Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд Т.Саруул, С.Дондов, тус комиссын эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд Я.Цэлмэн, Б.Өнөрмаа, Ч.Отгончулуун нар нэр дэвшиж буй. “Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах” үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр томилгооны сонсгол зохион байгуулсан билээ.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч С.Дондов 1964 онд төрсөн. 1984-1989 онд Монгол Улсын их сургууль, Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 1989-1991 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч, 1991-1996 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн Дарга, 1996-2002 онд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч, 2002-2010 онд “Хүний эрх хөгжил төв” ТББ-д Хүний эрхийн хөтөлбөрийн зохицуулагч, 2010 оноос Нийслэлийн өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр ажиллаж буй юм байна.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Т.Саруул 1974 онд төрсөн. 1992-1996 он Улсын Багшийн Их Сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийн Гадаад хэлний сургуулийг Англи-Орос хэлний орчуулагч мэргэжлээр, 2001-2006 он МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр сурч төгссөн.
2010-2013 онд ХБНГУ, Оснабрюкийн их сургуульд Хууль зүйн магистр, 2010-2012 он ХБНГУ, Оснабрюкийн их сургуульд Улс төрийн магистрын зэрэг хамгаалсан.
1996-1998 онд МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуульд Англи хэлний багш, 2007-2010 онд “GCE” ХХК, “GT’s Адвокатс”-д Хуулийн зөвлөх, 2013 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд Судлаач, Шүүхийн ерөнхий зөвлөлд Гадаад харилцааны хэлтэст даргын үүрэг гүйцэтгэгчээр, 2013-2015 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд Бодлогын Судлаач, 2014 оноос “Түгээмэл эрх хөгжил” ТББ-ын Тэргүүн, 2019 оноос “Эко соёл сан” ТББ-ын Тэргүүнээр ажиллаж байгаа юм байна.
Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Ч.Отгончулуун 1978 онд төрсөн. 1997-2001 МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2002-2004 Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер, 2004-2006 Удирдлагын академид Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 2010 онд Удирдлагын академид докторантаар суралцсан. 2002-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны Улсын нөөцийн газарт мэргэжилтэн, Өр барагдуулах албаны дарга, 2004-2007 онд Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газарт мэргэжилтэн, Өр барагдуулах албаны дарга, 2009-2012 онд Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албанд ахлах референт, 2012 онд Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газарт хэлтсийн дарга, 2012-2016 онд Барилга, хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төвийн дэд захирал, 2017-2019 онд Онцгой байдлын ерөнхий гГазрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газарт хэлтсийн дарга, Өр барагдуулах албаны даргаар ажилласан байна.
Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Б.Өнөрмаа1974 онд төрсөн. 1994-1998 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд бакалавр, 2007-2010 онд ХБНГУ-ын Триерийн Их Сургуульд Хууль зүйн магистр, 2010-2014 онд ХБНГУ-ын Триерийн Их Сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
1998-1999 онд Баянзүрх дүүргийн Прокурорын газарт мэргэжилтэн операторч, 1999-2002 онд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтэст хяналтын прокурор, 2002-2007 онд Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтэст хяналтын прокурор, 2010-2010 онд Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтэст хяналтын прокурор, 2010-2011 онд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтэст Хяналтын прокурор, 2014 онд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтэст Хяналтын прокурор, 2014-2015 онд Улсын ерөнхий прокурорын Мэдээлэл дүн шинжилгээний албанд хяналтын прокурор, 2015-2017 онд Улсын ерөнхий прокурорын Сургалт, судалгааны төвд хяналтын прокурор, сургагч багш, 2017-2019 онд Улсын ерөнхий прокурорын Сургалт судалгааны төвийн Гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг судлах хүрээлэнд Хүрээлэнгийн захирал, ахлах прокурор, 2019 оноос хойш Улсын ерөнхий прокурорын Сургалтын төвд хяналтын прокуророор ажиллаж байгаа аж.
Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн 1981 онд төрсөн. Цагдаагийн академи, Хууль сахиулахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийг төгссөн. Эрхзүйч, хууль зүйн магистрын зэрэгтэй.
2008 онд Завхан аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагч, 2008-2012 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах 2 дугаар тасагт мөрдөн байцаагч, 2012-2020 онд Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимд багш, ахлах багш, Дэд профессороор ажиллаж байгаа юм байна.
Нэр дэвшигчдийн танилцуулгатай холбогдуулан Ажлын хэсгийн гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Ажлын хэсэг нууц санал хураалтаар нэр дэвшигчийг тодруулах бөгөөд Хууль зүйн байнгын хороонд танилцуулах юм.