Алдарт зураач Леонардо да Винчийн “Дэлхийг аврагч” зургийг олсон тухай “ART news” сэтгүүлийн цахим хуудсанд мэдээлжээ. Үрэгдэж, алга болсонд тооцогдож байсан энэ зургийг 2000 онд нэгэн дуудлага худалдаагаар Роберт Саймон гэгч авсан аж. Уран зураг, эртний эдлэлийн наймаа эрхэлдэг тэрбээр энэ бүтээл Леонардо да Винчийнх мөн гэдгийг тогтоохын тулд мэргэжилтнүүдэд хандсан байна.
Нью-Йоркийн Метрополитан музейн ажилтан, уран зургийн мэргэжилтнүүд энэ бүтээл “Дэлхийг аврагч” мөн болохыг гэрчилжээ. “Леонардо да Винчийн зургийг олон дахин сэргээн засварласан тул мөн эсэхийг нь тогтооход хүндрэлтэй байсан. Гэхдээ энэ алдартай бүтээлийг нуух зорилгоор зориуд хуулбар зураг мэт харагдуулахыг хичээн сэргээн засварласан байж болох юм” хэмээн Роберт Саймон хэлсэн байна. Тэрбээр “Дэлхийг аврагч”-ийг 200 сая ам.доллараар зарна гэжээ.
Дашрамд сонирхуулахад, ирэх арваннэгдүгээр сарын 9-нд Лондоны Үндэсний галерейд болох үзэсгэлэнгийн үеэр “Дэлхийг аврагч”-ийг олонд танилцуулах гэнэ.