Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 76 дугаар чуулганы индрээс “Манай улс нэг тэрбум мод тарих зорилт дэвшүүлсэн” гэж зарлахад монголчуудын олонх нь бүтэшгүй мөрөөдөл, тэнгэрийн амлалт гэж няцааж, дооглож байв. Арга ч үгүй юм. Бүх нийтээрээ мод тарьж сурах гэж 10 гаруй жилийн турш хөглөж, зүдэрсэн хүмүүст нэг тэрбум гэдэг тоо дэндүү сүрдмээр, хол сонсогдсон нь гарцаагүй.
Зарим нь “Ерөнхийлөгчийн амлалтыг биелүүлэхийн тулд жил бүр 125 сая, өдөрт 342, цагт 14, минутад 237 ширхэг мод тарих хэрэгтэй болох нь” хэмээн тоо бодлого бодож, сэтгэлээр унаж байсан юм. Гэвч тэрбум хэмээх энэ “том” тоог уул уурхайн компаниуд болон аймгууд хуваагаад авчихсан. Авах авахдаа бүр амлалт өгөөд, давуулан биелүүлэх төлөвлөгөө гаргачихлаа. Тодруулбал, уул уурхай эрхлэгчид 608.5, аймгууд 837.7 сая мод тарихаар амлаад байна. Төлөвлөгөө хэрэгжвэл манай улс 2030 он гэхэд зөвхөн энэ хөдөлгөөний хүрээнд 1.4 тэрбум модтой болсон байх нь. Үндсэндээ бид өнөөх сүрдэм тооныхоо учрыг олоод, “ажил үүргийн хуваарилалт”-аа хийчихлээ. Харин одоо хамгийн чухал зүйл үлдэв. Тэр бол тарьц, суулгацын нийлүүлэлт, хангамж. Тэрбум мод тарих тухай яриа гарч эхэлсэн үеэс судлаачид үүнийг хөндөж байв. Тэд “Энэ зорилтыг биелүүлж чадах, эсэх нь тарьц, суулгацын нөөцөөс хамаарна”, “Хамгийн чухал нь чанартай тарьц, суулгац, үрийн нөөц”, “Аймаг бүрт мод үржүүлгийн томоохон газар байгуулах шаардлагатай”, “Тухайн нутгийн онцлогт тохирсон, хөрсөнд нь идээшихүйц мод, сөөг нийлүүлдэг найдвартай газар олноор бий болгох хэрэгтэй” гэсэн нийтлэг санал, дүгнэлт хэлдэг. Гэтэл холбогдох байгууллагынхан үүнийг тусган авч, хэрэгжүүлсэн нь үгүй. Энэ чиглэлээр хийсэн дорвитой ажил ч одоогоор алга. БОАЖЯ-наас өгч буй мэдээллээр бол мод үржүүлдэг аж ахуйн нэгжүүдийн нөөц, чадамжийг тодорхойлох судалгаа, бүртгэлийг дөнгөж саяхнаас л эхлүүлээд буй гэх. Тарьц, суулгац, үрийн нөөцөө яаж бүрдүүлэх, иргэд, аж ахуйн нэгжүүдэд тэдгээрийг хэрхэн хүргэх, мод үржүүлгийн газруудтай төр ямар байдлаар түншлэх, чанар, стандартад нь хэрхэн хяналт тавих гээд олон асуудал тодорхойгүй, бүрхэг байна. Үүнийг оройлон ажиллах учиртай ч БОАЖЯ, “Ойн судалгаа, хөгжлийн төв” ТӨҮГ-ынхан алгуурласаар. Энэ зуур Сэлэнгэ аймгийнхан “Манайх тарьц, суулгац нийлүүлэгч болно. Тийм нөөц боломж бий” гээд зарлачихлаа. Өөрөөр хэлбэл, үүнийг удирдан зохион байгуулж, төлөвлөн хэрэгжүүлж чадахгүй байгаа төрөөс урьтаад тэд хөдөлчихлөө. Цаашид өөр хэчнээн аймаг, аж ахуйн нэгж ингэж дуугарахыг таашгүй. Дээрх мэдэгдлээс илүү анхаарал татсан нэг зүйлийг тус аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж “Тэрбум мод-Сэлэнгэ аймагт” зөвлөгөөний үеэр хэлсэн нь “Бид найман сая тарьц, суулгац бэлэн болгоод байна” гэх мэдээ.
