Хүмүүс яадгийг мэдэхгүй. Би л лав нар руу харахгүй л бол найтааж чаддагүй зуршилтай. Нью-Йорк хотын гудамжинд явж байтал гэнэт хамар эрвэгнэж, найтаах гээд нар харах санаатай дээшээ хартал нар битгий хэл гялтайх туяа ч олж харж чадсангүй. Уг нь Нью-Йорк хотод ирээд үзүүрлэсэн харандаа шиг тэнгэр баганадсан өндөр шовх байшин барилгуудыг нь хараад дуу алдаж, гайхаагүй ч найтааж чадалгүй үлдсэн тэр мөчид үнэхээр нар халхалсан өндөр барилгаар дүүрэн юм гэдгийг мэдэрлээ. Монголчууд дэлхийн өнцөг булан бүрт хүрч, мөнгөтэй зарим нь тив алгасан шоппинг хийдэг болсон энэ үед анх удаа Америк тивийг үзэж, Нью-Йорк хотод ирсэн би юуг нь сонин болгохоо нэлээд л бодлоо.
Юутай ч АНУ-ын анхны нийслэл бөгөөд одоогийн дэлхийн хамгийн алдартай энэ хотын зохион байгуулалт үнэхээр эмх замбараатай, үлгэр жишээ авахуйц аж. Дээрээс нь харахад дөрвөлжин дэвтрийн шугам мэт цэгцтэй харагдах энэ хотод хэлгүй байсан ч төөрөхөөргүй юм билээ. Аль 1700 оны сүүлчээр байгуулагдсан гэхэд хотын ерөнхий дизайн, байшин барилга яг л орчин үеийн хэв маягтай, анхнаас нь XXI зууныг харж байгуулсан гэмээр гайхалтай. Харин манай Улаанбаатартай нэг адилхан юм нь шар такси. Нью-Йоркийнхон ч гэсэн тэрийгээ золбин шар гэж нэрлэдэг юм билээ. Нийт есөн сая хүн амаас гадна өдөрт хоёр сая хүн орж гардаг Нью-Йорк хотын дөрвөн хүнд нэг такси оногддог.
Такси нь 2.5 ам.доллараас эхлээд км тутамд нэмэгдээд явдаг тул бидэн шиг аяны хүмүүс таксигаар явна гэвэл халаасан дахь мөнгөө дуусгах юм билээ. Яагаад гэвэл замууд нь дан нэг урсгалтай болохоор нөгөө урсгал руу явахын тулд тойрох хэрэг гарна. Нью-Йоркоос өөр Америкийн аль ч хотод байдаггүй нэг зүйл нь гудамжны хоол. Үүгээрээ ч алдартай. Хотын гудамжинд хэсэг яваад л хоол зардаг жижиг машинтай тааралдана. Хоолны зориулалттай уг машиныг хүмүүс жилийн 7000 ам.доллар төлөөд түрээсэлдэг юм байна. Нэг онцлог нь Нью-Йорк хотод хоол хүнсний үйл ажиллагаа явуулдаг бүх газрыг ердөө хоёр том үйлдвэр түүхий эдээр хангадаг юм гэсэн. Өөрөөр хэлбэл, гудамжинд ч, ресторанд ч хоолондоо ашиглаж байгаа махыг нэг л үйлдвэрээс авдаг тул эрүүл ахуй, чанарт нь найдаж болно.
Манайхан шиг хаанаас, юуны, ямар мах ямар нөхцөлд бэлтгэж хийсэн юм бол гэж сэжиглэх хэрэггүй бөгөөд хоолноос хордоно гэж айх аюулгүй ажээ. Тэгээд ч энд ажлын цаг 08.00-д эхэлдэг, хүн бүр цаг нартай уралддаг учраас ресторанд ороод тухлан сууж хооллох завтай хүн бараг үгүй. Тиймээс өглөө нь Sturbucksийн том том аягатай кофе, өдөр нь гудамжны шорлог, сэндвич идэнгээ ажлаа амжуулаад л явж байгаа харагдана. Харин баасан гарит бол баар цэнгээний газрууд нь пиг. Манайхтай адил хоёр өдөр амардаг тул стрессээ тайлах гэж хүн болгон гоёлын хувцсаа өмсөөд шоудахаар гарна. Бид яг баасан гаригт Нью-Йоркт байж таарсан бөгөөд баасан гаригийг бэлэглэсэн бурхандаа баярлалаа гэсэн нэртэй баар хүртэл байдаг юм билээ. Нью-Йорк хотод ирчихээд Бродвэйн гудамжийг үзэхгүй бол насаараа харамсаад ч барахгүй гэж бодоод нойртойгоо тэмцэн байж найзыгаа дагаад тийш алхлаа.
