Ирээдүйд Ерөнхийлөгч болох хүүг гэр орныхон нь Михо гэж дууддаг байв. Хүү бүр жижигхэн байхаасаа л ээждээ их ойр байлаа. Гиули Аласания эхний нөхрөөсөө салаад хэсэг хугацааны дараа профессор Зураб Кометианитай суусан ч Гүржийн ирээдүйн Ерөнхийлөгч хүү хойт эцэгтээ аятайхан хандсангүй. Хашаанд бөмбөг хөөх хүүхдүүд хүүгийнх нь сэтгэлийг татахгүй болохоор найз хүүхнүүдийнхээ хүүхд үүдтэй ойртуулах гэж олон удаа бүтэлгүй оролдсон ээж нь түүний хичээл зүтгэлийг гадаад хэл сурах үйлсэд чиглүүлэв. Үүний ачаар Саакашвили англи, франц, испани хэлийг муугүй эзэмшсэн байна. ..1984 онд Саакашвили Киевийн Олон улсыйн харилцааны дээд сургуулийн Олон улсын эрх зүйн ангид элсэв.
Гүржийн ГЯЯ-нд ажиллаж байсан нагац ах Тимур Аласания нь үүнд тусалсан аж. Саакашвили сурч байгаад цэрэгт татагдсанаас энэ сургуулийг найман жилийн дараа 1992 онд төгсөв. Сургуулиа төгсөөд Тбилисид эргэн ирж Ерөнхийлөгч Гамсахурдиагийн байгуулсан Гүржийн хүний эрхийг хамгаалах хороонд хуулийн зөвлөхөөр ажиллах болов. Тэгтэл 1992 онд тус улсад улс төрийн амьдрал буцлаад явчихлаа. Цэргийнхэн төрийн эргэлт хийж Гамсахурдиаг “унагав”. Жагсаал цуглаан болсоор. Саакашвили ч энэ үйл явдалд оролцохыг хичээв. Гудамжны уран илтгэгч болох гэж нэлээд хэдэн удаа оролдоод бүтэлтэй юм болсонгүй. Дахиад л нагац ах нь үнэтэй зөвлөгөө өгч туслав. Түүний санаачилгаар Михаил Страсбургийн Хүний эрхийн олон улсын дээд сургуульд орох эрхийн төлөө шалгалт өгч тэнцээд Францыг зорив. Тэгээд цаашдаа өрнөдийн нэг дээд сургуулиас нөгөө рүү шилжин, гадаад хэлний мэдлэг олж, диплом өвөртөлж, хүмүүстэй танилцаж явах болов.
1993 онд Саакашвили Колумбийн их сургуульд АНУ-ын Конгрессийн тэтгэлгээр сурч, жилийн дараа магистр болж, 1995 онд Жорж Вашингтоны их сургуульд докторын зэрэг хамгааллаа. Эндээс Европт буцаж ирээд Флоренцийн Европын эрх зүйн академи, Гаага дахь Олон улсын эрх зүйн академид үргэлжлүүлэн суралцав. С а а к а ш в и л и ирээдүйн эхнэртэйгээ энд танилцав. Сандра Рулоф нь Брюссельд орчуулагчийн мэргэжил эзэмшсэн эмэгтэй байлаа. Тэд Страсбургэд их сургуулийн цайны газар танилцсан байна. Сандра Улаан загалмайн байгууллагад ажиллаж байхдаа Гүржид хүмүүнлэгийн хэргээр ирсэн бөгөөд 20 кг зүлэгний үр авчирсан аж. Энэ удаа ч мөн л хүмүүнлэгийн ажлаар Сомали улсыг зорих ёстой байсан ч зөн совингоороо ч гэх юм уу татгалзаж сэтгэлтэй залуутайгаа эхлээд Ослод очив.
