ОХУ-ын Татарстанд живсэн “Булгария” онгоцны сэгийг гаргахын тулд Дубна болон Волгоград хотоос тусгай өргөгч машин авчирсан тухай “РИА Новости” мэдээлэв. Онгоцны сэгийг гаргах ажиллагаанд 72 хүн оролцож байгаа аж. Энэ сарын 11-нд Казань хотоос хөдөлсөн уг онгоцонд нийт 208 хүн байсан бөгөөд тэдний 148 нь жуулчин байжээ. Оросын Самара, Уфа хот болон Чуваш, Удмуртын бүгд найрамдах улсаас ирсэн аврагчид ослын газарт ажиллаж 79 хүнийг аварсан байна. Тус улсын Онцгой байдлын сайд Сергей Шойгу “Долдугаар сарын 17-ны байдлаар Ижил мөрнөөс 58 хүний цогцсыг гаргасан. Нийт 70 гаруй хүн сураггүй болсон. Амь үрэгдсэн, сураггүй болсон хүмүүсийн дотор хүүхэд, эмэгтэй олон байгаа” хэмээн мэдэгджээ. Казань хотод айлчилсан Ерөнхий сайд В.Путин “Энэ олон хүн тэр дундаа хүүхдүүд амь үрэгдсэн нь холбогдох албаныхны ажилдаа хариуцлагагүй хандаж, техникийн аюулгүй байдлыг бүдүүлгээр зөрчиж буйн илрэл” гэв. Дашрамд хэлэхэд, хөлөг онгоцыг түрээслүүлдэг “Аргоречтур” компанийн ерөнхий захирал Светлана Инякина болон бусад хүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Аюулгүй байдлын дүрэм зөрчиж, чанарын шаардлага хангахгүй үйлчилгээ үзүүлсэн хэмээн буруутгагдаж буй тэдэнд 10 хүртэл жилийн ял оноож магадгүй байна.