УИХ дахь АН-ын бүлгээс “Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулах шаардлага” сэдвээр өнгөрсөн баасан гарагт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт 60 гаруй иргэн оролцсон юм. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хэлэлцүүлгийг нээж, “Хөгжлийн банк маш том луйврын систем болжээ. Цаашдаа ч хэлбэрээ өөрчилсөн өөр нэг луйвар болон үргэлжилж болзошгүй тул нэн яаралтай таслан зогсоох ёстой” гэв. “Парламентын мөрдөн шалгах ажиллагаа: Хяналт, шалгалтын түр хороо” сэдэвт илтгэлийг тус бүлгийн Ажлын албаны зөвлөх Г.Эрдэнэбат тавьж, түр хороо байгуулснаар үүсэх давуу тал, боломж, хэрхэн ажилладаг талаар мэдээлэл өглөө. Ардчилал өндөр хөгжсөн орны парламент хянан шалгах түр хороо байгуулах замаар баримт цуглуулан, буруутай нь тогтоогдсон албан тушаалтныг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн, баталсан хуулийнхаа хэрэгжилтийг хангадаг туршлагыг тэрбээр онцолсон. УИХ-ын тухай хуульд зааснаар парламентын 19 гишүүн нэгдэж, түр хороо байгуулах боломжтой.
Хэлэлцүүлэгт оролцсон иргэн М.Зундуйдаваа “Хөгжлийн банкны зээлийг бидний халааснаас төлөхийг эрс эсэргүүцэж байна” гээд УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулахыг тойргийнхоо гишүүдээс шаардахыг уриалсан бол иргэн Ч.Нарантуяа “Ард түмэн өмч хөрөнгөдөө хяналт тавих цаг иржээ. Манай нам ч дотооддоо олон асуудлыг хянан шалгах ёстой” хэмээв. Хэлэлцүүлгийн төгсгөлд АН-ын дарга С.Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар Төрийн өндөр албан тушаалтны хариуцлагын болон Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийг УИХ дахь бүлгийн удирдлагад өглөө.
Бэлтгэсэн Б.Уран