдал, цаашид хэрэгжүүлэх зарим төлөвлөгөөний талаар өмнөх долоо хоногт мэдээлэл хийсэн. Энэ үеэр 2021 онд эдийн засагт гарсан өөрчлөлтийн талаар дурдахдаа “Хилийн боомт дахь тээвэрлэлт удааширч, экспорт буурсан” хэмээсэн билээ. Ийм байдал одоо ч үргэлжилсээр. 2022 он гарснаас хойш буюу хэтрүүлж хэлбэл, эхний улирал дуусах дөхөж байхад Монгол Улс ердөө 1.39 сая тонн нүүрс, зэсийн баяжмал 228.3, төмрийн хүдэр, баяжмал 336.7 мянган тонныг экспортолсон дүн бий. Энэ нь өмнөх оны эхний хоёр сард чулуун нүүрс 4.52, төмрийн хүдэр, баяжмал 1.21 сая, зэсийн хүдэр, баяжмал 226 мянган тонныг экспортолсонтой харьцуулахад ихээхэн багассан гэсэн үг. Дээр дурдсанчлан манай улсын экспортын голлох, ам.доллар “олдог” бүтээгдэхүүнүүдийн ханш дэлхийн зах зээлд өссөн ч нийлүүлэлт ийнхүү бага хэвээр байна. Эрдэс баялгийн салбараас Монгол Улсын нэгдсэн төсөвт төвлөрүүлсэн орлого 2021 оны гүйцэтгэлээр 4.1 их наяд төгрөг болсон нь өмнөх жилийнхээсээ 54 орчим хувиар өссөн дүн юм. Гагцхүү дэлхийн зах зээлд тавааруудын ханш өссөн нь үүнд эерэг нөлөө үзүүлсэн билээ. Хэрэв ийм боломж бүрдээгүй бол манай орлого сох дутах байсан нь ойлгомжтой. Эрдэс бүтээгдэхүүний экспортыг бүтцээр нь харвал 2021 онд 28.7 сая тонн нүүрс нийлүүлэхээр төлөвлөсөн ч 16, найман сая тонн төмрийн хүдэр худалдахыг зорьсон ч 7.1 саяд хүрсэн юм. Мөн 5.5 сая баррель газрын тос нийлүүлэхээр төлөвлөсөн ч 4.3 саяыг экспортолсон. Харин зэсийн баяжмал, алтных ялимгүй өссөн билээ. Тодруулбал, 1.1 сая тонн зэсийн баяжмал нийлүүлэхээр төлөвлөсөн ч 1.3, алт 20 тонныг худалдахаар зорьсон бол 20.8-ыг экспортолсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн.
Нөгөөтээгүүр, ОХУ-тай худалдаа хийдэг орнуудын эдийн засагт сөрөг нөлөө үүсэх талтай гэж Олон улсын валютын сангаас мэдэгдсэн бол “Morgan stanley”-гийн зүгээс хойд хөршид ирэх дөрөвдүгээр сард дефолт зарлаж магадгүй хэмээн мэдээлжээ. Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр энэ оны нэгдүгээр сарын байдлаар манай улсын импортын гуравны нэг буюу 33.9 хувь нь ОХУ, 27.4 нь БНХАУ-д ногдсон дүн бий. Импортын барааг бүтцээр нь харвал хамгийн өндөр буюу 20.8 хувийг нь нефтийн бүтээгдэхүүн, наймыг нь суудлын автомашин, 2.5-ыг нь цахилгаан эрчим хүч эзэлсэн байна. Гадаад худалдаа, тэр дундаа импортын дийлэнх нь ногддог ОХУ-ын нөхцөл байдал манайд нөлөөлөх нь тодорхой. Энэ мэтчилэн дотоод, гадаад хүчин зүйлсээс шалтгаалж ам.долларын ханшийн өсөлт цаашид хэд хүрэхийг одоогоор таашгүй байна.