Энэ алдартай гудамжны захыг нь хараад л нойр сэргэж орхисон. Бродвэй бол дэлхийн хамгийн алдартай 40 театрын нэг бөгөөд энд үе үеийн алдартай мюзиклүүдийг тавьж байжээ. Үүний хажуугаар дэлхийн бүхий л алдартай кинокомпаниудын театр энд байрладаг. Гудамжны өнцөг булан, байшин бүрийн хананд байх рекламны самбар, том дэлгэцүүд тэр хавийг өдөр мэт гэрэлтүүлнэ. Замын голоор үлгэрийн мэт сүйх тэргээр жуулчдыг аялуулж, хүүхэлдэйн болон уран сайхны киноны баатрууд хүмүүстэй зургаа татуулна. Таван тивийн хүмүүсийн мөрөөдөл болсон энэ гудамж үнэхээр хөл хөдөлгөөн ихтэй ажээ. Харин нэг зүйл их л эвгүй санагдсан. Монголчууд хэн нэгний хөл рүү нь өшиглөчихвөл гар барьдаг заншил ч гэмээр юмуу, сонин зуршилтай. Бид өөрсдөө л анзаардаггүй болохоос таних танихгүй хүний гараас бариад сурчихсан байдаг аж.
Харин Америкт хэн нэгний гараас бариад авбал тэр бараг л цагдаа дуудах байх. Санамсаргүй хүнтэй шүргэлцэхэд л өт шиг арваганаад, их сүртэй юм билээ. Ялангуяа харууд их ааш муутай, сонин хүмүүс аж. Ажиглаад байхад зарим нь хийж буй ажилдаа гутарч, залхдаг ч юм уу, нэг л уруу дорой. За энэ ч хэнд хамаатай. АНУ-ын түргэн хоолны МакДоналдс сүлжээ дэлхийд алдартай. Дэлхийн 119 оронд 31 мянган салбартай уг сүлжээ ресторануудаар өдөрт 50 гаруй сая хүн үйлчлүүлдэг гэж байгаа. Харин энэ алдартай сүлжээ рестораны анхны салбар буюу “McDonalds ¹ 1” нь Бродвэйн гудамжинд бай даг юм билээ. Энэ хотынхны түүх хэвээр нь авч үлдсэн бас нэгэн газар бол “Grand central station” буюу метроны төв буудал. Энэ бол Америкийн бүх мужийн метроны эцсийн зогсоол. Тэгсэн мөртлөө Нью-Йоркийн метро хамгийн бохир, бөгөөд хоцрогдмол нь гэнэ. Яагаад гэвэл тэр хотынхон метроны буудлаа засаж, техникийн шинэчлэлт хийдэггүй юм байна.
Нью-Йорк хотод 1890 онд метро ашиглалтад орсон нь дэлхийн хамгийн анхных болон түүхэнд тэмдэглэгджээ. Тиймээс тэд энэ түүхээ авч үлдэхийн тулд засвар ч хийлгүй тэр чигээр нь байлгадаг аж. Нью-Йорк хот юм юмаараа мундаг хот ажээ. Дэлхийн худалдаа, санхүү, мэдээлэл, урлаг соёл, загвар, судалгаа шинжилгээ, технологи, боловсрол, зугаа цэнгэл гээд бүхий л салбарын төвүүд нь энэ хотод байдаг. Дэлхийн бүх мөнгөн тэмдэгтийн тал хувь нь зөвхөн энэ хотод эргэлддэг гээд бодохоор ямар том зах зээлтэйг нь нуршаад байх хэрэггүй биз. Харин Нью-Йорк хотынхны төдийгүй дэлхий дахины түүхэнд хар толбо үлдээсэн өдөр бол 2001 оны есдүгээр сарын 11-н. Дэлхийн хамгийн өндөр ихэр цамхаг хэрхэн нурж, хэдэн зуун мянган хүн амиа алдан, ямар аймшигтай үйл явдал өрнөж байсныг зурагтаар үзэж байснаа санаж байна. Тэгвэл ихэр цамхагуудын нуранги, хог хаягдлыг дөнгөж өнгөрсөн жилд л бүрэн цэвэрлэж дуусчээ.
Одоо цамхагуудын байсан газарт 100 гаруй давхар дөрвөн байшин барьж байгаа юм байна. Түүнчлэн цамхагуудын газар доош орсон суурийг нь ашиглан бяцхан хүрхрээ бүхий усан сан байгуулж, эргэн тойронд нь 3000 ширхэг царс мод тарихаар төлөвлөжээ. Яг энэ байшингуудын хажууханд нэгэн шинэ музей нээж байгаатай бид үзэж танилцсан юм. Террорист халдлагын үеэр амиа алдсан олон зуун мянган иргэний дурсгалд зориулсан энэ музейд ихэр цамхгийн барилгаас үлдсэн төмрийн хэлтэрхийнээс эхлээд ор сураггүй алга болсон хүмүүс болон сүйрлийн дараах бодит байдлыг харуулсан гэрэл зураг, ар гэрийнхнийх нь захидал з э р г и й г д э л г э н т а в ь ж э э . Музейг эл явдлын 10 жилийн ойгоор буюу ирэх есдүгээр сарын 11-нд нээх гэнэ. Уг музейг үзэж сонирхсон гадна, дотнын хүмүүсийн сэтгэгдэл болон тухайн үйл явдлын гэрч болсон хүмүүсийн дурсамжийг нийлүүлэн ном гаргах юм байна.
