Улсын хэмжээнд өчигдөр 3088 иргэн коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа. Гэхдээ энэ нь зөвхөн PCR шинжилгээний дүн гэдэг нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, түргэвчилсэн шинжилгээ өгч, хариу нь эерэг гарсан хүмүүсийн тоо үүнд багтаагүй. Тэгэхээр ЭМЯ-наас мэдээлсэн 3088 гэдэг тооны цаана дахиад хэдэн хүн өвчилсөн нь тодорхойгүй байгаа юм. Бодит нөхцөл байдлыг харвал коронавирусийн омикрон хэлбэрийн халдвар өргөн хүрээнд тархаж, цар тахлын дөрөв дэх давлагаа манай улсад хэдийн эхэлсэн. Уг давлагааны оргил үе нь энэ сарын сүүлчээр тохиох бөгөөд хоногт 50-60 мянган хүн өвчлөх эрсдэлтэй гэж ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан анхаарууллаа. Өмнө нь УОК-оос дөрөв дэх давлагааны оргил үед хоногт 20 мянган хүн халдвар авах эрсдэлтэй хэмээж байсан. Харин дараахан нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд “40- 45 мянган хүн өвчилнө” хэмээн нэмсэн. Тэгвэл энэ удаад ХӨСҮТ-ийн ерөнхий захирал 60 мянгад хүргэж өсгөөд байна.
Өдгөө хоногт шинээр илрүүлж буй нийт тохиолдлын 90 хувийг омикрон хэлбэр эзэлж байгаа аж. Улсын хэмжээнд одоогоор 8800 гаруй иргэн “Ковид-19”-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй юм байна. Тэдний 90 гаруй хувь нь уушгины хатгалгаатай болжээ. Омикрон хэлбэрийг дельтатай харьцуулахад хөнгөн шинж тэмдэгтэй ч архаг суурь өвчтэй хүмүүс, өндөр настнууд, хүүхдүүд халдварласан тохиолдолд биеийн байдал нь хүндрэх эрсдэлтэйг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.
Цар тахлын тархалт ихэссэнтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгүүдийг танхимаар хичээллүүлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах саналыг ХӨСҮТ-өөс Улсын онцгой комисст гаргасан байна. Мөн олон нийтийг хамруулсан арга хэмжээг цуцлахыг саналдаа тусгажээ. Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн аж. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “УОК-ын Эрдэмтдийн зөвлөлөөс энэ сарын сүүлч, ирэх сарын эхээр халдварын тархалт хамгийн өндөр түвшинд хүрэх тооцоолол гаргасан байна. Ийм учраас Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хичээл эхлүүлэхтэй холбоотой гурван төрлийн арга хэмжээг танилцууллаа. Ерөнхий сайдын зүгээс ЭМЯ, БШУЯ, УОК саналаа нэгтгэж, шийдэх долоо хоногийн хугацаатай үүрэг өглөө” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, сурагчдын амралтыг сунгах, эсэхийг долоо хоногийн дараа шийдэх нь. Төлөвлөгөө ёсоор бол амралт ирэх сарын 3-нд дуусах юм.
Ташрамд дурдахад, “Ковид-19”- ийн тархалт эрс ихэссэнтэй холбоотойгоор хөл хорио тогтоож магадгүй нь гэх мэдээлэл олон нийтийн дунд байна. Тэгвэл УОК болон Засгийн газраас ийм шийдвэр гаргаагүй бөгөөд хөл хорио тогтоох төлөвлөгөө огт байхгүй гэдгийг өчигдөр мэдэгдэв.
Бэлтгэсэн М.Оч