Найман сая гэдэг тийм ч бага тоо биш. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд жилдээ 700 мянга орчим тарьц, суулгац чүү ай нийлүүлдэг юм билээ. 30 гаруй аж ахуйн нэгж нэгдээд шүү дээ. Гэтэл газар бүрэн гэсээгүй энэ үеэр сэлэнгэчүүд наймын найман сая жижиг мод хаанаас бэлтгэв. Өнгөрсөн намар болсон Бүх нийтээр мод тарих арга хэмжээний үеэр хоёр сая ширхэг тарьц, суулгацын нөөцтэй гэж байгаагүй бил үү. Найман сая хэмээх тоог хаанаас, ямар аргаар гаргаад ирэв. Энэ мэтчилэн олон асуулт урган гарч байна. “Арай уулын моддыг…” гэх хардлага ч төрөв. Улмаар холбогдох албаны хүмүүсийг шалгаалаа.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцогоос энэ талаар тодруулахад “Манай аймаг мод тарих, ойжуулах чиглэлд өөрийн гэсэн “ноу-хау”-тай. Найман сая тарьц, суулгац нийлүүлэхэд асуудалгүй. Тужийн нарсыг нөхөн сэргээгээд, ургуулчихсан улс шүү дээ, бид чинь. Энгийн үед жилдээ 1200-1300 га газарт гурав орчим сая мод тарьчихдаг хүмүүст зовлон үгүй” хэмээв. “Тэр их хэмжээний тарьц, суулгацаа хаанаас бэлтгэж, бүрдүүлсэн бэ. Яг бэлэн үү” гэж асуухад “Тэрийг БОАЖГ-ынхнаас лавлаарай” гээд тодорхой мэдээлэл өгсөнгүй. Харин БОАЖГ-ын дарга З.Түвшинтөгс “Мод үржүүлдэг хэчнээн аж ахуйн нэгж, иргэн байгааг бүртгэх, нөөц тодорхойлох судалгааг өнгөрсөн оны сүүлчээс эхлүүлсэн. Сэлэнгэ аймгийн хэмжээнд ийм газар 65 байна. Үүний тэн хагас нь аж ахуйн нэгж, үлдсэн нь иргэдийнх. Эдгээрт яг одоо найман сая орчим бут, сөөг ургаж буй. Үр хаанаас бэлтгэвэл тохиромжтойг мөн судлаад, 16 га газраас 2000 кг-ыг түүлгэхээр төлөвлөсөн. Мод үржүүлгийн зориулалттай газрын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлийг сумуудад өгсөн. Шинээр 190 га талбайд ийм газар байгуулахаар төлөвлөлөө” гэсэн юм.
