“Вестерн Холд” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Ховд эко цемент” төслийн удирдагч С.Жавхланбаатартай ярилцлаа.
-Хөгжлийн банк тойрсон асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Ихэнх зээл нь чанаргүй ангилалд орчихсон, зориулалтын бусаар зарцуулсан, эргэн төлөлт хийхгүй байгаа зэрэг нь нийгмийг бухимдуулж байх шиг. Гэхдээ энэ бүхний хөлд хэвийн төлөлттэй, хуулийн дагуу зээл авсан, зориулалтаар нь зарцуулаад явж байгаа зарим төсөл “хэлмэгдээд” байх шиг.
-Юуны түрүүнд, “Ховд эко цемент” төслийн зорилго нь боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулж, нэмүү өртөг бий болгох явдал. Баруун бүс нутгийн иргэд, аж ахуйн нэгжийг хямд өртөгтэй цементээр хангах юм.
Хоёрдугаарт, бид Хөгжлийн банкнаас зээл авсан. Гэхдээ төслийнхөө нийт өртгийн 40 хувийг Хөгжлийн банкнаас авсан. Үлдсэн 60 хувийг нь бид өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа. Одоо үүсээд буй нөхцөл байдал, чанаргүй зээлтэй холбоотой асуудлыг бид мэдэхгүй, хамаагүй. Юутай ч манай төсөл зээлээ зориулалтын дагуу зарцуулж байгаа. Хөгжлийн банкнаас гаргасан албан ёсны мэдээллээс ч “Ховд эко цемент” төсөл хэвийн зээлийн ангилалд багтаж байгааг харах боломжтой. Хөгжлийн банкнаас жилд 2-3 удаа шалгадаг. Саяхан бас шалгасан. Эл асуудалтай холбоотойгоор байгуулагдсан, УИХ-ын ажлын хэсгийнхэн ч өнгөрсөн долоо хоногт шалгаж, танилцсан. Нүдэнд харагдаж, гарт баригдахуйц бүтээн байгуулалт хийчихсэн байгаа. Ямар ч асуудалгүй.
-Монгол Улс цементийнхээ хэрэгцээг дотооддоо бүрэн хангадаг болсон. Дахин үйлдвэр барих хэрэгтэй юм уу?
-Ний нуугүй хэлэхэд манайхан төвийн бүсэд баахан үйлдвэр уралдаад барьчихсан. Тэндээс дунджаар 1500 км-т, Ховд аймагт цемент зөөхөөр тээврийн зардал нь тонн тутамд 110-120 мянга гардаг. 60 тонн-ын даацтай нэг машинаар авчрах зөвхөн зардал нь 6-7 сая төгрөг гэсэн үг. Сая цар тахалтай холбоотойгоор энэ зардал бүр 10 сая болсон. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарт өнөөдрийн байдлаар 270 орчим мянган төгрөг хүрээд байгаа нэг тонн цемент Ховдод, баруун бүсэд 450 мянган төгрөг хол давахаар байна. Үүнийг дагаад сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригддаг бүхий л барилга, иргэн аж ахуй нэгжийн орон сууц, хашаа гээд цемент шаардагддаг бүхий л барилгын өртөг өсдөг. Баруун бүс өөрийн цементийн үйлдвэртэй болсноор өнөөдрийнхөөс хоёр дахин бага үнээр цементээ худалдаж авах боломжтой болно. Төр, засгийн бодлого нь ч ийм юм.
-Та төр, засгийн бодлого талаас нь тодруулахгүй юу?
