БАРЛАГ ЯВСАН БАЛЧИРХАН НАС
Уг нь тэр бид хоёр хонгор нутгийнхны шүтээн Их Богд хайрхны ар, өвөрт 1936 оны гал хулгана жил мэндэлж, тунгалаг Түйн голынхоо рашаан усаар угаалган ариусуулж, ундаалж өссөн хоёр юм билээ. Нутаг ус нэгтэй ч бие биеэ таньж мэдсэн нь 1959 он. Их сургуулиа төгсөөд намайг нутагтаа ирэхэд аймгийн Соёлын ордон орон тооны хориод жүжигчинтэй байв. Тэдний нэг нь Цэрэндоржийн Пагма гэж хондлойгоо давсан хоёр салаа гэзэгтэй, царай зүс, бие бялдрын гоо сайхан, авьяас билгээрээ хэний ч хүүгийн харааг булаам сайхан бүсгүй байлаа. Тэр үед би Пагмыг нутаг нугынх гэж мэдэхгүй, боломжтой амьдралд өсөж өндийсөн, элэг бүтэн сайхан бүсгүй биз ээ л гэж бодож байв. Гэтэл тэр харанхуй амьдралаас ургасан “цэцэг” байлаа. Нэгэн эхээс мэндэлсэн 11 хүүхдийн арав дахь нь Пагма. Есөн ах, нэг охин дүүтэй байж. Дүүг нь хоёр, өөрийг нь дөрвөн настайд хайрт ээж нь бурхны оронд оджээ. Хэдийгээр ээжгүй ч эцгийн ачлал, ах нарын асрамжаар гэдэс цатгалан, мөр бүтэн долоон нас хүрэв. Түүний төрсөн эцэг Цэрэндорж нутаг усныхандаа нэр хүндтэй лам хүн байлаа. Ламын гэгээний хийд тарж бутрахаас өмнө Цэрэндорж ламтан тус хийдийн аж ахуй эрхэлсэн гүйдэг нярвын алба хашиж, 18 аймаг, хошуунд арилжаа наймаа хийх эрх бүхий тамгатай бичиг шийтгүүлсэн нэгэн байжээ. Хийдийнхээ аж ахуйг эмхлэн бүтээгээд зогсохгүй ар гэрийнхээ дутууг гүйцээж, дундуурыг дүүргэн, нутаг усныхандаа тус дэм болж явдаг, овсгоотой, сэргэлэн хүн байжээ. Сүм хийдүүдийг сүйтгэж, лам нарыг баривчлан устгах үед Цэрэндорж болон бусад лам хийдээсээ амь зулбан зугтаж, хөдөө гарч мал маллан, эхнэр хүүхэдтэй болцгоожээ. Ламын гэгээний шавь зургаан хошуунд шүтэгдсэн, эрдэм чадалтай сайн хувраг Эрэндоо гэгч бусдын жишгээр нутагтаа ирж малчин болж, эхнэр аваад хэдэн он өнгөрүүлсэн ч үр хүүхэд заяасангүй. Нутаг ус, зиндаа нэгтэй сайн нөхрөө өрөвдөж, Цэрэндорж ламтан долоон настай Пагма охиноо түүнд үрчлүүлэхээр шийдэв. Цэрэндорж аав нь өнчин олон үрээ тэжээж чадахгүйдээ бус, сайн хувраг нөхөртөө ач буян санан, охиноо түүнд үрчлүүлсэн юм санж. Манай говийнхон үргүй хүнд үрээ өгч баярлуулах нь дээдийн өглөг, нэгэн насны буян гэж үздэг. Тэр заншлаар л охиноо тэднийд үрчлүүлсэн буй заа.
