Үндэсний урлагийн их театрын сор, залуу уран бүтээлч, хуучирч Э.Цэндсүрэнг энэ удаагийн “Танилц” буландаа онцолж байна.
Хуучир хөгжимтэй учирсан цагаасаа өнөөдрийг хүртэлх 15 жилийн хугацаанд түүнд чөлөөт цаг тун ховор байжээ. Хөгжим бүжгийн коллежид сурч ахуйдаа өглөө мэргэжлийн хичээл, үдээс хойш ерөнхий эрдэм, дараа нь даалгавраа хийнэ гээд хором ч завгүй. Үлдсэн хэдхэн цагтаа мэргэжлээ давтаад нар жаргааж байж л гэртээ харьдаг, зав л гарвал хуучраа бариад л тоглож суудаг хөдөлмөрч бяцхан охин байжээ.
Одоо ч хэвээрээ Үндэсний урлагийн театртаа мэргэжлийн ажлаа хийхээсээ гадна хувийн уран бүтээл, бэлтгэл сургуулилт гээд өөрийгөө тасралтгүй хөгжүүлсээр л байна. Аргагүй биз ээ. Мэргэжлийн хөгжимчин болно гэдэг маш урт хугацааны нөр их хөдөлмөр хойно доо.
Тэрбээр хуучир хөгжим сурч байсан түүхээсээ хуваалцахдаа, “Би багшийнхаа тухай ярих их дуртай. П.Мөнгөнцэцэг багш байгаагүй бол өнөөдрийн би байхгүй. Энэ хүнтэй би учраагүй бол ямар амьдралаар амьдрах байснаа төсөөлөхөд бэрх. Хуучирт ятга, ёочин шиг бэлэн өнгө байхгүй. Зүгээр л дуугаргаж сурахын тулд нэлээн хяхтнуулна. Анх хуучир тоглож сурах хэцүү, шантармаар санагддаг байлаа. Гайхалтай нь энэ хөгжим намайг өдөр ирэх тусам өөртөө дурлуулж орхисон. Багш маань өнөөдрийг хүртэл миний дэргэд байж, үргэлж тусалж дэмжсээр ирсний үр дүн биз ээ” хэмээн дурссан юм.
Саяхан залуу уран бүтээлч маань “Дотоод хөрөг” хэмээх анхныхаа цомгийг өлгийдөн авсан. Энэхүү цомогт хуучирт зориулсан бүтээлээс гадна хийлээс хуучирт хөрвүүлсэн Монгол, Америк, Хятадын уран бүтээлчдийн 8 уран бүтээл багтсан байна.
Мөн Монгол Улсын Хѳдѳлмѳрийн баатар, Чингис хаан одонт, Тѳрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хѳгжмийн зохиолч Б.Шаравын үндэсний их найрал хѳгжимд зориулан туурвисан “Сэрсэн тал” шилдэг бүтээл 37 дахь жилдээ дахин эгшиглэсэн. Москва, Парис, Лондон, Нью-Йорк, Токиогийн тайзнаас дэлхийн мянга мянган үзэгчдэд хүрсэн тус бүтээлийг Үндэсний уралгийн их тeатрын Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал энэ сарын 25-ны ѳдѳр үзэгч түмэндээ толилуулсан юм.
Энэхүү тоглолт нь Үндэсний урлагийн их театрын брэнд тоглолт бөгөөд гол онцлог нь Б.Шарав гуайн сор бүтээлийг өнөө цагт амжилттай яваа дуучидтай хамтран хийдэг нэр хүндтэй тоглолт юм. Тоглолтод дуучдын дуу, романсаас гадна, хөгжмийн гоцлол болон дан хөгжмийн бүтээл эгшиглэжээ. Эл тоглолтод авьяаслаг хөгжимчин Э.Цэндсүрэн маань гоцолжээ.
Энэхүү нэр хүндтэй тоглолтын чухал хэсэг болсон тэрбээр “Миний хувьд энэ тоглолтод оролцох нь маш нэр төрийн хэрэг байлаа. 2014 онд Үндэсний урлагийн их театрт дөнгөж орж байхдаа оркестрт гоцлох юм сан гэж мөрөөдөж байсан нь өнөөдөр биеллээ оллоо. Тэр мөрөөдлөө би Б.Шарав багшийн хуучир симфони найрал хөгжимд зориулсан гурван анги бүтээлийг бүтэн тоглож, өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэв. Цаашид Монголын хуучир хөгжмийг дэлхийд таниулахад өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Facebook: https://www.facebook.com/tsendsuren.performs/photos
Youtubechannel: https://www.youtube.com/embed/fcnoD6fFglg