Найман сая тарьц, суулгац нийлүүлэхэд бэлэн гэж ойлгож болох уу хэмээн лавлахад “Тийм биш. Энэ бол хувь хүмүүс болон үржүүлгийн газруудад байгаа нөөц. 2022 онд нийт таван саяыг нийлүүлэх боломжтой. Үүний хоёр сая нь энэ хавар бэлэн болно. Ерөнхийдөө 2023 оноос дээрх хэмжээгээр нийлүүлэх юм” гэж хариуллаа. Эндээс бүх зүйл тодорхой болов. Өнөөх найман сая тарьц, суулгац чинь бэлэн биш болж таарлаа. Мод үржүүлгийн газар, иргэдэд байгаа нөөц аж. Дийлэнх нь өөр газарт шилжүүлэн суулгахад хараахан бэлэн болоогүй, нялх мод юм байна. Аймгийн удирдлагууд иргэд болон аж ахуйн нэгжүүдтэй албан ёсны гэрээ, хэлцэл ч хийгээгүй юм билээ. Тус аймагт мод үржүүлгийн газартай нэгэн иргэн “Хамтран ажиллах тухай яриа хөөрөө болоогүй байхад ингэж дур мэдэн шийдвэр гаргаж болдог хэрэг үү. Үүнээс өмнө чанарын үзүүлэлт, үнэ ханш гээд олон зүйлийг тохиролцож, тодорхой болгох ёстой. Төрийн хийж байгаа ажил гээд иргэдэд буй нөөцийг хямд үнээр хуу хамж болохгүй” гэсэн утга агуулга бүхий сэтггэгдлийг олон нийтийн сүлжээнд бичсэн байв. Бодит үнэн бол холбогдох байгууллагынхан судалгаа хийх нэрээр “айлын хашаа”-нд байгааг тоолж, бүртгэнгүүтээ “Бидэнд найман сая тарьц, суулгац бэлэн байна” гээд том дуугарчихаж. Түүнийг нь учир мэдэхгүй хүмүүс дээгүүр, доогуур баахан сэвж, Сэлэнгэ аймаг дангаараа улсын хэрэгцээг хангаж дөнгөх юм шиг ойлголт, мэдээлэл түгээжээ. Тарьц, суулгацын нөөцтэй холбоотойгоор тодорхой болоод байсан ганц тоо нь ч ийнхүү “замхрав”. Тэгэхээр тэрбум мод “таригчид” сэлэнгэчүүдийн сэтгэлийн хөөрлөөр амласан найман сая модонд найдаж суултгүй, ажлаа шалавлах хэрэгтэй боллоо.
Тарьц, суулгацын эрэлт нэмэгдэхийн хэрээр хууль бусаар мод бэлтгэх явдал гаарч болзошгүй. Ойн салбарт хяналтын тогтолцоо муу, зохион байгуулалт сул учир ийм эрсдэл маш өндөр. Ялангуяа Сэлэнгэ шиг ойн сангийнхаа хэмжээгээр тэргүүлдэг, иргэдийнх нь амьжиргаа энэ салбараас тодорхой хэмжээнд хараат байдаг, тэр хэрээр гэмт хэрэг, зөрчил олон гардаг аймгийн хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, тарьц, суулгац нийлүүлэгч болох амбиц эмх замбараагүй байдал үүсгэж, модны хулгайчдад сайхан далим олгож магадгүй юм. Ерөнхийлөгчийн санаачилсан хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн зарим сум ойгоос зулзаган мод их хэмжээгээр бэлтгэж байна гэсэн яриа өнгөрсөн намар, өвөл нэг бус удаа сонсогдсон. Тиймээс холбогдох байгууллагынхан ой бүхий газруудад, ялангуяа Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймагт тавих хараа хяналтаа урьд урьдынхаас илүү сайжруулах шаардлагатай болж байна.
Сэлэнгэ аймаг энэ асуудалд хэр зэрэг анхаарал хандуулж, сэргийлж байгааг БОАЖГ-ын дарга З.Түвшинтөгсөөс тодруулахад “Хулгайгаар мод бэлтгэх, ойн санд аюул хохирол учруулах эрсдэлийг бууруулахын тулд ой сийрэгжүүлэх арга хэмжээг тодорхой хугацаанд хязгаарласан. Сийрэгжүүлэх ажлын хүрээнд ойгоос авсан модоо өөр газарт шилжүүлэн суулгадаг журамтай. Энэ нь иргэдийн дунд янз бүрийн яриа үүсэх шалтгаан болдог. Зарим нь үүнийг далимдуулах нь ч бий. Тиймээс эл арга хэмжээг зогсоосон. Сийрэгжүүлэхийн оронд газар дээр нь цавчаад, үлдээчихье гэдэг шийдэлд хүрсэн. Түймрийн зурвас байгуулах, өндөр хүчдэлийн эрсдэлээс сэргийлэх зэрэг ажлын үед ч үүнийг мөрдөх болж байна” хэмээн ярьсан юм.