Их Британийн “News of the World” сонины ажилтнууд улстөрчид, урлаг, спортын алдартнуудын гэрийн болон гар утсыг нууцаар чагнаж, тэдний талаар мэдээлэл авдаг байсан тухай дуулиан дэгдээд багагүй хугацаа өнгөрлөө. Тус сонины ерөнхий редактораар 2003-2007 онд ажиллаж байсан Энди Коулсон, сурвалжлагч асан Клайв Гүүдман нарыг хувийн нууцад халдсан хэргээр баривчилсан тухай “The Daily Telegraph” мэдээлсэн билээ.
Энэ сарын 7-ноос албан ёсоор эхэлсэн мөрдөн шалгах ажиллагаанд Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон тэргүүтэй улстөрчид мэдүүлэг өгөх гэнэ. ӨАБНУ-д айлчилж байсан Ерөнхий сайд үүнтэй холбоотойгоор айлчлалаа төлөвлөсөн хугацаанаасаа өмнө дуусгаж, эх орондоо эргэн иржээ. Түүнчлэн Британийн Парламентын чуулганы завсарлагааныг түр хойшлуулсан аж.
НУУЦ ЗАДАЛСАН СЭТГҮҮЛЧИЙГ ХОРООЖЭЭ
“News of the World” сонины ажилтнууд хууль зөрчиж байгаа, энэ талаар удирдлагууд нь мэддэг ч буруушаадаггүй, харин дэмждэг байсан хэмээн АНУ-ын “The New York Times” сонинд мэдэгдэж дуулиан дэгдээсэн сэтгүүлч Шон Хорын цогцсыг олсон тухай “The Guardian” мэдээллээ. Их Британийн Уотфорд хотын цагдаа нар энэ талаар ямар нэгэн мэдэгдэл одоогоор хийгээ гүй байна. Ш о н Хорын хэлснээр тус сонины сэтгүүлчид алдартай хүмүүсийн гэрийн утсыг чагнаж байгааг ерөнхий редактор нь мэддэг байсан ч хориг тавиагүй аж.
Олон улсын хэмжээнд шуугиан тарьсан энэ нууцыг задалсных нь төлөө түүний амийг хөнөөсөн гэж ажиглагчид онцолж байна. Үүний зэрэгцээ хэвлэлийн магнат Руперт Мёрдокийн “News Corporation” компани тусгай комисс байгуулж, энэ хэргийн талаар шалгуулахаар шийджээ.
Хатан хааны гэр бүлийнхнээс эхлээд жүжигчид, нөлөө бүхий улстөрчдийн утсыг чагнаж байсан хэмээн буруутгагдаж буй “News of the World” сонин уншигчид болон дээрх хүмүүсээс уучлалт хүссэний дараа сонины эзэн Жеймс Мёрдок “News of the World”-ыг хаах шийдвэр гаргасан билээ.
Мөн СкотландЯрдын ажилтнууд тус сонины сэтгүүлчдээс мөнгө авч, мэдээлэл өгдөг байсан нь тогтоогдсон тул Их Британийн цагдаагийн байгууллагын тэргүүнийг ажлаас нь халсан байна. “News of the World” сониныг тойрсон дуулиан цаашид үргэлжилнэ хэмээн гадаадын хэвлэлүүд онцолжээ.
“Хэвлэл мэдээллийн ажилтнууд ажилдаа хариуцлагагүй хандаж, хууль зөрчиж байсанд хууль, хяналтын байгууллагын буруу ч бас бий” хэмээн Ерөнхий сайд Дэвид Кэмерон хэлсэн байна.
Х.Од