Монгол хүн бүрт эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай, аюулгүй, хүртээмжтэй хүргэж, амьдралын чанарыг нь сайжруулах замаар хүн амын дундаж наслалтыг уртасгахад эрүүл мэндийн салбарын эн тэргүүний зорилго оршдог. Гэвч эдүгээ эл салбарын хөгжил, шинэчлэл нь дээрх зорилго, чиглэлийнхээ эсрэг “ажилладаг” гэхэд хилсдүүлсэн болохгүй. Жил ирэх тусам эрүүл мэндийн салбарын санхүүжилт, зардал нь “дууны хурдаар” өсөж, тэр хэрээр улсын тодотголтой том эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, анхан, дунд шатанд ч орны тоог нэмэгдүүлэн, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлүүдийг өргөн нэвтрүүлсээр буй.
Гэтэл бодит байдалд эрүүл мэндийн үйлчилгээ нь эзэндээ ээлгүй, эмчилгээний чанар нь сул, хүртээмжгүй хэвээр байгааг олон нийт шүүмжилсээр. Тэр дундаа цахим хэрэглээ өргөн нэвтэрсэн шинэ зуунд Монгол Улс “ухаалаг” үйлчилгээнээс хэрхэн хоцорсныг эрүүл мэндийн салбарынхан бидэнд алхам тутамд мэдрүүлсээр байна.
Засгийн газраас цахим үндэстэн, дижитал монгол болох зорилт тавин, төрийн үйлчилгээнүүдийн дийлэнхийг нь онлайн хэлбэрээр авах боломж бүрдүүлээд буй. Одоогоор “E-Mongolia” нэгдсэн системээс иргэд 20 гаруй салбарын төрийн 870 үйлчилгээ, мэдээллийг цахимаар буюу цаасгүйгээр авдаг болжээ. Үүнээс ердөө тавхан үйлчилгээ нь эрүүл мэндийн салбарынх. Гэтэл Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаагаар бүх шатлалын улсын эмнэлгүүдэд жилд дунджаар 13-14 сая үзлэг хийдэг аж. Тэр хэрээр хүний нөөц асар их дутагдалтай. Нэг их эмчид өдгөө 270, сувилагчид 250 үйлчлүүлэгч ногдож, эл салбарынхан дэлхийн дунджаас хэд дахин их ачаалалтай ажиллаж байна. Эдгээр статистик нь эрүүл мэндийн байгууллагуудын хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, ачааллыг багасгах, хүлээгдэл, чирэгдлийг бууруулахуйц технологийн шинэчлэл хийх хэрэгцээ, шаардлага асар их байгааг харуулах биз ээ.
Магадгүй та бүхэн дээрх мэдээллийг дэгсдүүлж байна гэж бодвол төрийн үйлчилгээний нэгдсэн “E-Mongolia” системд нэвтрэн, эрүүл мэнд цэсийг нь хараарай. Шинжилгээний хариу, эмнэлгийн магадалгаа болон үзлэгийн цаг авах, цуцлах, даатгалын шимтгэл төлсөн, эсэхийг шалгах гэсэн таван “цонх” нээгдэнэ. Угтаа бол эмнэлгийн үзлэгийн цаг авах, цуцлах нь нэг үйлчилгээ бөгөөд үүнийг “E-Mongolia”-д тус тусад нь оруулсан байх жишээтэй. Эл хоёрыг нэгтгэчихвэл эрүүл мэндийн цахим үйлчилгээ нь дөрөв болж цөөрөх юм.
ЭМЯ болон холбогдох бусад албаныхны мэдээлж буйгаар иргэд харьяа дүүргийнхээ эмнэлэгт үйлчлүүлэхдээ биечлэн очихгүйгээр эхлээд утсаар, эсвэл цахимаар цаг захиалан, товлосон хугацаандаа эмчдээ үзүүлнэ гэж итгэдэг. Гэвч амьдрал дээр иргэд эмнэлгийн үйлчилгээ авахын тулд тийм амар “зам” туулдаггүй. Бараг улсын бүх эмнэлэг нь хурууны хээ уншигчтай гэх авч үйлчлүүлэгчид одоо ч хонгилоор нэг намтар, регистрийн дугаараа зарласан хэвээр. Цаашлаад Цаг захиалгын дуудлагын нэгдсэн төвийн 1800-0119 тусгай дугаар луу холбогдоход эмнэлгүүдэд өнөө, маргаашдаа битгий хэл, долоо хоногийн дотор үзүүлчих цаг олддоггүй. Тийм болохоор л иргэд ихэнхдээ эмнэлэгт шууд очиж, “Цахим цонх”-ных нь үүдэнд дугаарладаг юм байна. Хамгийн инээдтэй нь, цахим үйлчилгээг ингэж биечлэн үзүүлдэг манайх шиг улсыг дэлхийн хаанаас ч хайгаад олохгүй.