Саакашвили энд Норвегийн Хүний эрхийн хүрээлэнд ажилд орж, дараа нь Нью-Йорк явж гэрлэлтээ бүртгүүлэв. Тэгээд Саакашвили Америкийн Patterson, Belknap, Well end Tyler гэдэг хууль эрх зүйн фирмд ажиллах болов. Уг фирм Сьерра-Леоне, Узбекистан маягийн эрсдэлтэй орнуудад Америкийн нэр хүндтэй компаниудын явуулдаг үйл ажиллагаанд эрх зүйн дэмжлэг үзүүлэх ажил эрхэлдэг байв. Хос залуус хэсэг “тэнэж” яваад 1990-ээд оны дундуур Гүржид эргэн ирсэн үеэс Михаил Саакашвилигийн улс төрийн ажил үйлс эхэлжээ. Тухайн үед “Гүржийн иргэдийн холбоо” намын дарга байсан эртний анд Зураб Жвания нь түүнийг Эдуард Шевардназетэй танилцуулав. Тэгэхдээ энэ ирээдүйтэй залуу хуульчийг багтаа авахыг Шевардназед ятгасан байна.
1995 оны арванхоёрдугаар сард Гүржид Парламентын сонгууль болж Гүржийн иргэдийн холбоо намаас нэрээ дэвш үүлсэн Саакашвили депутат болсон төдийгүй Үндсэн хууль, эрх зүйн асуудал эрхэлсэн хороог толгойлох болов. Саакашвили шүүхийн тогтолцоонд эрс өөрчлөлт хийх ажлыг хүүхэд байхаа саа мэдэх, тус хорооны ерөнхий шинжээч Нино Буржаназегийн тусламжтайгаар эхлүүлэв. Саакашвили 1998 онд Гүржийн иргэдийн холбоо намыг тэргүүлэх болж, 2000 оны нэгдүгээр сараас Европын зөвлөлийн Парламентын Ассамблейд Гүрж улсаа төлөөлөх болов. Тэгтэл Шевардназе түүнд Хууль зүйн сайдын суудлыг итгэн өгөв. Гэвч ийм шийдвэр гаргасандаа тун удалгүй харамссан байна. Учир нь нөгөө итгэл хүлэлгэсэн хүн нь Ерөнхийлөгчийнхөө багийг шүүмжлэхээс ер зовсонгүй.
Энэ албан тушаалд ажиллаж байхад нь Саакашвилигийн илчлэгчийн авьяас нь гойд илрэв. Үүнийг нь нотлохын тулд Багдад л найр тавин угтдаг хүнийг улс орон руугаа оруулж болохгүй гэж мэдэгдээд Владимир Жириновскийг Гүржид ирүүлэхийг эсэргүүцсэнийг нь дурдахад л хангалттай. Сайд Саакашвилигийн гаргасан өөр ч олон санаачилга бий. Тухайлбал, хамтран ажиллагсад нь амьдралын эрүүл саруул хэвшилтэй эсэхийг нь мэдэх гэж дээд тушаалын түшмэдийг мансууруулах бодис хэрэглэдэг үгүйг нь лабораторийн аргаар шинжлүүлж, өөрөө олны нүдэн дээр цусаа авахуулж байлаа. Ингээд зогсохгүй тэднийхээ хөрөнгө чинээг сонирхож хүртэл байжээ.
Тэрбээр Засгийн газрын ээлжит нэгэн хуралдаанд хууль бусаар хуримтлуулсан хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг танилцуулахдаа төрийн томоохон түшмэдийн амьдардаг тансаг харшуудын гэрэл зургийг харуулсан байна. Үүнд нь дургүйцэж бухимдсан сайд нар түүнээс нүүр буруулахад нь Саакашвили 2001 оны есдүгээр сард суудлаа орхиж, өрөөнийхөө хаалгыг савж одов. Гэвч сарын дараа мажоритари тогтолцоогоор депутат болоод Парламентад сууж, нэг жилийн дараа “Гүржийн үндэсний хөдөлгөөн” гэдэг нам байгуулж, улмаар Тбилисийн хууль тогтоох хурлын дарга боллоо. Тэгээд Тбилисийн оршин суугчдын төлөө чамлахааргүй юм хийв. Хөгшчүүдийн хариугүй бага тэтгэврийг ядаж 20 хувиар нэмэв.