Баянговь, Баянлиг сумын заагаар нутагладаг Эрэндоо ламынх газар даахгүй баян биш ч мал малын захтай боломжийн амьдралтай айл байв. Шинэ аав Эрэндоо эрдэм номтой, энэрэн нигүүлсэх зөв сэтгэлтэй учир Пагма охиноо төрсөн үр шигээ хайрлан энхрийлж, ганц нэг маани мэгзэм цээжлүүлэн, төвөд номын үсэг нүдлүүлэхийг хичээнэ. Харин хойт эх Дулам бол эцгээс нь тэс өөр, ууртай, хэрцгий, хардамтгай, хатуу сэтгэлтэй нэгэн байлаа. Жаал охин энэ айлд ирснээр хүүхэд насны жаргалтай үе нь дуусаж, борви бохисхийх завгүй зарагддаг барлаг болж, зөвхөн шөнийн бор хоногт элс шороо шигсэн адсаган дээр хагас дутуу нойр авдаг болов. Тэр өдөр бүр хол ойрын бэлчээрт хонь, тэмээ хариулна. Харих замдаа тэмээнд тэгнэдэг том модон лүү буюу андуугаар ус, араг шээзгийгээр аргал түлш түүж ирнэ. Хариулж яваа малынхаа цаад захыг хараа нь гүйцэж үзэхгүй хорж хоцорсон ганц нэг эргүү мал бэлчээрт үлдээчих тохиолдол хааяа гарна. Тэр үед Дулам авгай хараал зүхлээ урсгаж, маанаг тэнэгээр нь дуудан, галын хайч, гурилын ганжин, мод, чулуу гээд гарт тааралдсан болгоноор тархи толгойг нь хага цохиж, цус нөжтэй нь хутгана. Ийм үед Эрэндоо аавынх нь тэвчээр барагдаж, энэ чинь тэнэг маанаг амьтан биш, харин ч цовоо сэргэлэн, өөдөлж явах амны хишигтэй хүүхэд, нялх амьтныг юунд ингэж жанчиж зовоодог юм гэж өмөөрнө. Гэтэл өмөөрснөөс эс юм болж өөрөө зодуулах дөхнө. Энэрэх сэтгэлгүй ийм харгислалын дор өдөр бүр зовсон ч эцгийгээ зовоохгүйг бодон ил уйлахаа больж, энэлэн шаналах сэтгэлийн зовлонгоо сэм хадгалж, малын бэлчээрт ганцаар явахдаа асгартал уйлж тайтгардаг болжээ. Ажилд сайн, малд нүдтэй, цовоо сэргэлэн хүүхэд гэж айл саахалтынхан Пагмыг магтахад хойт эхийн хэрцгий ааш дэвэрч, дахиад л нүд үзүүрлэгдэн, нүдүүрийн амт амсана. Ийнхүү тамын амьдралаар амьдарч, 12 нас хүрч байтал ганц авран хамгаалагч аав нь бүрлээч болж, дахин өнчирлөө. Урин хаврын улирал эхлээд байсан тэр нэгэн өдөр хойт эх Дуламыг тэмээ хураахаар явсан хойно, орой нар шингэж, уулын цаагуур орох үест Эрэндоо ламтан гэрийнхээ баруун ханыг түшин, суугаагаараа амьсгал хураалаа. Пагма охин аавынхаа зааж өгсөн хэдэн маани мэгзмийг амандаа уншин, уйлан хайлан байж бурхны авдраас мөнгөн хонхыг нь гаргаж, аавынхаа толгойг гурвантаа тойруулан адислаад, зулаа өргөчихөөд гадаа гарч, хойт эхийгээ хүлээн зогсов. Харуй бүрийгээр ирсэн Дулам авгай гэрт орж, амьсгал хураасан нөхрөө хараад нулимс ч дусаасангүй, болдог юм болдгоороо болжээ гэсэн шиг гэрийн тавилга, хэрэгслийг баруун хатавчаараа гаргаж шидчихээд шар эсгий навтас Эрэндоо ламын цогцсон дор нь хаяж, дээрээс нь лам дээлийг нь шидээд гарав. Тэгээд хавар идэхээр нэхийд нь боож нөөцөлсөн хонины үүцээ задалж, хотны захад гал түлэн мах чанаж идэж сууснаа гэрээс цайны уур, нүдүүр авчир гэж охинд тушаажээ. Пагма охин харанхуй шөнө айж балмагдан гэтэж явж гэрт ороод тэмтэрсээр уур, нүдүүрээ олж аван ухарсаар гарахад нуруугаар нь хүйт даан, толгойтой үс нь босож ирэх