-УИХ 2012 онд бүсчилсэн хөгжлийн талаарх бодлогын баримт бичиг баталж, барилгын материалын үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Ингэхдээ цементийн үйлдвэрүүдийг төв, баруун, зүүн бүсэд байгуулахаар тусгасан юм. Бүс, бүсэд нь байгуулахгүй бол тээвэрлэлтийн зардал, өртөг өндөр байгааг шийдвэрлэх боломжгүй гэж үзсэнийх шүү дээ. Иргэдийн хашаа, хауснаас авахуулаад сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих өндөр өртөгтэй төсвийн тендерүүдийн ч өртөг буурна. Бид үйлдвэр барих гэж Улаанбаатараас 10 мянган тонн шахам цемент зөөсөн байх жишээтэй. Тэр болгонд асар өндөр зардал гарсан. Энэ бол дараагийн том том төслүүдийн эхлэл байх болно. Цементийг нь өндөр зардлаар зөөж байгаа тохиолдолд дараагийн том төслийн талаар ярихад хэцүү. Ингээд баруун бүсийн үйлдвэрийг тулгуур төв Ховд аймагт байгуулахаар заасан. Үүнээс өмнө, бүр 1990-ээд онд Энэтхэгийн зээл, тусламжаар Ховд аймагт цементийн жижиг үйлдвэр барьсан нь огт ажиллаагүй, одоо сэг болчихсон. Өөрөөр хэлбэл, социализмын үеэс л цементээ дотооддоо үйлдвэрлэх хүсэл эрмэлзэл төр, засгийн бодлогод шингэж ирсэн гэсэн үг. Ингээд УИХ-ын тогтоолын дагуу 2015 онд Засгийн газар холбогдох тогтоолыг баталсан. Тодруулбал, ”Вестерн Холд” ХХК баруун бүсийн хэрэгцээг хангах цементийн үйлдвэрийг Ховд аймагт байгуулахыг дэмжиж байна гэсэн агуулгатай. Тухайн үед төслийн ТЭЗҮ-ийг урьдчилсан байдлаар батлуулчихсан байсан. 2017 онд ТЭЗҮ-ийг шинэчлэн баталж, төслөө Засгийн газарт танилцуулахад дэмжсэн юм. Нөгөө талаас Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ч энэ төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ баталдаг. 2016 онд УИХ-аас баталсан Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт ч энэ тухай тусгасан. Улмаар Засгийн газрын 2020- 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт барилгын суурь материалуудын үйлдвэрийг төрөөс бодлогоор дэмжиж, бүсчлэн хөгжүүлэх замаар энэ төрлийн импортыг орлох тухай зорилт бий.
-Үе үеийн Засгийн газар, төрийн бодлогод энэ асуудал тусгалаа олж ирсэн ч өнөөдөртэй золгосон шалтгааныг нь та юу гэж хэлэх вэ?
-Төрийн мөнгө, хүч хүрэхгүй, хэрэгжүүлж чадахгүй учраас бодлого нь цаасан дээр л үлддэгийн нэг жишээ нь энэ төсөл. Баруун бүсэд цементийн үйлдвэр барина гэсэн бодлого нь 20, 30 жил цаасан дээр л байна шүү дээ. Тиймээс энэ ажлыг хувийн хэвшил барьж авч, манлайлан хэрэгжүүлж байна. Төслийн нийт өртөг 70 сая орчим ам.доллар болох төлөвтэй байна. Үүний 28 саяыг нь л Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн. Бусдыг нь хувийн хэвшил гаргаж байгаа учраас “манлайлан хэрэгжүүлж байна” гэж тодотгоод байгаа юм. Бид өөртөө маш их эрсдэл үүрсэн.
-Баруун бүсийн хэмжээнд Ховдоос өөр аймагт ийм үйлдвэр байгуулъя гэсэн төсөл, судалгааг өөр, бусад аж ахуйн нэгж хийсэн тохиолдол байдаг уу?
-Байхгүй. Хамгийн сайн шохойн чулуу, гол түүхий эд нь Ховдод байна. Үйлдвэрийг шохойн чулууны ордын яг хажууд байгуулж байгаа. Говь-Алтайд шохойн чулууны орд бий. Гэхдээ цементийн үндсэн түүхий эд нь чанартай, нөөц өндөр байх ёстой. Хятадын барилгын материалын лаборатори дэлхийд эхэнд үнэлэгддэг. Манайх шохойн чулууг тэнд шинжлүүлэхэд хамгийн өндөр үнэлгээ авсан. Дотоодын мэргэжлийн байгууллагын шинжилгээгээр ч өндөр гарсан.
