Дэлхийн даяар эмэгтэйчүүдийн эрхийг олон улсын гэрээ, конвенцууд болон Хүний эрхийн түгээмэл тунхаглалаар баталгаажуулсан хэдий ч одоогоор хүн ам нь хүчирхийлэл, хүний эрхийн зөрчилгүй улс орон, түүний хор хөнөөлөөс ангижирсан жендерийн болон хүн амын бүлэг гэж байхгүй байна. Ямар ч хүн хүйс, жендер болон жендерийн илэрхийллээсээ үл хамааран хүчирхийллийн бүх хэлбэрээс ангид байх нь хүний эрхийн чухал асуудал гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч, энэ удаагийн нийтлэлээрээ эмэгтэйчүүдийн эрхийн талаар дурдана.
Эмэгтэйчүүдийн эрх бодит амьдрал дээр зөрчигдөж, хүчирхийлэлд өртөгчдийн хүйсийн байдлаар ч давуу байна. Тэд эрхээ жинхэнэ утгаараа эдэлж чадахгүй байгаа нь ихэнхдээ тэдний хүйсийн ялгаанаас болсон нь үнэхээр харамсалтай, шударга бус байдал юм.
Энэхүү шударга бус явдлыг бодит амьдрал дээр бий болгож, хүчирхийллийг өөгшүүлэгч нь хүмүүс өөрсдөө юм. Энэ нь нийт иргэдийн жендерийн болон хүний эрхийн мэдрэмжгүй хандлагаас үүдэлтэй. Дөнгөж төрсөн хүүхдэд бэлэг сонгохдоо эрэгтэй байвал цэнхэр, эмэгтэй байвал ягаан, эрэгтэй нь дарга, эмэгтэй нь нарийн бичиг, эхнэр нь гэртээ хүүхдээ хараад байх ёстой, нөхөр нь харин гэр бүлээ тэжээхийн тулд мөнгө олох ёстой гэсэн хүмүүсийн тархинд, далд ухамсарт үүссэн тэр нэгэн хандлагын тухай ярьж байна. Бид энгийн яриандаа хүртэл жендерийн мэдрэмжгүй яриаг ярьж хүйсийн ялгааг гаргаж байгаа учраас хүчирхийлэл, шударга бус байдлыг дэвэргэж байдаг.
Гэвч дээр дурдсан жишээгээр жендерийн мэдрэмжийг бүрэн илэрхийлээгүй, зөвхөн нэг л жишээ юм.
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн хэлбэрийг бэлгийн, эдийн засгийн, сэтгэл зүйн, бие махбодийн гэж ангилж болно. Тэгвэл бэлгийн хүчирхийллийн талаар Европын Холбоог (ЕХ) тэр чигээр нь хамарсан хамгийн сүүлийн үеийн судалгаа болох 2014 онд Суурь эрхийн төлөөх байгууллагын хийсэн эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн судалгааны дүнгээс үзэхэд ЕХ-нд арван эмэгтэй тутмын нэг (11%) нь 15 нас хүрээд бэлгийн хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртсөн байна. ЕХ-нд хорин эмэгтэй тутмын нэг (5%) нь 15 нас хүрээд хүчиндүүлсэн байна. Суурь эрхийн төлөөх байгууллагын тооцоолсноор, энэ нь ЕХ-нд нийтдээ 9 сая гаруй эмэгтэй 15 нас хүрээд хүчингийн хэргийн золиос болсон гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Хүчин болон бэлгийн хүчирхийллийн бусад хэлбэр нь хохирогчийн бие махбод, сэтгэл санааны бүрэн бүтэн байдал, бэлгийн бие даасан байдалд бүдүүлгээр халдсан явдал юм. Хүчин нь хүний эрхийн зөрчил болоод зогсохгүй бусад олон суурь эрхүүдийг зөрчих үндэс болдог. Тухайлбал, хохирогчийн амьд явах эрх, бие болон сэтгэл зүйн хувьд эрүүл байх эрх, хувь хүний аюулгүй байдал, эрх чөлөө, жендер болон жендерийн илэрхийллээс үл хамааран гэр бүл болон хуулийн өмнө тэгш байх эрх, ялгаварлан гадуурхалт, эрүү шүүлт болон бусад хууль бус хандлагаас ангид байх эрх гэх мэт олон эрхийг зөрчдөг билээ. Ихэнх тохиолдолд хохирогчид эрхээ мэдэхгүйгээс болж хуулийн туслалцаа өмгөөлөл авахын тулд жендэрийн хэвшмэл ойлголт, бэлгийн хүчирхийлэл гэж юуг хэлэх талаар буруу ойлголттой байх, хохирогчийг буруутгах, нэр хүндийг нь гутаах, тусламж дэмжлэг хангалтгүй байх, хууль эрх зүйн тогтолцоо үр дүнгүй байх гэх мэт олон саад бэрхшээлтэй тулгарч байна. Биеэ үнэлэгчид, хөдөө орон нутагт амьдардаг, орон гэргүй, иргэншил, цагаачлалын асуудалтай, бүртгэлгүй шилжин суурьшигч, мансууруулах бодис хэрэглэдэг, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай охид, эмэгтэйчүүд хүчин болон бэлгийн хүчирхийллийн бусад хэлбэрийн хохирогч болсон тохиолдолд шүүн шийдэх үйл явцад эрх нь хамгийн их зөрчигдөх магадлалтай байдаг.
Хүний эрхийн олон улсын болон бүсийн хууль эрх зүйн баримт бичгийн дагуу улс орнууд охид эмэгтэйчүүдийг жендерт суурилсан хүчирхийллээс хамгаалах, ийм хэргийн тохиолдол болгоныг мөрдөн шалгаж, зохих шийтгэлийг нь ноогдуулах, хохирогчийг өмгөөлөх үйлчилгээг зохион байгуулах үүрэгтэй. Энэ нь тухайн хохирогчийн асуудлыг шийдвэрлээд зогсохгүй, бэлгийн хүчирхийллийн суурь шалтгаан болсон үндэсний хууль тогтоомж, бодлого, хандлагыг өөрчлөх ажлыг хийх шаардлагатай гэсэн үг юм.
Иймээс энэхүү судалгаагаар эмэгтэйчүүдийн эрхийн зөрчлийн жишээг, судалгаатай харуулахыг хичээлээ.
Бид МАРТ гээд ээж, эгч, эмэгтэй найзууддаа цэцэг, шоколад өгч баярлуулдаг хэрнээ бусад үед магадгүй жендерийн мэдрэмжгүй яриа тогтсон хандлагаар ханддаг нь тэдний эрхийг зөрчих нэг шалтгаан болдог тул МАРТЫГ БАЯР БИШ ЭРХИЙН ӨДӨР гэж хүмүүст ойлгуулах шаардлагатай юм.
Эх сурвалж:
- Хүчирхийллээс ангид байх эрх тайлан, Эмнести Интернэшнл
- [1] НҮБ-ын эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлаарх Тусгай илтгэгчийн 2010 оны тайлан, НҮБ-ын баримт A/HRC/14/22. Хуучирсан ойлголтоос салж эрэгтэй, эмэгтэй, бүх хүйсийн хүмүүсийн нийгмийн болон соёлын хандлагыг өөрчлөх ажлыг хийх нэн шаардлагатай юм.
Бэлтгэсэн Г.Сүхбат