Энэ жил Монгол Улсад хоршооны салбар үүсэн хөгжсөний 100 жилийн ой тохиож буй. Ойг тохиолдуулан хоршоологчид, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, орлогыг нь нэмэгдүүлэх зорилгоор “Монголд үйлдвэрлэв 2021” үзэсгэлэн худалдааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо хамтран зохион байгууллаа.
Тус үзэсгэлэн худалдаанд нийт 140 орчим иргэн, аж ахуйн нэгж оролцон өөрсдийн бүтээсэн үндэсний бараа бүтээгдэхүүнээ иргэдэд сурталчлан таниулж, худалдан борлуулж байгаа юм. Мөн хамтын хөдөлмөрөөрөө нэгдсэн 30 орчим хоршоо оролцсон юм. Эдгээр иргэн, аж ахуйн нэгжүүд гурван өдрийн хугацаанд нийт 120 сая төгрөгийн борлуулалт хийжээ.