Хөгжлийн банканд Засгийн газраас 2016 онд хяналт, шалгалт хийж байв. Тухайн үед шалгалтын дүнг Засгийн газар хаалттай хэлэлцсэн бөгөөд дүгнэлт нь өдгөө нууцад буй. Эл дүгнэлтийг нууцаас гаргах хүсэлтийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхий сайдад тавьжээ. Тэрбээр тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд байсан бөгөөд тус шалгалтын ажлын хэсгийг ахалж байсан аж. Гишүүн Б.Энхбаяр фэйсбүүк хуудсандаа энэ тухайгаа мэдээлсэн бөгөөд Хөгжлийн банкийг байгуулснаас хойших хугацаанд татан төвлөрүүлсэн нийт санхүүжилтийн эх үүсвэр, төслүүдийн сонгон шалгаруулалт, зарцуулалт болон хэрэгжилтийг уг ажлын хэсгийнхэн шалгасан юм байна. Тэд дүгнэлтээ Засгийн газрын хуралдаанд танилцуулснаас гадна УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор ч хэлэлцүүлсэн аж. Гишүүн Б.Энхбаяраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн саналд дурдсанаар Хөгжлийн банк болон улсын санхүү, төсөв, зээлийн бодлогод эрсдэл учирч болзошгүй гэдэг үндэслэлээр ажлын хэсгийн дүгнэлтийг хаалттай хэлэлцэж, нууцад хамааруулсан аж.
Тэрбээр “Уг дүгнэлт нь одоо нууцад байх ач холбогдлоо алдсан буюу нууцлаад байх шаардлагагүй. Нөгөө талаар уг дүгнэлтэд хөндөгдсөн асуудлаар байр сууриа илэрхийлэхэд одоо ч хууль зүйн хариуцлага хүлээхээр байгаа тул эрх хязгаарлагдаж байна” гээд дээрх дүгнэлтийг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 19.1.2-т заасан үндэслэлээр ил болгохыг хүссэн юм. Уг заалтад “Нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас төрийн болон албаны нууцад хамааруулсан тодорхой мэдээллийг цаашид нууцлах шаардлагагүй болсон” гэх үндэслэлийг тусгажээ.