Нөгөө талаас газар зүйн байрлалын хувьд Ховд аймаг бүсийнхээ төвд оршдог. Мөн одоогоор эрчим хүчний хувьд ийм том үйлдвэр барих ганц цэг нь Ховд. Бид маш олон судалгаа хийсэн. Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Увсад ийм үйлдвэр байгуулах эрчим хүч байхгүй, боломжгүй. Энэ үйлдвэрт нэг аймгийн хэрэглээтэй тэнцэхүйц эрчим хүч шаардлагатай.
-Үйлдвэр ажиллаж эхэлснээр бүтээгдэхүүний үнэ хэд байх талаар тооцоо хийсэн үү?
-Урьдчилсан тооцоо бий. Ер нь бол өнөөгийн үнийг хоёр дахин бууруулах зорилттой гэдгийг дээр дурдсан. Мэдээж тооцоо хийж байх үеийн ус, эрчим хүчний төлбөр, ажиллах хүчний зардал ирээдүйд яаж өсөхийг мэдэхгүй. Гэхдээ ямар ч тохиолдолд Улаанбаатараас авах өртгөөс хямдарна. Аль болох нийслэлийн үнэтэй дүйцүүлэн нийлүүлэх зорилготой. Ер нь цементийн үнэ одоогийнхоос 50 орчим хувиар буурахад барилга, байгууламжийн өртөг 25-30 хувиар багасах тооцоо байдаг.
-Төслийн явц, гүйцэтгэл хэдэн хувьтай байна вэ?
-2019 оны тавдугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх үйлдвэрийн шав тавьж, мөн оны хоёрдугаар хагаст ажлаа эхлүүлсэн. Зэлүүд тал биднийг угтсан шүү дээ. Удалгүй коронавирусийн халдвар дэгдэж, хил хаагдсанаар гадаад мэргэжилтнүүд орж, гарч чадахаа байсан. Барилгын материалуудын үнэ ч өслөө. Тоочвол олон хүндрэл байсан ч манай төслийн бүтээн байгуулалт огт зогсоогүй. Барилгын ажил бараг дууссан, 97 хувьтай явна. Энэ бол тасралтгүй ажилласны үр дүн. Тоног төхөөрөмжийн ажил 30 орчим хувьтай байна. Хил хаалттай, захиалсан тоног төхөөрөмжөө татаж авахад удаашралтай байна. Мөн тоног төхөөрөмжийг гадаад ажилчид, нарийн мэргэжлийн инженерүүд угсардаг. Уг нь нийт 280 гадаад мэргэжилтэн ирж угсрах ёстой. Засгийн газар зөвшөөрлийг нь өгсөн. Гэтэл бүх хил хаалттай учраас тэд ирээгүй. Өнгөрсөн онд хил хэсэг хугацаанд нээхэд 55 хүн орж ирсэн. Тэд одоогийн угсралтыг хийчихээд байгаа юм. Энэ жил үлдсэн 230 хүнээ оруулаад ирвэл ондоо багтаад ашиглалтад оруулчихна. Уг нь ноднин хүлээлгэж өгөх байсан. Энэ төслийг удаашруулах нь хөрөнгө оруулагч талд маш өндөр хохиролтой. Бүтээгдэхүүнээ аль болох хурдан зах зээлд нийлүүлж, зээлийн хүүгийн дарамт, төлбөрөө багасгах ёстой. Хөгжлийн банканд ч хэцүү. Гэхдээ бүтээн байгуулалтын бүх ажлыг гадаад ажилчид хийх төсөл байсан бол энэ ажил огт хөдлөхгүй байсан. Барилга угсралтын ажлыг монголчууд өөрсдийн гараар барьж бүтээлээ. Монгол залуучууд, инженерүүд анх удаа ийм том үйлдвэр барьсан нь манай төслийн бахархал. Энэ төрлийн бусад төслийг 100 хувь гадаад ажилчин, мэргэжилтнүүд гүйцэтгэсэн шүү дээ.