Багш нар цахилгаан, хийн үнэ төлөхдөө хөнгөлөлт эдэлж, нэгдүгээр ангийн хүүхдүүдэд сурах бичиг, цүнх бас хөнгөлөлттэй үнээр өгөв. 2003 оны Парламентын сонгуульд оролцохдоо Гүржийн үндэсний хөдөлгөөн намаа олон түмний дэмжлэг хүлээнэ гэдэгт эргэлзэхгүй байлаа. Гэвч түүний бодсоноор болсонгүй. Албан ёсны дүнгээр Шевардназе холбоотнуудтайгаа ялалт байгуулав. Саакашвили үүнтэй санал нийлэхгүйгээ тэр даруй мэдэгдэж, сонгууль дахин явуулахыг шаардаж жагсаал тэмцэл хийлээ. Эрх баригчидтайгаа гурван долоо хоног тэрсэлдсэний эцэст 2003 оны арваннэгдүгээр сарын 22-нд сөрөг хүчнийг уриалан Парламентын байрыг эзэлж авлаа. Маргааш нь Шевардназе огцров.
2004 оны нэгдүгээр сарын 4-нд Саакашвили Ерөнхийлөгчийн сонгуульд яллаа. Ерөнхийлөгч болсон хойноо Саакашвилигийн явуулсан үйл ажиллагааг хүмүүс олон янзаар үнэлж байв. Нэг талаас тэрбээр ДЯЯ-нд бугшсан авилгатай хийсэн тэмцэлдээ амжилт олж, олон улсын өрсөлдөөний талбар болохуйц биржийн болон санхүүгийн зах зээл бий болгож, гаднын хөрөнгийг татаж, дэд бүтцээ сайжруулж байлаа. Түүний хийсэн өөрчлөлтийн дүнд Гүрж улс авилгын эсрэг тэмцэх, гаднын хөрөнгө оруулалтыг татах, өөрчлөлтийг хурдацтай хийх, ажил хэрэгч уур амьсгалыг бий болгох, хууль эрх зүйн салбарт дорвитой өөрчлөлт хийх, эдийн засгийг либералчлах зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаагаар тэргүүлж эхлэв.
Нөгөө талаар түүнийг эсэргүүцэгчид болохоор эдгээр үзүүлэлт нь Гүржийн иргэдийн амьдралын бодит түвшинд нөлөөлөхгүй байна гэж үзэж байв. Үнэндээ ч юу ч бүтээхгүй байж Өрнөдийн тусламжийн хүчээр бий болсон Гүржийн “эдийн засгийн гайхамшиг” гэгч нь ердөө л “хөөс” байлаа. 2007 оны арваннэгдүгээр сард Тбилисид сөрөг хүчин өргөн олон түмнийг хамарсан эсэргүүцлийн тэмцэл зохион байгуулж Ерөнхийлөгчөө огцрохыг шаардлаа. Чухам сөрөг хүчний жагсаал цуглааны “буянаар” эрх мэдэлтэй болсон Саакашвили тэмцэгчдийг хүчээр хөөн тараав. Гэвч арваннэгдүгээр сарын 25-нд тэрбээр огцорлоо. Тэгэхдээ 2008 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулахаар зарлав.
Энэ сонгуульд ч Саакашвили олонхийн дэмжлэг хүлээлээ. Тэгээд Абхаз, Умард Осетийг Гүржид нэгтгэх гэж идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлэв. Тэр нь явсаар 2008 оны наймдугаар сарын зэвсэгт мөргөлдөөнд хүргэсэн билээ. *** Михаил Саакашвили 1967 оны арванхоёрдугаар сарын 21-нд Тбилисид төржээ. Ээж нь профессор, Дундад зууны Гүржийн түүхээр мэргэжсэн хүн. Тэрбээр хүүгээ төрүүлэхэд нөхөргүй байв. Тбилисийн нэртэй эмч Николоз Саакашвили хүүгээ төрөхөөс өмнө ээжээс нь салсан байлаа. Михаил том болсон хойноо эцгээрээ овоглоогүй нь эцгийнхээ энэ үйлдлийн хариу гэлтэй.
Р.ЖАРГАЛАНТ