Ингээд үйлчлүүлэгчид цахимд шилжсэн гэх үзлэгийн цагийг авах гэж эмнэлгүүдэд өдөр бүр 50, 100-гаараа дугаарласаар. Ингээд арайхийн авсан цагаараа ч үйлчлүүлж чаддаггүй байна. Эмчийн өрөөний гадна дахиад л урт дараалал үүсгэх. Товлосон цагийнх нь урдуур эмч, сувилагч нарын танил тал шургална, зарим нь худал хэлж дайрна, үзлэгийн хугацаа сунжирна гэхчлэн зовлон нь мунддаггүй аж. Асуудал ингээд дуусахгүй ээ, арайхийн эмчдээ үзүүлээд шинжилгээ өгөх шаардлагатай болоход мөн л 100, 200 хүний дараах дугаар таарах нь хэвийн үзэгдэл гэнэ. Энэ бүхний дараа эмчилгээгээ бичүүлэх гэж бас л 20 хүний ард зогсоно. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болбол 14 хоног, бүтэн сар ор хүлээх нь ч бий аж. Энэ мэт дампуурсан тогтолцоогоор иргэд тусламж, үйлчилгээ авахын тулд залхаан цээрлэгдсээр эцэстээ өөрийгөө хаяж, өвчнөө тартагт нь тултал явдаг гэх.
Эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн цахим үйлчилгээнүүдийн талаар ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтохоос тодруулахад “Ерөнхий сайдын 2021 оны зургадугаар сарын 109 тоот захирамжийн дагуу байгуулагдсан, эрүүл мэндийн салбарт цахим шилжилт хийх үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа хуралдаж, цөөнгүй шинэчлэл хийгээд байна. Цахим системийн дэд бүтцийн хүрээнд эрүүл мэндийн өгөгдөл солилцооны нэгдсэн платформ хөгжүүлж, нэвтрүүлж эхэлсэн. Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Цахим эрүүл мэнд” төслийг өнгөрсөн нэгдүгээр сард эрчимжүүлж, “E-hospital.mn” системийг эрүүл мэнд, нийгмийн даатгалын программтай холбон, эрүүл мэндийн анхан шатны 535 байгууллагад нэвтрүүлсэн. Төрийн үйлчилгээг “E-Mongolia”-д нэгтгэх ажлын хүрээнд тусгай зөвшөөрлийн программыг Tzmoh.gov.mn-д нэвтрүүлж, НДЕГ, Үндэсний дата төвтэй хамтран цахим гарын үсгийн системийг хөгжүүлж дуусгалаа. Магадлан итгэмжлэлийг ч мөн өнгөрсөн оны сүүлчээр цахимд шилжүүлсэн. Салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад ашиглаж буй эмнэл зүйн 12 төрлийн программ хангамжийг засварласнаар тус байгууллагууд санхүүжилтээ хугацаандаа цахимаар нэхэмжлэх боломж бүрдсэн” гэлээ.
Салбарын дэд бүтцийн хэмжээнд томоохон цахим шинэчлэлүүд хийснээ ЭМЯ-ныхны ийнхүү ярьсан. Мөн тэд одоогоор эмнэлгээс иргэдэд үзүүлдэг долоон төрлийн лавлагаа, үйлчилгээг цахимаар авах боломж бүрдүүлж, “E-Mongolia” системд холбосон гэв. Үүнд нь эмнэлгийн магадалгаа, хуудас, вакцины гэрчилгээ, үзлэгийн цаг захиалга, олон улсын аяллын эрүүл мэндийн гэрчилгээ, PCR шинжилгээний хариу, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, оношилгоо, шинжилгээний хариу авах багтжээ. Цаашид цусны бүлгийн тодорхойлолт, ажилд ороход шаардлагатай эрүүл мэндийн болон урьдчилан сэргийлэх үзлэгийн хуудас зэрэг 14 төрлийн үйлчилгээг цахим болгож, “E-Mongolia”-д нэвтрүүлэхээр төлөвлөснөө хэлсэн.
Түүнчлэн техник, хангамжийн дэд бүтцийн цахим шинэчлэлийн хүрээнд дүрс архивлан хадгалах, мэдээлэл солилцох (PACS) нэгдсэн тогтолцоог эрүүл мэндийн байгууллагуудад нэвтрүүлэх, Үндэсний дата төвд суурилах сервер, тоног төхөөрөмж худалдан авах үйл ажиллагааг эхлүүлж, техникийн шаардлагыг нь боловсруулж буй гэнэ. Мөн бүх нийтийн урьдчилан сэргийлэх үзлэгийг ирэх тавдугаар сарын 1-нээс улс орон даяар зохион байгуулахтай холбоотойгоор шаардлагатай системүүдийг нэмэлтээр хөгжүүлж байгаа аж.
Эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж буй энэ мэт цахим шинэчлэл, технологийн шийдлүүдийг буруутгаж, “харлуулах” гэсэнгүй. Гагцхүү иргэдэд чиглэсэн, тэдэнд шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээний ухаалаг хэрэглээнүүд нь эзэндээ ээлгүй, хүртээлгүй, төвөг чирэгдэл учруулсаар буйг хэлэхийг зорив. Цаашид үүнд анхаарч, цахим гэчихээд иргэдийг биечлэн ирж цаг авахыг шаарддаггүй, цаг өгчихөөд хойшлуулдаггүй, “ухаалаг” гэчихээд уурлуулж бухимдуулдаггүй л болгох сон.