Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон хүний тоо 2021 оны эцэст 105.6 мянга байгаа нь 2020 онтой харьцуулахад 5.0 мянгаар буурсан үзүүлэлтэй байна. Энэ нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас улсын хэмжээнд хяналт шалгалтын ажлыг холбогдох байгууллагатай хамтран эрчимтэй явуулсантай холбоотой. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийг Засгийн газрын 67 дугаар тогтоолоор шинэчлэн батлуулж, холбогдох журам, заавар, жагсаалтыг Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисстой хамтран шинэчилсэн. Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын эрх зүйн баримт бичгийн шинэчлэлийн ажлын нэг нь Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/758/А/197 дугаар хамтарсан тушаалаар шинэчлэн баталсан “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа” юм. Шинэчлэн баталсан өвчний жагсаалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөхтэй холбоотой улсын хэмжээнд бүсчилсэн сургалтыг яам, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс хамтран зохион байгуулж байна. Энэ ажлын эхлэл нь Баян-Өлгий аймагт 2022 оны гуравдугаар сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож буй бодлого зохицуулалт” сэдэвт баруун бүсийн сургалт юм. Сургалтад Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд зэрэг зургаан аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын орлогч дарга, магадлагч эмч, төрөлжсөн мэргэжлийн эмч нар, нийт 40 орчим гишүүд, эмч, мэргэжилтнүүд оролцож байна. Сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар нээж үг хэлсэн ба Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НДЕГ-ын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, ЭМЯ-ны дэргэдэх дотор, мэдрэл, сэтгэц, чих, хамар, хоолойн өвчний мэргэжлийн салбар зөвлөлийн мэргэшсэн эмч нар оролцож хичээл зааж, мэдээлэл өгөв. Энэхүү сургалт нь эмнэлэг хөдөлмөр, магадлалын талаар баримталж буй бодлого, эрх зүйн зохицуулалт тэр дундаа Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/758/А/197 дугаар хамтарсан тушаалыг хэрхэн хэрэгжүүлэх талаар нэгдсэн ойлголт өгч байгаагаараа ач холбогдолтой болж байна.