мэт чичирч байсан тэр аймшигт мөч эдүгээ наяад жилийн дараа ч зүрхэнд нь хурсан хэвээр байдаг ажээ. Эрэндоо ламтан нутаг нугадаа шүтэгдсэн, нэр төртэй хувраг хүн байсан учир шавь нь болох хоёр хүн ирж нутаглуулаад явахдаа “Тэртээд харагдах дөрвөлжин хар уулыг харж байна уу? Тэнд аавыг чинь нутаглууллаа. Энэ уулыг Мөнгөн хундага гэдэг юм. Сайн тогтоож аваарай” гэж охинд аминчлан захив. Үүр хаяарах төдийд сүргээ гилж бэлчээрт хүрэхэд, өглөөний наран дээшлэн дээшилсээр Мөнгөн хундага уулын оройтой золгоход аав минь тэнд л нойрсож байгаа хэмээн гуниглаж, сайртай борхон гараараа сувдран урсах нулимсаа арчин арчин тэр зүгийг удаан ширтэн зогсоход тэртээх уул наашилж нэг, цаашилж нэг дайвалзах шиг. Хөл, толгой хоёрыг дээр, доороос зэрэг төөнөх говийн аагим халуунд ангаж цанган, ядарч яваа охины өмнө их уст цэлгэр нуур цэлэлзэн байх шиг, тэгснээ тэнгэрийн хаяанаас сүрэг тэмээ тэшин жонжин багшраад ирэх мэт алсын цэнхэр зэрэглээ янз янзаар солигдон ядарсан охиноор тохуурхан үйлийг үзэх нь даанч хяслантай. Өнчин охины хувь заяанд санаа тавьсан нутгийнхан нь Дулам хүүхний савраас Пагма охиныг салган аваач гэж гэрт нь хэл хүргүүлснээр охин төрсөн гэртээ эргэж иржээ.
АХ НАРАА ДАМЖИН ЖАРГАВ
Долоон жил айлд зарагдаж зодуулж жанчуулсны тэмдэг толгойдоо гурван цоорхойтой, бүх үе мөчиндөө шархны сорвитой Пагма охиныг буцаж ирэхэд аав нь дахин гэрлэж, Бодьдулам гэдэг бүсгүй дүүтэй болсон байв. Ах нар нь цэрэгт явж, хугацаат албаа хааж ирээд гэрлэж бараалж, амьдралаа төвхнүүлэн, ажил албатай болцгоосон байлаа. Пагма охин тэр зундаа хангайд явж, мал олонтой том ахындаа очин туслалцаж зусаад, намар нь сумын нарийн бичгийн дарга дунд ах Баахүүгийндээ ирэв. Бэргэн эгч Цэрэнхүүхэн, ах хоёр нь түүнийг нэг их том зочин шиг баяр хөөртэй угтлаа. Тэнд эрх дураараа намрыг өнгөрөөв. Баахүү ахынх нь дээд ах Тавдайхүү бас хугацаат цэргийн албаа дүүргээд аймгийн захиргааны Санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байв. Тавдайхүү ах нь гэрлэж амжаагүй, хөдөө их явдаг учир түүнд туслах хүн хэрэгтэй байж. Тухайн үед Пагма дүү нь таарсан учир тэр бас аймаг орох болжээ. Бэргэн эгч нь Пагмыг урьд нь өмсөж үзээгүй торгон дээл, дурдан бүс, савхин гутлаар гоёж гоодоод аймаг руу үдэв. Бэргэн эгч, ах хоёр нь дүүгээ аймагт очиж, сургууль соёлын мөр хөөж сурч боловсроход цаг заваа зарцуулаарай гэж дотночлон захисан байна. Аймагт ахынхаа хоол, цайг бэлтгэж, хувцас хунарыг нь угааж, гэр цэвэрлэхээс өөр ажилгүй болохоор ах, эгчийнхээ захиснаар сурч боловсрохын төлөө хичээж эхэллээ. Үе тэнгийнхэнтэйгээ танилцаж, аймгийн клубт сайн дурын уран сайханчаар орж, хөдөө сумд, бригадаар явж концертод оролцон дуулж, бүжиглэж жүжиглэдэг боллоо. Авьяас билгээрээ тодорч, аймгийн клубийн орон тооны хориод жүжигчний нэг болж, анхны цалин 200 төгрөг аваад бөөн баяр болж ахдаа гүйж ирж үнсүүлж байжээ. Бас энэ хооронд оройгоор суралцаж, долоон жилийн боловсролтой болсон байна.