Манай Ерөнхийлөгч болон сэтгүүлчид бид мөн дурсгалын үгээ бичиж үлдээсэн. Түүнчлэн амь үрэгдэгсдийн ар гэрийнхний зарим нь Иракт цэцэрлэг, сургууль байгуулан хүүхдүүдэд багаас нь террорист үйл ажиллагааны муу үр дагаврыг ойлгуулж, дэлхийн энх тайван сайн сайхныг ухамсарлуулахад үйл хэргээ зориулж байгааг сонсоод тэр хүмүүсээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байв. Ийм явдал дахин бүү гараасай гэсэндээ тэд хүүхэд байхаас нь сайн сайхныг зааж сургах хэрэгтэй хэмээн бодсон нь ямар гайхалтай вэ. Юм юмаараа мундаг гэснээс Нью-Йоркийнхон бусад хотынхноо бодвол арай туранхай, галбирлаг, бас ганган юм билээ. Ерөөсөө хамгийн загварлаг хүмүүстэй хот нь гэж яригддаг гэсэн. Энэ нь зогсоо зайгүй явж, гүйж байдаг амьдралын хэв маягтай нь холбоотой биз. Биднийг очих үеэр Нью-Йоркийн томоохон дэлгүүрүүд хямдрал зарласан байсан юм.
Эдийн засгийн байдал нь сайнгүй байгаа болоод ч юм уу, ер нь тийм байдаг юм уу хүмүүс нь том том чемодан чирээд зад шоппингдож байх юм. Харин хүүхдүүд нь их дураараа бололтой, энийг авна гээд л орилчих юм аа. Ээж, аав нь ч загнаж, зандралгүй үгэнд нь ороод аваад өгчих юм. Гэхдээ хачирхалтай нь АНУын гурван хотоор явахдаа би нэг ч жирэмсэн хүнтэй тааралдсангүй. Бас хар арьстайг эс тооцвол хүүхэд ч нэг их олныг олж харсангүй. Тэнд сурдаг нэг найз маань ярьж байсан. Америкчууд нэг хүүхэдтэй болохын тулд зөвхөн эмнэлэгт очиж төрүүлэхэд л 20 орчим мянган доллар зарцуулдаг гэсэн. Тийм болохоор манай оюутнууд энэ мөнгийг төлж дийлэхгүй тул зарим нь ганц бие энэ тэр гэж худал ярьж байж арай хямд зардлаар төрдөг гэсэн.
Амьдралын өртгөөсөө болоод ч юм уу ямар ч байсан жирэмсэн хүн манайхтай адил арав алхаад таараад байдаггүй л юм билээ. Гэхдээ энэ улсын бүх иргэн нэг л зүйлээрээ бахархаж, онгирдог. Энэ бол эрх чөлөө. Тиймээс Нью-Йорк хотыг Эрх чөлөөний хөшөөгүйгээр төсөөлөх аргагүй. Энэ хөшөөг АНУ-ын тусгаар тогтнолын 100 жилийн ойд зориулан Францын ард түмнээс бэлэглэж байж. Хөшөөний анхны эх загварыг 1835 оны үед бүтээсэн ч яг одоо тавигдсан хөшөөний барилгын ажлын патентыг 1879 онд Францын барималч Бартолди авсан гэнэ. Ингээд 1885 онд хөшөөг 350 хэсэгт хувааж, 214 ширхэг хайрцагт хийн Францаас Нью-Йорк хотын боомтод авчирч, жил гаруйн хугацаанд угсарсан түүхтэй аж. Хөшөөний зэс баримлын хэсэг нь 46 м, суурь барилга нь 93 метр бөгөөд 86 км/цаг хурдтай салхилахад хөшөө нь 7.6 см, бамбар нь 12 см ганхахаар бодож суурилуулсан нь гайхалтай.
Өдгөө дэлхийн гайхамшгийн эхний 20-д багтдаг Эрх чөлөөний хөшөөний бамбар бага зэрэг гэмтэж, унах аюулд орсон байсныг 1986 онд сольж, хуучин бамбарыг музейд нь хадгалсан юм билээ. Харамсалтай нь есдүгээр сарын 11-ний хар өдрөөс хойш хөшөөний дотор үзүүлэнгүүд болон титмийг олон нийтэд үзүүлэлгүй, хаалттай байлгахаар болсон гэсэн. Энэ мэт олон түүх, санхүү, урлаг соёл, техник технологийн төв хэмээн хүлээн зөвшөөрөгддөгийн хувьд НьюЙорк аргагүй л дэлхийн нийслэл хот ажээ.