Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөр боловсруулахаар дэд ажлын хэсгүүд байгуулан ажиллаж буй. Дэд ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар ахалдаг. Тэрбээр хөтөлбөрүүдийн агуулгын уялдааг хангах, мэдээлэл солилцох зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнгээр ахлуулсан Хүний хөгжлийн зорилтот хөтөлбөр боловсруулах дэд ажлын хэсгийг урьж санал бодлоо солилцох уулзалт хийв. Уулзалтаар Нийгмийн хөгжлийн болон Хүний хөгжлийн зорилтот хөтөлбөрийн агуулга, үр дүнгийн хүрээ, асуудлыг нарийвчлан танилцуулж, ажлын хэсгийн гишүүд болон зөвлөхүүд уг танилцуулгатай холбоотой асуулт асууж, саналаа илэрхийлэв. Дэд ажлын хэсгүүд тогтмол уулзаж мэдээлэл солилцож ажиллах нь үр дүнтэй болохыг Нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөр боловсруулах дэд ажлын хэсгийн ахлагч С.Зулпхар, Хүний хөгжлийн зорилтот хөтөлбөр боловсруулах дэд ажлын хэсгийн ахлагч Л.Цэдэвсүрэн нар онцгойлон илэрхийлж цаашид мэдээлэл солилцох уулзалтыг удаа дараа хийх чиглэлийг ажлын хэсгийн гишүүдэд үүрэг болгов.