Пагма зөвхөн жүжигчин төдийгүй олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, цана, тэшүүрээр гулган, гар бөмбөг тоглодгоороо ч олны танил болов. 1961 онд Монголын оюутан, залуучуудын их наадам Улаанбаатар хотод болоход Баянхонгор аймгийн гар бөмбөгийн, эмэгтэйчүүдийн багийн ахлагчаар ирж, нэгдүгээр зэргийн тамирчин цол авчээ. 1962 онд Тавдайхүү ахтайгаа хотод ирсэн тэр цагаас Пагма охин “нийслэл хүүхэн” болжээ. 1963 онд ариутгагчийн 45 хоногийн дамжаанд суралцаж төгсөөд Налайхын ариун цэврийн станцад ариутгагчаар хоёр жил гаруй ажиллаж байтал албан байгууллага нь сайн ажилтнаа сувилагч болгохоор 1965 онд түүнийг сувилагчийн нэг жилийн сургуульд суралцуулав. Нийслэлийн Эрүүл мэндийн газарт сувилагчийн курс төгсөгчдөөс амжилттай суралцсан цөөн хүнийг авч, Халдвартын эмнэлэгт ажиллуулахаар шийдвэрлэсний нэгэнд Пагма багтжээ. Хүүхдийн халдварт өвчин, ялангуяа салхин цэцэг, улаан бурхан, гэдэсний болон халдварт шар өвчин хот, хөдөөгүй их дэлгэрсэн, хэцүүхэн цаг байжээ. Пагма улаан бурхан өвчний, сахиургүй гуравдугаар тасгийг хариуцаж байв. Олон хүүхэд хэвтэж, удаан хугацаанд эмчлүүлдэг байж. Тэр үед улаан бурхнаар өвдсөн бяцхан хүүгээ авчирч хэвтүүлсэн нэг аав “За, би энэ хүүхдийг эмч та нарт л даатгая, сахих боломжгүй, бас өдөр бүр эргэж ирж чадахгүй. Учир нь би ардаа олон балчир, өсвөр насны өнчин хүүхэдтэй хүн” гэж учирлахад тасгийн эмч нь түүнд Пагмыг зааж өгөөд “Та энэ хүнд хүүхдээ сайн захиарай. Түүнтэй холбоотой байж асууж сураглаж байгаарай” гэжээ.