Сонирхуулахад, бид 33 мянган шоо метр бетон цутгалтын ажил хийсэн байна. Манай хамгийн өндөр байгууламж гэхэд 84 метр буюу 30 давхар байшинтай тэнцэнэ. 126 мянган шоо метр газар, шорооны ажил хийсэн байх жишээтэй. Тоног төхөөрөмж, метал хийц нь гэхэд 7000 гаруй тонн-оор хэмжигдэнэ. Энэ нь 150 орчим машин болно гэсэн үг. Арматур гэхэд л 3500 орчим тонныг хэрэглэжээ.
-Бүтээн байгуулалтад манайхнаас хэдэн хүн ажиллав. Цаашид хэдэн хүнийг тогтмол ажлын байраар хангах вэ?
-Жилд 1000-аад хүн ажилласан. Ашиглалтад орсноор 250-300 хүн байнгын, шууд ажлын байр бий болно. Хүмүүсээ бэлтгээд явж байгаа. Мөн төслийн бүтээн байгуулалт эхэлсэн цагаас 3000 иргэн, аж ахуйн нэгжтэй байнга хамтран ажиллалаа. Манай ажилчдыг хоол, хувцас, жижиг багаж, хэрэгслээр хангахаас авахуулаад дам байдлаар 3000 хүнд нөлөөлж, орлогыг нь нэмэгдүүлж байгаа.
-Цар тахлын улмаас бараг бүх зүйл тэг зогссон. Харин та бүхэн яаж тасралтгүй ажиллаж чадав?
-Орон нутгаас олон залуучуудыг авч ажиллуулсан. Бараг 70 хувь нь баруун бүсийн аймгуудаас ирсэн. Төслийн талбай, кэмп дээрээ тусгаарлалтын арга хэмжээг маш сайн авсан л даа. Улсын болон аймгийн онцгой комиссоос баталсан журмыг ягштал баримталсан. Тусгаарлалт, шинжилгээ, оношилгоо гээд зардал нэмэгдсэн ч бүтээн байгуулалтыг зогсоовол бүр ихийг алдана шүү дээ. Мөнбусад цементийн үйлдвэр дээражилласан туршлагатай инженерүүдтэй хамтарсны үр дүнд өнөөдрийн үр дүнд хүрлээ.
-Харин одоо Хөгжлийн банктай холбоотой дуулиан танай төслийн үйл ажиллагаанд нөлөөлж байна уу?
-Ялгаж, салгаж ойлгоогүйгээс үүдэлтэй сөрөг нөлөө байна. Мөн олон нийтэд төслөө зөв ойлгуулахад цаг хугацаа зарцуулах шаардлагатай болж байна. Гэхдээ бид тэндээ зогсоо зайгүй ажиллаад, олон нийтэд мэдээлэл өгөхөө орхигдуулсан байхыг үгүйсгэхгүй. Баруун бүсийнхэн нүдэн дээр нь харагдаж байгаа бүтээн байгуулалтыг мэдэж байгаа. Гэвч Ховд аймагт очиж үзээгүй, төслийн бүтээн байгуулалтыг мэдэхгүй хүмүүс мэдээллийг нийгмийн сүлжээнээс авч байгаа шүү дээ. Нөгөө талаас аливаа бизнес, гэрээ хэлэлцээ нууцлалтай байдаг. Бид тэр бүхнийг зарим талаар ил гаргах хэрэг гарч байна. Тоног төхөөрөмж угсарч байгаа гадаад мэргэжилтнүүддээ хүртэл тайлбарлах хэрэг гарч байгаа. Гэхдээ яах вэ, үүнийг бид төслөө танилцуулах боломж гэж харж байна.
-Хөгжлийн банк тойрсон дуулианы зарим нь огт барьцаагүйгээр зээл олгочихсон явдал. Танай төслийн хувьд ямар, хэдий хэмжээний барьцаа тавьсан бэ?