Хүүхэд хориод хоног хэвтэж эмчлүүлэхэд аав нь гурав, дөрвөн удаа л эргэж ирж, ирэх бүртээ Пагма сувилагчтай уулзан, амьдрал ахуйгаа ярьж “Намайг Гүрбазар гэдэг. Би Сангийн яамны авто гараашид ажилладаг юм. Есөн өнчин хүүхдээ хүн болгох гэж зүтгэж л яваа хүн дээ, би. Зав чөлөө багатай болохоор хүүхдүүдээ тэр бүр анхаарч, халамжилж чадахгүй юм” хэмээн учирлажээ. Пагма түүнийг сонсох тусам нялхаасаа өнчирч, айлд зарагдаж хойт эхдээ зодуулж дарлуулж явсан балчир насных нь дуртгал нүдний өмнө тодорч, тэр бяцхан үрсийг өөрийн эрхгүй өрөвддөг байлаа. Хүү эдгэрч, эмнэлгээс гарсан ч Гүрбазар жолооч, Пагма сувилагч хоёр үе үе уулздаг, бас өнчин хүүхдүүдэд минь ээж, ядарсан надад хань түшиг минь болооч гэх Гүрбазарын гуйлт Пагма хүүхний сэтгэлийг хоёрдуулж байв. Таньдаг мэддэг хүмүүс, найз нөхдөдөө энэ талаар цухуйлгахад хэн ч нааштай үг хэлдэггүй байлаа. Зарим нь “Чи ер нь өөрийгөө золиосолсон, тийм их өрөвч хүн юм уу, эсвэл бүр тэнэг хүн үү. Энэ сайхан залуу насаа хүний олон өнчин хүүхэдтэй яаж өнгөрөөх гэсэн юм бэ? Тэгээд ч эцэг нь чамаас бараг үе мултарсан шахам хүн байна шүү дээ” гэж хориглодог байв. Пагма олон хоног бодлоо. Гандан хийдийн номын санч, хонгор нутгийн сайн лам Доржжанцан гуайтай уулзаж, ном айлтгуулж үзлээ. Доржжанцан лам энэ хүнтэй амьдрахыг дэмжээд байгаа бололтой, бас ч үүнд зориулан ном айлдаад байгаа юм шиг санагддаг болов.
Ингэж байтал ойрд зүүдэнд ороогүй аав нь ойр ойрхон хоёр удаа нэг л янзаар зүүдлэгджээ. Төрсөн аав Цэрэндорж нь сартай хүрэн мориороо давхиж ирээд уртын урт цулбуурыг нь түүнд бариулчихаад их олон юм яриад явчихаж байгаагаар зүүдлэгдээд байв.
ӨНӨР БҮЛИЙН ӨНДӨР ЭМЭЭ
Аав маань намайг энэ амьдралыг сонго л гэж, цулбуураа өгч байгаа юм байна гэж бодоод, би энэ айлын хүн болохоор эргэлт буцалтгүй шийдлээ. Ганданд очиж ном айлтгуулчихаад л энэ гэрийн босгоор 1968 онд давж орсноос хойш хагас зуу гаруй жил боллоо доо гэж Пагма ярихдаа “Бид хоёрыг холбосон алтан гагнаас хүү минь эдүгээ дөч хэдийн гарсан Баатархуяг хүү минь юм шүү дээ. Намайг энэ гэрт ирэхэд нэг эхийн найман хүүхэд, бас том охиных нь таван настай нэг хүүхэд нийлээд есөн хүүхэд эхийн хайр энхрийлэл хайж бүлтэлзэн намайг харж байсан юм даа. Энэ үед том охин хуулийн сургуульд сурдаг, удаах 17 настай хүү Барилгын техникумд, гурван хүү арван жилийн сургуульд сурдаг, тэдний дүү дөрвөн хүүхэд сургуульд ороогүй, эмнэлэгт эмчлүүлсэн хүү Баатархуяг маань дөрвөн настай, түүний дүү хоёр охин, ах Сүхээ нь долоотой байв. Би энэ гэрт анх орж ирээд нөхөртөө “За, чи бид хоёр нэгэнт хамт амьдрахаар шийдлээ. Би олон өнчин хүүхдийн хойт эх гэж муухай царайлахгүй, чи олон өнчин үрээ хойт эхийн царай харуулсан, ядарсан хүн шиг явахгүй шүү. Хоёулаа бусдаас дутахгүй амьдарч, хэдэн хүүхдээ хүн шиг хүн болгоё” гэж хэлсэн. Тэр үед нөхөр маань за ч гээгүй, үгүй ч гээгүй ээ.