-Хөгжлийн банк 2018 оны наймдугаар сард манай төсөлд зээл олгох шийдвэр гаргасан. Ингээд гэрээ байгуулсан ч мөнгөө жил гаруйн дараа буюу 2019 оны төгсгөлд авсан. Магадгүй коронавирусийн халдвар дэгдэхээс өмнө ажлаа эхэлсэн бол бид өдийд бүтээн байгуулалтаа дуусгачихсан байгаа. Хөгжлийн банкнаас зээл авахын тулд маш олон шалгуур хангах ёстой. Олон ч материал бүрдүүлсэн. Бид бүх шаардлагыг хангасан. Хөгжлийн банкнаас зээлсэн 28 сая ам.доллар нь одоогийн ханшаар 76 тэрбум төгрөг юм. Үүнээс хоёр дахин илүү барьцаа хөрөнгө тавихыг шаарддаг. Манайх 144.6 тэрбум төгрөгийн барьцааг банканд байршуулсан. Зээлийн хүүг ч авсан цагаасаа эхлээд төлж байгаа.
-Хөгжлийн банкны зээл ердөө гурван хувийн хүүтэй гэдэг нь үнэн юм уу?
-Хариуцлагатайгаар хэлье. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон сошиалд гарч байгаа бага хүүтэй зээл гэдэг бол худал мэдээлэл. Хүү нь арилжааны банкныхтай бараг адил. Ам.долларын 9.26 хувийн хүү гэдэг бол төгрөгийн 14 орчим хувийн хүү буюу арилжааны банктай адилхан. Гол нь арилжааны банк ийм том төслийг санхүүжүүлэх чадваргүй учраас Хөгжлийн банкнаас зээл авсан. Хөгжлийн банк “хөгжлийн” гэж тодорхойлж болох томоохон төслүүдийг л санхүүжүүлэх зорилготой.
-Танай төслийг зарим улстөрчтэй, тухайлбал УИХ-ын гишүүн С.Бямбацогттой холбох асуудал мэр сэр ажиглагдаж байна. Үнэхээр зээл авахад чинь тэр хүн нөлөөлсөн юм уу?
-УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Вестерн Холд” ХХК-ийн хувьцаа эзэмшдэггүй, ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад оролцдоггүй тул компанийн шийдвэр, үйл ажиллагаанд оролцох нөхцөл, боломж байхгүй юм. Түүнчлэн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн мэдээлэл нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар нээлттэй, ил тод байдаг тул үүнийг сонирхсон этгээд шалгаад үзэх бүрэн боломжтой.
Тэгээд ч энэ том төслийг хэн нэгэн хүн нөлөөлөөд л хэрэгжүүлчихдэг юм биш, боломж ч байхгүй. Мэргэжлийн олон хүн оролцож байж, аж ахуйн нэгж өөрсдөө санхүүжилтийн ихэнх хувийг шийдэж байж энэ хэмжээний төсөл бодит амьдрал дээр хэрэгжинэ. Баруун бүс нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүд Улаанбаатарын үнээс хоёр дахин илүү үнэтэй цементийг, цаг хугацааны алдагдалтайгаар хүлээн авч хэрэглэдэг байдлыг таслан зогсоох, баруун бүсийн нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, барилгын үнэ, иргэдийн амьдралын түвшинд эерэг нөлөө үзүүлэх өндөр ач холбогдолтой, Монгол Улсын төрийн бүхий л бодлого, баримт бичигт туссан энэхүү том бүтээн байгуулалтыг нэг улстөрчтэй холбож харлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Аливаа мэргэжлийн бус, хууль зөрчсөн үйлдэл том төслийг “нураах” эрсдэлтэй. Нөгөө талаас ах нь УИХ-ын гишүүн байлаа гээд дүү нь бизнес хийх боломжгүй гэж үү. Үндсэн хуульд иргэн, аж ахуйн нэгж өөрөө эрсдлээ даагаад, хуулийн хүрээнд ямар ч бизнес эрхэлж болно гэж заасан. Хөгжлийн банкны бүхий л шаардлагыг хангасны эцэст бид зээл авсан. Төсөл маань бодитой хэрэгжиж, амжилттай дуусах шатандаа орж байна.
-Ярилцсанд баярлалаа.