Бид хоёр 32 жил хамт амьдраад тэр минь хүнд өвчний учир 2006 оны арванхоёрдугаар сард бурхан болсон доо. Талийгч маань өөрийгөө найдваргүй болсныг мэдээд надад сүүлчийн үгээ хэлэхдээ “Би чамдаа маш их баярлаж явдаг. Чамайгаа зохих газарт уламжилж, “Алдарт эх”-ээр өргөмжлүүлэхийг маш их хүсдэг байлаа. Даанч чадсангүй. Хэдэн хүүхэд маань хүслийг минь гүйцээх болов уу гэж найдаж байна аа” гэж билээ. Анх ханилж суухдаа миний үгэнд хариулаагүйгээ хадгалсаар, амьсгал хураахынхаа өмнөхөн ийнхүү илэрхийлсэн юм. Би тэр үед биеэ барьж чадахгүй, нулимсаа асгаруулан үлдсэн.
Энэ гэрт ирснээс хойш бүх л амьдралаа хэдэн хүүхэд, ханийнхаа төлөө зориулсан. Надтай нийлэх үед нөхөр маань их турж ядарсан, гэр орон нь ноорсон, хэцүүхэн л байсан. Энэ олон хүүхэдтэй, ганц бие эр хүн үүнээс ч өөр яах вэ дээ. Манайх эрэгтэй голдуу хүүхэдтэй болохоор хэл аманд орох, зодоон цохион хийхээс өгсүүлээд алийг тэр гэх вэ. Тэднийхээ өмнөөс хүмүүст зэмлүүлнэ, тэглээ гээд чиний хүүхэд тэглээ, би чиний хүүхдийн өмнөөс загнууллаа гэж аавд нь хэзээ ч хэлж үзээгүй ээ. Хөвгүүд бидний хооронд хуйвалдаад үлдсэн юм бишгүй л байсан. Хүүхдээ хүмүүжүүлсэнгүй гээд шөнө орой болсон хойно хүүхэдтэйгээ хамт хурлаар ороод түүнийгээ ааваасаа нуугаад явж л байсан. Би ч болохоосоо болохгүйгээ хүртэл тэднийхээ төлөө явж, тэд минь намайгаа хүндлэн хайрласаар өдий хүрлээ, манай хүүхдүүд болон үр ач нараас минь архи дарс ууж, агсам согтуу тавьж, тамхи татаж, хулгай дээрэм хийж, худал хэлж, хэрэг төвөгт орооцолдсон хүн байхгүй, цөм л чадлынхаа хэрээр дотоод, гадаадад сурч мэргэжил эзэмшин, сайхан амьдарцгааж байна. Гурван ч хүүхэд гадаадад дээд сургуульд сурсан. Геологич, эдийн засагч, хуульч гээд янз бүрийн мэргэжил эзэмшсэн. Түрүүч нь тэтгэвэрт гарч, үр ач нараа тойлж сууна. Харин хуульч мэргэжилтэй, дэд хурандаа цолтой Сүхээ хүү минь тэтгэвэртээ гарсан ч өмгөөлөгчөөр ажилласаар байгаа.
Манай хүүхдүүдийн хэн нь ч надад хатуурхаж, хэгжүү үг хэлж үзээгүй. Би үр хүүхдүүд ач, зээ, зээнцэр, ачинцруудаа бүгдийг нь өсгөхөд оролцсон. Бид хоёр чинь өөрийн найм дээрээ охиныхоо хүүхдийг үрчилж авч өсгөсөн юм. Есөн хүүхэд маань өрх өсгөж, сум сунган үржсээр одоо хорь гаруй өрхийн 113-уулаа болж өнөржөөд сайхан байна. Нэг үгээр хэлбэл, би чинь үр, үрийн үр, үрийн үрийн үр гээд зуу гаруй хүнд хүндлүүлж тойлуулж суугаа, азтай хөгшин шүү дээ. Бурхнаас надад хайрласан есөн үрийн минь буян заяа намайг түшиж, өдий өндөр наслуулж, ерэн насны босго давахын даваан дээр ирээд байна” гэж Пагма эмээ сэтгэл хангалуун өгүүлж сууна билээ.
Бэлтгэсэн Д.ДОРЖДУЛАМ Соёлын гавьяат зүтгэлтэн